ОЛОН ӨНГӨ: Би чамд хайртай...

Ч.Үл-Олдох | Zindaa.mn
2023 оны 02 сарын 16

“Гэгээн валентины өдөр” өчигдөр тохиож хамаг бүгдээр “Би чамд хайртай” гэж хашгирав. Ажил, гэр, сургуулийн орчин, сошиалд  энэ л үгээр давлагаалав. Чамд хайртай,  алаг үрсдээ хайртай, аав ээждээ хайртай, элэг нэгт монголчууддаа хайртай, эх орондоо хайртай,  энэ дэлхийн бүх хүнд хайртай...хайртай...хэмээн хэлж, бичсээр...Гэхдээ  цаана чинь “...хайр нүгэлтэй, хайр аймшигтай...”  гэж бичсэн яруу найрагч  бас байдаг юм шүү.

Оросын суу билигт яруу найрагч Марина Цветаева

“Хайрын тухай яриад өгөөч гэж

Хамгийн үзэсгэлэнт ач нь гуйв

Асаж буй галыг ширтэн

Аанай л түүнд ингэж хариуллаа

Өө, хайр нүгэлтэй

Хайр аймшигтай... гэсэн нь бий.

Хайрлах сайхан мэдрэмж. Хайрлаж байгаагаа илэрхийлэх бүр ч илүү байлгүй яах вэ. Олон хэлснээрээ, чанга хэлснээрээ, хашгирснаараа үнэ цэнтэй болчихдог гэвэл  биш байх. Харин  үнэн сэтгэлээсээ хайрлаж чадсан бол, хайртай гэж хэлэхгүй байсан ч харцнаас нь л шууд ойлгочихно. Хайр бас төлөх төлөөстэй. Гэхдээ хайрын өдөр, хайрын баяр байгаа нь бас сайхан юм аа. Энэ өдрийг хүлээж хайраа илчилж, хэлж амжаагүй үгээ хэлж, бөгжөө солилцож, уучилж, бас хайрласан олон хүн байгаа нь лавтай. Хайр нь үнэн байг. Хайрласан сэтгэл нь гүн байг.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top