Д.ЧОЙЖАМЦ: ЭНЭ ЖИЛ ҮЗЭСГЭЛЭНТЭЙ ХҮҮХЭД ТӨРЖ, ЗАЛУУ ГЭР БҮЛД ТӨРӨЛТ АРВИЖНА
Монголын бурханы шашинтны өв Гандантэгчэнлин хийдийн mэргүүн, Хамба номун хан, гавж
-XVII жарны "Үзэсгэлэн болгогч" хэмээх туулай жил гарч байна. Монголчууд бид туулайг хөнгөн, уян, зөөлөн гэж бэлгэшээж үздэг, ер нь сайхан жил болдог. Туулай жил зуд турхан болсон түүх их ховор байдаг. Тиймээс сайхан жил гарч байна гэж бэлгэшээж байна. Шинэ жил гарна гэдэг нэг ёсондоо ард иргэд, сүсэгтэн олон бол өнгөрсөн хугацаанд өөрийн амьдралд сайн сайхан зүйл хийж, ирээдүйгээ бүтээж чадсан бол ямар ч жил байсан амьдрал сайхан үргэлжилдэг жамтай. Тиймээс бидний урьд өнгөрсөн амьдрал одоо үргэлжилж байгаа цаг хугацааны үргэлжлэл учраас бурханы шашны гүн ухаанаар энэ талаас нь бодож үзэх хэрэгтэй байдаг.Жаран нь бүгд ёгт нэртэй ба ёгт нэрээр цаанаа утга санаа илэрхийлсэн байдаг. Заримдаа жаахан тааруухан бэлгэдлийн үгтэй байдаг. Энэ туулай жил бол “Үзэсгэлэн болгогч” хэмээх ёгт нэртэй. Энэ ёгт нэрний утгыг “Цагаан лянхуа” гэдэг сударт “Энэ жил төрсөн хүүхэд үзэсгэлэнтэй, ухаан төгөлдөр, буян хийгээд сайн үйлсэд хичээгч нэгэн болно” гэж нэрний хувьд үзсэн байна. Онцлоход залуу гэр бүлд төрөлт арвижихийн шалтгаан байна гэж зурагдсан байна. Энэ жилдээ ер нь цаг агаар сайхан байх янзтай. Цаг үедээ бороо хуртай байна гэж зурхайд байгаа. Мөн дээдэст сайн, дунд хүмүүст дунд зэрэг, нялхас, иргэдэд жаахан тиймэрхүү байгаа. Түүнчлэн хавар хийгээд, дөрвөн улирлын эхээр хуртай, хүйтэн болох учраас хүйтэн төрлийн өвчнөөс сэргийлэх, ялангуяа хуучны нэршлээр бадган өвчнөөс сэргийлж хувцаслалт дээрээ анхаарах хэрэгтэй гэсэн зурхай гарчээ.
Д.ТАЙВАНСАЙХАН: ХҮН БҮР ХЭЛНИЙ НҮГЛИЙГ ТЭВЧИХ ХЭРЭГТЭЙ
Гарма Гаржүд Үржинпэрэнлайлин хийдийн тэргүүн, гэвш
-Саад тотгор арилсан, өвчин хууч эдгэрсэн сайхан нэртэй зөөлөн жил айлчилан ирж байна. Энэ жил залууст эeрэг зөөлөн, настангуудад ээлтэй, нялхаст ширүүн байна. Үр тариа цагтаа боловсорч хур ус сайтай байхаар байна. Төр, засгийнхан ард иргэдээ анхааран тусалж дэмжинэ. Хүмүүсийн санасан санаа ёсчлон бүтэх сайн нигуртай. Хэрүүл тэмцэл намжина. Залуус хэл үгээ цэгнэж, аливааг тунгаан бодож ярих аваас эв найртай байх болно. Хэлний нүглийг бодох хэрэгтэй . Засал номоо сайн хийлгэж, бүгд хичээх юм бол сайн сайхан аяндаа хурж амгалантай байна. Хүн бүр мунхагаа гээж сар шинэдээ сайхан шинэлэж амар амгалан байх болтугай.
Д.САЙНСАЙХАН: БҮХ ЗҮЙЛ ХҮМҮҮСИЙН САНАСАН ЁСООР АМГАЛАН БАЙНА
Манба Дацан хийдийн зурхайч, Анагаах ухааны магистр
-"Дорнын зурхай 12 жилийг таван махбодоор хувилган 60 жил байх бөгөөд үүнийг жаран хэмээн нэрлэдэг. Энэхүү жаран жил нь тус бүрдээ нэртэй бөгөөд тухайн ямар жил болох нь утга учиртай байдаг. Энэ жилийн хувьд “Үзэсгэлэн болгогч” хэмээх усан туулай жил гарч байгаа нь зурхайн шүн номлол судар 60 жилийн онцлогоос үзвэл, идээ унд элбэг, өвчин зовлонгүй, бие, сэтгэл амгалан, ихэс дээдэс төрийг ёсчлон тэтгэнэ, ард иргэд амгалантай, найр наадам элбэг болох жил гарч байна. Мөн жилийн өнгө хур бороо, ургац, хүн ардын байдлыг шинждэг шороон үхрийн зурлагаар үхэр нь: Шороон үхрийн толгой, эвэр, чих, сүүл, омруу, туурай нь хөх, шийр, ногт нь улаан, бие нь ногоон, цулбуур нь шар, ходоод нь цагаан, амаа хамхиж, сүүлээ баруун тийш шарвасан байна. Энэхүү шинжээр: Улирлын эхээр хур болон салхи шуурга ихтэй, дөрвөн улирал бүрийн сүүлээр хур бага, жилийн дундуур өвс, ногоо, тариа будаа ургац сайтай байна. Үхэр хариулаач нь “өвгөн хүмүүн царай нь улаан, дээл нь хөх, бүс нь шар, малгайгаа баруун гартаа барьсан, нэг гэзгээ баруун чихнийхээ араар, нөгөө гэзгээ зүүн чихнийхээ урдуур унжуулсан, олс бургасан иштэй хөх шилбүүр барьсан, хөх гутал өмсөж үхрийн өмнө яаравчлан гүйж явна. Энэ шинжээр нь настанд буюу өндөр дээд суудалтанд ээлтэй сайн амгалан ажил үйлс бүтэмжтэй, идэр залуус буюу дунд түшмэдэд дунд зэрэг, нялхас буюу энгийн ард иргэдэд ширүүвтэр байх төлөвтэй ба жилийн ерөнхий төлөв хааны хүч их болж, ард түмний амьдрал доройтож, үймээн самуун, хямрал тэмцэл гарах талтай, элдэв өвчин ялангуяа халуун өвчнөөс болгоомжлох хэрэгтэй гэж үзэж байна.
Ч.ЗОТОЛ
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
Сэтгэгдэл ( 2 )
Хол очиж хуцацгаа
Ганданшийн худал суртал арай хэтэрч байна. Юу гэж хүмүүсийг мунхруулаад байгаа юм бэ. Манжийн хорон бодлогыг наад шашны чинь буруу худал сурталаар чинь явуулж Монголчуудыг сүйрүүлсэн гай чинь багадаагүй шүү. Одоо та нар засал энэ тэр бизнес хийж ард түмнийг шулахаа зогсоо.