Монгол Улсын хүний гавьяат эмч тугчин овогт Бадамсүрэнгийн Энхравдан (1951-2023)
Бид бүхний “АЛТАН ГАРТ ЭМЧ” хэмээн хүндэтгэн хайрладаг эрхэм хүмүүн, Монгол Улсын Хүний гавьяат эмч Тугчин овогт Бадамсүрэнгийн Энхравдан 2023 оны 2 дугаар сарын 11-ний өдөр хүнд өвчний улмаас ертөнцийн мөнх бусыг үзүүлэв. Бадамсүрэнгийн Энхравдан нь 1951 онд Увс аймгийн Түргэн сумд Бадамсүрэнгийн ууган хүү болон мэндэлжээ. Тэрбээр 1969 онд Улаанбаатар хотын 14-р сургууль, 1975 онд АУДС-ийг 6-н жилийн анхны Мэс Заслын эмчээр төгсөн, МЗЭ-ийн илтгээлтийг өвөрлөн Дорноговь аймгийн Их-Хэт, Даланжаргалан сумын хүний их эмч, салбарын эрхлэгчээр ажлынхаа гараагаа эхлүүлжээ. 1977 оноос Гандангийн Хүүхдийн эмнэлгийн Мэс заслын тасагт ажиллан, 1990 онд Хүүхдийн бөөрний мэс заслын тасгийг үүсгэн байгуулж, Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд эмч, тасгийн эрхлэгч, клиникийн профессор, зөвлөх эмчээр тасралтгүй 47 жил ажиллажээ.
Тэрбээр ажиллах хугацаандаа хүүхдийн бөөр, шээсний замын төрөлхийн гажиг, гэмтэл согог, хавдарт өвчин зэргийг мэс заслын аргаар эмчилж, эмчилгээний шинэ тэргүүн туршлага 48, оновчтой бүтээл 58-ыг нэвтрүүлж, онол практикийн хуралд илтгэл 82, өгүүлэл 124, ном 5, заавар 84-ийг боловсруулсан хөдөлмөрч нэгэн байлаа.
Талийгаач нь Монголын ирээдүй болсон 65000 гаруй хүүхэд, тэдний гэр бүлд аз жаргал бэлэглэжээ. Түүний нөр их хөдөлмөр, гавьяаг төр засгаас өндрөөр үнэлэн 1993 онд Эрүүлийг хамгаалахын тэргүүний ажилтан, Улс хувьсгалын 70, 80, 90 жил, УБ хотын ойн медалиуд, Засгийн газрын Хүндэт жуух бичиг, 2005 онд “Алтангадас” одон”, 2009 онд Монгол Улсын “Хүний гавьяат эмч” цолоор шагнажээ.
Тэрээр залуу эмч нартаа мэргэжил дээшлүүлэх, курс семинарт оролцох, онол практикийн бага хурлуудад илтгэл тавих, туршлага судлах зэргээр ажил мэргэжилдээ эзэн болоход өөрийн биеэр үлгэр дууриал болж, хамт олныхоо хүндлэл бишрэл хайрыг хүртсэн, бахархан дээдэлж явдаг шилдэг сэхээтэн эмч багш байлаа.
Монгол Улсын Хүний Гавьяат эмч, Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн Клиникийн профессор, Тугчин овогт Бадамсүрэнгийн Энхравдан эмчийнхээ халамжит хань, үр хүүхэд, ач зээ бусад төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье. Эмч хүний бусдын төлөөх хүнлэг энэрэнгүй сэтгэл, уужуу тайван, өгөөмөр зан чанар бид бүхний зүрх сэтгэлд үүрд мөнх дурсагдах болно. ...Цаг хугацаа гэдэг харавсан сум шиг өнгөрдөг хэдий ч хүмүүн бидний амьдралд мөн ч олон таатай сайхан дурсамж үлдээх юм даа...
ЭХЭМҮТ-ийн Захиргаа болон Хамт олноос 2023 оны 2-р сарын 11-ний өдөр
Сэтгэгдэл ( 2 )
Ум ма ни бад мэ хум
Гүн эмэгнэл илэрхийлье Ум ма ни бад ми хум