ДОЛЖИДЫН БАСХҮҮ
(1948-2023)
Монгол улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, Монголын Шагайн Харвааны Холбооны Хүндэт ерөнхийлөгч, Үлэмж дархан мэргэн, спортын мастер, Чингис Хааны Дэлхийн Академийн гишүүн, академич, Улсын шүүгч, Өмнөговь аймгийн Ханхонгор сумын уугуул Должидын Басхүү маань өвчний улмаас 2023 оны 2 дугаар сарын 23-ны өдөр хорвоогийн мөнх бусыг үзүүлж, гэр бүл, нутгийн ах дүү нар, төрөл төрөгсөд, зорилго нэгт хамтран зүтгэгчид, шагайн харвааны өвлөн тээгчдэд уй гашуу, хүнд гарз учирлаа.
Д.Басхүү нь 1948 оны 11 дүгээр сарын 23-нд Өмнөговь аймгийн Ханхонгор сумын “Шар хадын бууц” хэмээх газарт төржээ. Тэрээр 1956 онд Өмнөговь аймгийн бага сургуульд орж, 1963 онд 7 дугаар ангиа дүүргэжээ. Эх Должид нь Өвөрхангай аймагт ажиллах болсноор 1964-1966 онд тус аймгийн бүрэн дунд сургуульд суралцан төгсгөөд Цаг уурын станцад ажиллаж байхдаа ЗХУ-ын Архангельск хотын Техник Мэргэжлийн Сургуульд явж хөрөө рамчны мэргэжил эзэмшжээ. Сургуулиа дүүргэж ирээд Улаанбаатар хотын Мод боловсруулах комбинатад рамчин, цехийн мастераар 4 жил ажиллан, ЗХУ-ын Эрхүү хотын Улс Ардын Аж Ахуйн Дээд Сургуульд Хөдөлмөрийн эдийн засгийн мэргэжлээр суралцаж, улмаар Ойн Яам, Хөдөлмөр Нийгмийн Хангамжийн Улсын Хороо, Сангийн Яамд тус тус мэргэжилтэн, хэлтэс, газрын даргаар 1991 он хүртэл ажиллажээ. 1991 оноос Төр, засгийн үйлчилгээний Их Тэнгэр цогцолборын орлогч дарга, 2001-2008 он хүртэл Мэдээлэл Технологийн Үндэсний Паркад хэлтсийн даргаар тус тус ажиллажээ. Түүнчлэн 2004-2012 онд, Монголын Үндэсний Олимпийн Хорооны гишүүн, Хяналтын зөвлөлийн гишүүнээр ажилласан.
Д.Басхүү нь Монгол үндэсний уламжлалт спорт тоглоом, шагайн харваагаар 1979 оноос хичээллэж эхэлсэн бөгөөд 1983 оноос Хонхор, Наран Хөгцтий, Бадын бөөр, Баян суудал тойром зэрэг томоохон тэмцээнд хувийн болон багийн харваанд амжилт үзүүлэн спортын гараагаа эхэлсэн түүхтэй. Тэрээр онч мэргэн харваагаараа халхад алдаршиж нэгэн үеийн шилдэг харваач байгаад зогсохгүй шагайн харвааны хөгжлийг шинэ шатанд гарган, даян дэлхийд түгээн дэлгэрүүлэхийн төлөө ухамсарт амьдралынхаа 30 гаруй жилийг зориулсан шагайн харвааны үндэсний спортын ууган гавьяат зүтгэлтэн, соёлын өвийг өвлөн тээгч байлаа.
Монголын Шагайн Харвааны Холбооны Ерөнхийлөгч, Ерөнхий нарийн бичгийн даргаар удаа дараа сонгогдон ажиллаж ирсэн зүтгэлтэн билээ. Ерөнхийлөгчөөр ажилласан 11 жилийн хугацаандаа холбоог Монголын Үндэсний Олимпийн хорооны гишүүн холбоо болгож, гишүүн холбоодын үйл ажиллагааг МҮОХ-ноос дүгнэсэн үнэлгээгээр хоёронтаа улсын хэмжээнд тэргүүн байр эзлүүлсэн.
Д.Басхүү Монголын Шагайн Харвааны Холбоог анхлан байгуулахад хамтран зүтгэж, улмаар холбооны дүрэм журмыг шинээр боловсруулан мөрдүүлэх, 21 аймаг, АНУ-ын Сан-Франциско, Чикаго хотууд, Европын Холбооны орнууд, ОХУ, Франц, Польш, Өмнөд Солонгос зэрэг улсууд салбар холбоодыг санаачилан, шинээр бий болгосон. Түүнчлэн 2017 онд, Монголын Шагайн Хавчаахай Харвааны холбоог үүсгэн байгуулалцаж, зөвлөх, тэргүүлэгчээр ажиллаж байлаа.
Шагайн харваагчдыг алдаршуулахын тулд Биеийн Тамир Спортын Улсын Хороотой хамтран, спортын мастерын болзол хангах нормативыг батлуулж, харваагчдад спортын мастерын зэрэг цол олгохын зэрэгцээ шүүгчдыг бэлтгэн, тэдэнд улсын шүүгчийн эрхийг баталгаажуулан үнэмлэх, тэмдэг олгуулж байв. Түүчнлэн, шагайн харваагчдын амжилтыг үндэслэн улс, аймгийн цол, энгэрийн тэмдэг, малгайн тэмдэг, малгайн залааг бий болгосон.
Шагайн харвааг ЮНЕСКО-гийн Дэлхийн соёлын Биет бус өвийн төлөөллийн жагсаалтад бүртгүүлэх ажлыг анхлан санаачилан зохион байгуулж, 2014 онд Шагайн харвааг ЮНЕСКО-д бүртгүүлэхэд Монгол улсаа төлөөлөн, Төлөөллийн жагсаалтад бүртгэх хуралд оролцсон түүхтэй. 2015 онд шагайн харвааг ЮНЕСКО-гийн Дэлхийн соёлын биет бус өвийн жагсаалтад бүртгэсэн батламжийг Монгол Улсын Засгийн газарт гардуулах ёслолын үеэр МШХХ-ны Хүндэт Ерөнхийлөгчийн хувьд тэрээр “Шагайн харвааг даян дэлхийн спорт болгон хөгжүүлэх хүсэлтэй” гэдгээ онцолж байсан юм.
Д.Басхүү нь Сангийн яам, Ойн яам, Хөдөлмөр нийгэм хангамжийн улсын хороо, Мэдээлэл технологийн үндэсний парк зэрэг улсын байгууллагад 40 шаахм жл тасралтгүй ажиллахдаа сүүлийн 27 жилд нь газар, хэлтэсийн даргаар ажиллахын зэрэгцээ Монголын Шагайн Харвааны Холбоог анх үүсгэн байгуулалцсан.
Монгол улсын төрөөс түүний төрийн үйл хэрэгт үнэнч шударгаар ажилласан гавъяа, үндэсний спортыг түгээн дэлгэрүүлэх үйл хэргийг өндөрөөр үнэлж Монгол улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, Алтангадас одон, Хөдөлмөр нийгэм, хангамжийн тэргүүний ажилтан, Биеийн тамир спортын тэргүүний ажилтан, Өмнөговь, Төв аймаг, Багануур дүүргийн хүндэт иргэн, Ойн хүндэт ажилтан, Ардын хувьсгалын 70, 80, 90, 100 жилийн ойн медаль, Монголын Үндэсний Олимпын хорооны Алтан Очир одон, Спортын алтан од одон зэрэг одон, медалиар шагнасан билээ.
Монгол түмнийхээ түүх соёлыг өвлөн тээгч, уламжлуулагч, залуу хойч үед үлгэрлэн манлайлагч, бахархалт нэгэн хүмүүн, нугаршгүй ноён нуруу болсон таныхаа гэгээн үйлсийг гэр бүл, үр хүүхдүүд, ач зээ, төрөл төрөгсөд, нутгийн зон олон, хашлага сумын анд нөхөд тань үүрд мөнхөд санан дурсах болно.
Ум Маани Бад Мэ Хум
Ум Маани Бад Мэ Хум
Ум Маани Бад Мэ Хум
Сэтгэгдэл ( 1 )
Сайхан аав минь