Цагаан сар гэж
Ямар баяр юм бол
Хүн болгонд үнсүүлдэг
Хацарны баяр юм уу
Аа, мэдлээ мэдлээ
Амар байна уу гэж золгодог
Ахан дүүсийн баяр юм байна... хэмээн жаахан үр минь шулганан жиргэсээр хэд хонов. Мэдээж Монгол түмний уламжлалт сар шинийн баяраас өмнө багш нь цээжлүүлсэн хэрэг. Гайгүй сайн цээжилснийхээ хэргийг ч гаргаж, ахан дүүс маань өхөөрдөн мялааж харагдана. Харин үрийнхээ ийн шулганан яваа шүлгийг сонсон Цагаан сарын тухай анх удаа эргэцүүллээ. Гэвч бодол бодлын хойно ч үнэхээр л “Ахан дүүсийн баяр” ажээ.
Хаврын тэргүүн сарын шинийн нэгэн болохоор л бид аав ижий, ахан дүүсээ зорин очиж, алгаа дэлгэн амар мэндийг нь эрдэг. Ахмад буурлууд маань ч гэсэн хараа тавин хүлээнэ. Хацраа өгөөд үнсүүлэх аав ээжтэй нэгнийг харж, сэтгэл дотроо зарим нь сэмхэн гуниглана. Үүнээсээ үүтгээд дурсамжийн утсаа хөвөрдөн томсоор уртаар санаа алдана. Тэгээд л аавыг нь орлосон авгаа, ижийн энтэй нагацаа хэмээн дээдлэн хүндэлж, дээлийнхээ нударгад нулимсаа нууж, амар мэндийг нь эрэн золгохоор ахан дүүстээ ирдэг билээ.
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
Сэтгэгдэл ( 0 )