Нийслэлийн замын хөдөлгөөнд оролцож байгаа тээврийн хэрэгслүүдэд өнөөдрөөс (2023.03.01) RFID чип буюу техникийн хяналтын цахим гэрчилгээ олгож эхэлнэ.
Улсын хэмжээнд орон нутагт 470,000 орчим, нийслэлд 650,000 орчим тээврийн хэрэгсэл бүртгэлтэй байдаг аж. Эдгээрээс замын хөдөлгөөнд идэвхтэй оролцож буй нэг сая тээврийн хэрэгсэлд RFID чип буюу тээврийн хэрэгслийн техникийн хяналтын цахим гэрчилгээг суурилуулах ажлыг өнөөдрөөс эхлүүлэх гэж байна. Ингэхдээ эхний ээлжинд нийтийн тээврийн хэрэгсэл, төрийн байгууллагуудын автомашинд дээрх RFID чип суурилуулахаар болжээ. Харин тээврийн хэрэгслийн хяналт зохицуулалтын нэгдсэн систем, бүртгэлтэй холбоотойгоор иргэдийн автомашинд RFID чипийг суурилуулах ажлыг тодорхой хугацаагаар хойшлуулаад байна.
“RFID ЧИП”- ИЙГ ЭХНИЙ ЭЭЛЖИНД НИЙТИЙН ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛ БОЛОН ТӨРИЙН БАЙГУУЛЛАГУУДЫН АВТОМАШИНД СУУРИЛУУЛНА
RFID чип буюу тээврийн хэрэгслийн техникийн хяналтын цахим гэрчилгээг суурилуулах ажлыг техникийн хяналтын үзлэгийн төв, нийслэлийн нэг цэгийн үйлчилгээний төв, томоохон худалдааны төвүүдийг түшиглэн зохион байгуулах бөгөөд чипийг үнэгүй суурилуулна гэсэн мэдээллийг Зам, тээврийн хөгжлийн яамнаас өгч байгаа.
Импортоор орж ирэх тээврийн хэрэгслийн тухайд гааль дээр төлбөрөө төлөн наалгах юм байна. RFID чип буюу тээврийн хэрэгслийн хяналт зохицуулалтын нэгдсэн системээр дамжуулан авто тээвэртэй холбоотой зарим төрлийн үйлчилгээ буюу тээврийн хэрэгслийн торгууль, татвар, даатгал, замын хөдөлгөөний зөрчил зэрэг асуудлыг шийдвэрлэнэ хэмээж буй.
Зам, тээврийн хөгжлийн яам 2023 онд иргэдэд төрийн үйлчилгээг хурдан шуурхай, хялбар байдлаар хүргэхийн тулд бүх үйл ажиллагаагаа цахимжуулах жил болгон зарласан. Энэхүү технологийн хүрээнд тээврийн хэрэгслийн үйл ажиллагаатай холбоотой нэгдсэн мэдээллийн сан бүрдүүлэх бөгөөд үүгээр дамжуулан тээврийн хэрэгслийн бүртгэлийн үйл ажиллагааг цахимжуулна гэж үзэж байгаа юм.
Сэтгэгдэл ( 1 )
Төрд данстай, төсвийн мөнгөөр бензин хийдэг машинууддаа эхэлж суулгаад төсвийн хөрөнгө хэрхэн зарцуулагдаж байгааг тайлагна. Дараа нь иргэдээ хяна. Иргэд төсвийн мөнгөөр биш өөрсдийнхөө мөнгөөр бензин, түлшээ авч байгаа.