Гуравдугаар сарын эхний 7 хоногийг “Музейн нээлттэй өдөр” болгон зарладаг уламжлалын дагуу улс даяар Төрийн болон орон нутгийн өмчийн музейнүүд үндэсний түүх, соёл, өв уламжлал, ёс заншлын сэдэвтэй тусгай үзэсгэлэн гаргаж, иргэдэд нээлттэй үйлчилдэг билээ.
Энэ дагуу Соёлын сайдын “Музейн нээлттэй өдөр” зохион байгуулах тухай тушаалаар энэ сарын 1-5-ны өдрүүдэд Төрийн болон орон нутгийн өмчийн музейнүүд үндэсний түүх, соёл, өв, уламжлал, ёс заншлын сэдэвтэй тусгай үзэсгэлэн гаргана. Мөн дээрх өдрүүдэд улс даяарх музей үнэ төлбөргүй, энгийн цагийн хуваарийн дагуу ажиллах ёстой.
Тэгвэл "Чингис хаан" Үндэсний музейн хувьд гуравдугаар сарын 1-5-ны "Музейн нээлттэй өдрүүд"-ийн хүрээнд зөвхөн ахмад настнууд, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд үнэ төлбөргүй үйлчлэх юм байна.
Энэ үеэр гэрэл зургийн тусгай үзэсгэлэн, “Чингис хаан Үндэсний музей” хоёр ангит баримтат кино, контентууд, “Монгол төрийн Тэргүүнүүдэд бэлэглэсэн бэлэг дурсгал” нээлттэй сан хөмрөг, “Чингис хаан Үндэсний музейн түүх”, “Хүннүгийн эзэнт Улсын хаад, язгууртны дурсгал дахь амьтны загварт урлаг” зэрэг эрдэм шинжилгээний лекцүүд, бүх насныханд зориулсан боловсролын хөтөлбөрүүдээсээ толилуулах аж.
Мөн "CHINGGIS KHAAN NATIONAL MUSEUM SHOP"-ийн албан ёсны нээлт, “Үнэт эрдэнийн чулуу” маркийн үзэсгэлэнгийн нээлт тус тус болох ажээ.
Сэтгэгдэл ( 0 )