Гуравдугаар сарын эхний 7 хоногийг “Музейн нээлттэй өдөр” болгон зарладаг уламжлалын дагуу улс даяар Төрийн болон орон нутгийн өмчийн музейнүүд үндэсний түүх, соёл, өв уламжлал, ёс заншлын сэдэвтэй тусгай үзэсгэлэн гаргаж, иргэдэд нээлттэй үйлчилж байна.
Соёлын сайдын “Музейн нээлттэй өдөр” зохион байгуулах тухай тушаалаар энэ сарын 1-5-ны өдрүүдэд Төрийн болон орон нутгийн өмчийн музейнүүд үнэ төлбөргүй, энгийн цагийн хуваарийн дагуу ажиллах ёстой ч "Чингис хаан" Үндэсний музейн хувьд дээрх өдрүүдэд "Зөвхөн ахмад настнууд, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд үнэ төлбөргүй үйлчилнэ" гэсэн мэдэгдлийг өчигдөр (2023.03.01) гаргаад байсан юм.
Тэгвэл энэ шийдвэрээ өөрчилж, Музейн нээлттэй өдрүүдээр буюу гуравдугаар сарын 5 хүртэл тус музей өдөр бүр 09:00-17:00 цагийн хооронд зорин ирсэн бүх үзэгчдэд үнэ төлбөргүй үйлчлэхээр болжээ.
Музейн нээлттэй өдрүүдийн эхний өдөр буюу өчигдөр Чингис хаан Үндэсний музей нь үндэсний түүх, соёл, өв уламжлалыг сурталчлан таниулах зорилгын хүрээнд “Чингис хаан Үндэсний музей байгуулагдсан түүх” гэрэл зургийн тусгай үзэсгэлэн, "Үнэт эрдэнийн чулуу" сэдэвт маркийн анхны өдрийн нээлт, Бэлгэт гөрөөс хэвлэх, Буган чулуун хөшөө хэвлэх, Хүннүгийн нар саран шүтээн ил захидлын хөтөлбөр, Луун хээтэй аяганы хээг барлах хөтөлбөр зэрэг арга хэмжээг хэрэгжүүлжээ.
Тус өдөр Чингис хаан Үндэсний музейгээр нийт 2007 хүн үйлчлүүлснээс 30 хувь нь хүүхдүүд байсан аж.
Сэтгэгдэл ( 0 )