Х.Энхмаа: Манай компани сайжруулсан шахмал түлшний шуудайны 80 хувийг нийлүүлэх бүрэн боломжтой

Б.Эрхэс | Zindaa.mn
2023 оны 03 сарын 04

Монголын Үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимд өчигдөр /2023.03.03/ "Эх оронч худалдан авалт, үндэсний үйлдвэрлэл-2023" үзэсгэлэн болсон. Уг үзэсгэлэнд төрийн байгууллага, төрийн өмчит үйлдвэрийн газруудад бараа, бүтээгдэхүүн нийлүүлдэг дотоодын 80 гаруй үйлдвэрлэгч, Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас зээл авсан 20 гаруй үйлдвэрлэл эрхлэгч оролцож, бараа бүтээгдэхүүнээ олон нийтэд танилцуулсан билээ. 

Тэдний нэг нь 2015 оноос эхэлж сав, баглаа боодлын чиглэлээр үйл ажиллаага явуулж байгаа "Гранд лаки" ХХК байлаа. Тус компани нь уул уурхайн салбарт ашигладаг 1-3 тонны хүнд даацын шуудайг үйлдэрлэж зах зээлд нийлүүлдэг байсан бол гурван жилийн өмнөөс "Мон Эко шуудай" гэх охин компаниа байгуулан жижиг шуудайны бүрэн автомат үйлдвэрлэлийг нэвтрүүлэн ажиллаж байгаа юм. Ингэхдээ Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас 99 сая төгрөгийн зээл авчээ. 

Өнөөдрийн байдлаар тэд "Цайрт менерал" ХХК-ийн хоёр тоннын баяжмалын шуудай, "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-ын гурван тоннын зэсийн баяжмалын шуудай, "Топ продакт" ХХК-ийн хуурай бетоны шуудай, Баянхонгор аймгийн ноос, ноолуурын шуудайг үйлдвэрлэн нийлүүлж байгаагаас гадна "Тавантолгой түлш" ХХК-ийн сайжруулсан шахмал түлшний 25 кг-ийн хэмжээтэй шуудайг нийлүүлж байгаа талаар хэлж байна.

ВИДЕО ХЭЛБЭРЭЭР ҮЗНЭ ҮҮ!

 

Хэдийгээр "Тавантолгой түлш" компани үндэсний үйлдвэрлэлээ дэмжиж дотоодоосоо буюу "Мон эко шуудай" компаниас шахмал түлшний шуудайг худалдан авдаг ч тэр нь ердөө хэрэгцээтэй шуудайных нь 10 хүрэхгүй хувь гэнэ. Үлдсэн шуудайгаа урд хөршөөс нийлүүлж байна. Хэрэв "Мон эко шуудай" компани үйлдвэрийнхээ хүчин чадлыг бүрэн ашиглавал "Тавантолгой түлш" ХХК-ийн сайжруулсан шахмал түлшинд шаардлагатай шуудайны 80 хувийг нийлүүлэх бүрэн боломжтой аж. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top