Гамшгийн эрсдэлийг бууруулах үндэсний зөвлөлийн 2021 оны ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрийн дагуу Шадар сайдын 2023 он 11 дүгээр тушаалаар шинжлэх ухаан, инновацын ололтыг нэвтрүүлж, шинжлэх ухаанд суурилсан гамшгаас хамгаалах үйл ажиллагааг хөгжүүлэх зорилго бүхий “Шинжлэх ухаан технологи, инновацын дэд зөвлөл”-ийг байгууллаа.
Тус дэд зөвлөлийг Боловсрол шинжлэх ухааны дэд сайд тэргүүлж, холбогдох яам агентлаг, эрдэм шинжилгээ, судалгааны хүрээлэнгүүдийн төлөөлөл гишүүдээр ажиллах юм.
Гамшгийн эрсдэлийг бууруулах Сендайн үйл ажиллагааны хөтөлбөрт туссан “Шинжлэх ухаан, технологийн байгууллагууд, академи, хувийн хэвшилтэй хамтран сайн туршлагаа харилцан солилцох, түгээн дэлгэрүүлэх хүчин чармайлтыг дэмжих” зорилтын хүрээнд Монгол Улсын Засгийн газраас дээрх хөтөлбөрийг дунд хугацаанд хэрэгжүүлэх стратегийн баримт бичгийг баталж, “Гамшгийн эрсдэлийг бууруулахад эрдэм шинжилгээ судалгааны ажлыг өргөжүүлэх, дэвшилтэт технологи, инновацыг нэвтрүүлэх”-ээр төлөвлөөд байна.
Дэлхийн уур амьсгалын өөрчлөлт, байгаль орчны тэнцвэр хурдацтай алдагдаж байгаагийн нөлөөгөөр сүүлийн жилүүдэд манай гаригийн ихэнх бүс нутаг ялангуяа Ази, Номхон далайн бүс нутагт байгалийн гамшгийн давтамж ихсэж, тэдгээрийн сөрөг үр дагавар, хор хөнөөл улам нэмэгдсээр байна. Энэхүү өсөн нэмэгдэж байгаа гамшгийн нөлөө нь өрх бүл, албан байгууллага, тухайн нэг улс орны дангаараа тэмцэх чадавхаас үлэмж хэтрэх аюул дэлхийн бусад орнуудад ч тохиолдож байна.
Гамшигт өртөх байдал, эмзэг байдлыг бууруулах үйл ажиллагааг шинжлэх ухааны үндэстэй хэрэгжүүлэх, шинэ эрсдэл үүсэхээс сэргийлэх, гамшгийн эрсдэлийг бий болгож буй хүчин зүйлийг дэвшилтэт технологи, инновацын ололтыг ашиглан тандан судалж, арга хэмжээг илүү оновчтой, үр дүнтэй авч хэрэгжүүлснээр иргэдийн амь нас, эд хөрөнгө, хүрээлэн байгаа орчинд болзошгүй гамшгийн хохирлыг бууруулах чухал ач холбогдолтой юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.
Сэтгэгдэл ( 1 )
Монгол Улсыг эрчим хүчний дутагдлаал, түүнээс үүсэх аюулаас хамгаалах өндөр түрэлтийн УЦС байгуулах шинжлэх ухаан технологийн судалгааны материалыг хүргүүлмээр байна. Ямар хаягаар хэнлэ хүргүүлэх вэ?