Энэ удаагийн “Аврагчийн хөрөг” буландаа удам дамжсан аврагч болох Өвөрхангай аймгийн Онцгой байдлын газрын Хархорин сум дахь Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 45 дугаар ангийн аврагч- гал сөнөөгч, ахлах ахлагч Н.Өлзийхутагийг урилаа. Аав болон ахынх нь ажил мэргэжил түүний сонирхлыг эрхгүй татаж, энэ сайхан албанд ажиллахсан гэх хүсэл тэмүүллийг бий болгожээ. Ингээд түүнтэй цөөн хором хөөрөлдсөнөө толилуулъя.
-Таны хувьд удам дамжсан аврагч юм байна. Албанд зүтгэх мөрөөдөл тээх болсон хамгийн том нөлөөлөл юу байсан бэ?
-Миний аав Ө.Нямсүрэн энэ албанд хоёргүй сэтгэлээр аврагч-гал сөнөөгчөөс ангийн захирагч хүртэл үүрэг гүйцэтгэсэн. Мөн төрсөн ах Н.Өлзийням аврагч-жолоочоор ажилладаг байлаа. Аавыгаа, ахыгаа ээлжинд гарч байхад нь оройн хоол хүргэж өгнө. Тэр үеэс л хүнд тусалдаг, хүний амь нас, эд хөрөнгийг авардаг буянтай, сайхан алба гэж сайн сайхныг нь анх мэдэрсэн. Мөн аав, ах хоёрыгоо гал дээр очиж ажиллаж байхыг харж, бахархаж өссөн учраас л ажиллах хүсэлтэй болсон.
Би таван хүүхэдтэй айлын гурав дахь хүү. Хархорин суманд арван жилийн сургуулиа төгсөж, 1999-2000 онд Дотоодын цэргийн 805 дугаар ангид хугацаат цэргийн алба хаасан. Цэргийн алба хааж ирээд 2001 оноос Гал түймэр унтраах, аврах 45 дугаар ангид томилогдон, өнөөг хүртэл үүрэг гүйцэтгэж байна.
-Хагас зуун жилийн түүхтэй ангийн тал хувийг та бичилцэж байна. Үүрэг гүйцэтгэх хугацаанд олж авсан туршлага, сургамжтай зүйлсийн талаар яриагаа үргэлжлүүлье?
-Манай алба болон алба хаагчид хүний амь нас, эд хөрөнгийг авран хамгаалахын тулд өөрийн аминаас бусдын амийг дээгүүр тавьж, хайрлан тэмцдэгээрээ бусад байгууллагаас онцлогтой. Аврал эрсэн хүн бүхний амийг аврахын тулд бид цаг хугацаатай уралддаг болохоор аврагчдын мэргэжлийн ур чадвар өндөр түвшинд байхыг шаарддаг. Хугацааг долиос доогуур хэмждэг бол тэр хэмжигдэхүүнтэй уралддаг ганц алба бол манай алба гэж боддог.
Бүрд сумын Хорхойт нууранд хүн осолдсон гэх дуудлага миний анхны дуудлага байлаа. Тэр дуудлагаар буцалтгүй нэрвэгдэгчийг 14 хоногийн дараа гаргасан. Нууранд осолдсон буцалтгүй нэрвэгдэгч өсвөр насны охин байсан л даа. Тэр дуудлагаар үүрэг гүйцэтгэсэний дараа сэтгэл санаа гүн хямарч, өөрийгөө сэтгэл зүйн хувьд голж билээ. Тэгээд энэ албад ажиллахын тулд сэтгэлийн бэлтгэл маш чухал гэдгийг ухаарч, сургамж авсан.
Үүнээс хойш 22 жилийн хугацаанд 150 гаруй удаагийн дуудлагаар ажилласан байна. 2005 онд Хархорин сумын Үндэсний их сургуулийн оюутны дотуур байранд гарсан гал түймрийн дуудлагаар 36 цаг үүрэг гүйцэтгэсэн нь хамгийн том нь. Тухайн үед утаажилтын бүсээс 12 оюутныг гаргаж, амь насыг аварсан. Бодох бүрт баяр, догдол төрж, албандаа илүү ихээр дурлах том туршлага болсон.
-Алба хаагчдын бие бялдар, сэтгэлзүйгээ бэлтгэхэд спортоор хичээллэх ихээхэн сайн нөлөөтэй гэдэг. Таны хувьд спортын олон төрлөөр хичээллэж, чамгүй амжилтыг үзүүлсэн сонссон?
-Спорт хүнд тэвчээр хатуужил болоод бодол санаагаа цэгцлэхэд хамгийн том “багш” болдог. Миний хувьд хэд, хэдэн төрлийн спортоор хичээллэж, өөрийнхөө биеийн болоод сэтгэлзүйн бэлтгэлийг хангадаг. Гал унтраах техникийн олон төрөлт спортоор 2001-2006 он хүртэл хичээллэсэн. Энэ хугацаанд гал унтраах техникийн олон төрөлт спортын I зэргийг хүртэж, гурав сунадаг шатны төрөлд спортын дэд мастер цолтой. Мэргэжлийн спортоос гадна гар шагай харваагаар 2008 оноос өнөөг хүртэл харваж, аймгийн хошой мэргэн цол хүртсэн. Мөн Үндэсний сур харваагаар хичээллэдэг. Мөсөн шагай харвааны аймгийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль хүртсэн амжилтыг тус тус үзүүлсэн байна.
-Хүсэл мөрөөдлийг хичээл зүтгэлээр өнгөлдөг .Илүү тодруулахын тулд хэн нэгнээс байнгын суралцах шаардлага гардаг шүү дээ. Тэр хүн чинь хэн бол…?
-Энэ хүн бол миний аав. Ааваасаа аврагч хүнд байх бүхий л зан чанар, араншин, сэтгэл зүйн төлөвшил болоод алба хаагчдаа зөв удирдах ухааныг харж байсан. Тиймээс байнгын зөвлөмж, зөвлөгөөг нь авч, суралцдаг. Мөн үүрэг гүйцэтгэхэд хүн чанартай байх чухал гэдгийг үргэлж санаж явдаг. Тиймдээ ч миний хичээллэдэг шагай харваа, мөсний шагай харваа, сур харваа нь миний занг илүү тодотгож нухацтай байх, тэсвэртэй байхад тусалдаг.
-Бусдад чин сэтгэлээсээ талархал илэрхийлэх нь өөртөө өгч байгаа хамгийн том аз жаргал байдаг. Энэ мөчид талархлаа илэрхийлээч гэвэл хэнд хандах вэ?
-Манай алба бол цаг наргүй, шөнө өдрийг ялгалгүй хэзээд ч бэлэн байх ёстой. Нэг дуудлага ирлээ гэхэд хэзээ ирэх нь тодорхойгүй. Утас холбогдохгүй хэдэн хоног, сар ч хамаагүй таг чиг үүрэг гүйцэтгээд явчихна. Хэцүү үед арыг минь дааж ажлыг минь ойлгож, намайг хүндэтгэдэг ханьдаа маш их баярлаж явдаг шүү гэдгээ хэлье.
-Тэгэлгүй яахав. Үүрэг гүйцэтгэхэд хамгийн чухал нь арын гэрийн дэмжлэг шүү дээ. Таны гэр бүлд “Онцгой мэдээ” сонины уншигчдын өмнөөс талархал илэрхийлье?
-Баярлалаа. Манайх ам бүл тавуулаа. Эхнэр, гурван хүүгийн хамт амьдардаг. Эхнэр М.Маягзугаа Хархорин сумын Шүүхэд ажиллаж байна. Том хүү Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэст ажилладаг бол хоёр бага хүү ерөнхий боловсролын сургуулийн сурагчид.
-Залгамж халаагаа бэлтгэх, залуусаа сургаж дадлагажуулах ажил үе, үеийн аврагчдын томоохон “үүрэг” шүү дээ?
-Миний хувьд үг, үйлдэл бүхнээрээ үлгэр дуурайлал болохын тулд хичээн ажилладаг. Залуу хойч үе минь үг сонсож, хэрэгжүүлдэг, зарчимч, цагийг үр бүтээлтэй өнгөрүүдэг байгаасай гэж боддог. “Нараа дагавал даарахгүй, настныг дагавал алзахгүй” гэдэг үгийг хэлэх их дуртай. Мөн хойч үедээ өөрийн гаргасан алдааг давтуулахгүйг хичээдэг. Онцгой байдлын алба бол үр жимсээ байнга өгч байгаа “мод” гэж боддог .
-Энэ модыг улам өндөрт ургуулж, цэцэгжүүлэх нэгэн үндэс болж, өөрийн хийж байгаа ажилдаа эзэн болж байгаа танд баярлалаа?
-Хамтран үүрэг гүйцэтгэж байгаа нийт ажилтан, алба хаагч та бүхэндээ маш их баярлаж, талархаж явдаг шүү. Бид бол хэнийг ч үл харгалзан сайхан сэтгэлээ дэлгэж, сэтгэл, зүрхээ зориулж байдаг тангараг өргөсөн алба хаагчид. Энэ албаны үнэ, цэнийг мэддэг, мэдэрдэг Онцгой алба хаагчид үүрэг гүйцэтгэдэг гэж боддог. Өвөрхангай аймгийн Онцгой байдлын газар, Хархорин сумын Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 45 дугаар ангийн удирдлага, хамт олондоо чин сэтгэлийн талархлыг дахин дахин илэрхийлье.
Эх сурвалж: “Онцгой мэдээ” сонин
Сэтгэгдэл ( 0 )