Чингэлтэй дүүргийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтсийн дэргэд эрэгтэйчүүдэд сэтгэл зүйн зөвлөгөө өгөх жишиг төв нээлтээ хийлээ.
НҮБ-ын Хүн амын сан, Швейцарын хөгжлийн агентлагтай хамтран хэрэгжүүлж буй “Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх нь” төслийн хүрээнд нээгдэж буй тус төвийн нээлтэд Нэгдсэн үндэстний байгууллага, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, дүүргийн ЗДТГ-ын удирдлагууд оролцлоо.
Энэхүү эрэгтэйчүүдэд сэтгэл зүйн зөвлөгөө өгөх жишиг төв нээгдсэнээр жендэрт суурилсан хүчирхийллийг бууруулах, эрэгтэйчүүдийн сэтгэлзүйн тулгамдсан асуудлыг шийдвэрлэх ач холбогдолтой юм. Манай улсын нийт хүн амын 49,1 хувийг эрэгтэйчүүд эзэлдэг бөгөөд дундаж наслалт эмэгтэйчүүдийнхээс даруй 9,5 жилээр доогуур байна.
Тиймээс тус төв иргэд, олон нийтэд үнэ төлбөргүй үйлчилгээ үзүүлэх зорилготой байгуулагдаж байгаа юм. Тухайлбал, судалгаа, шинжилгээний ажил, сургалт зохион байгуулах, ижил чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг ТББ-ын үйл ажиллагааг дэмжин ажиллах, биечлэн болон утсаар хууль эрх зүй, нийгэм-сэтгэл зүйн зөвлөгөө, мэдээллийг мэргэжлийн нийгмийн ажилтан, сэтгэл зүйч нар өгч ажиллах юм.
Тус жишиг төвийн үйл ажиллагааг төр, төрийн бус байгууллагын түншлэлийн хүрээнд төрийн бус байгууллагаар гэрээлэн гүйцэтгүүлж байгаа бөгөөд цаашид эрэгтэйчүүдийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг үндэсний сүлжээ үүсгэхээр төлөвлөөд байна.
Сэтгэгдэл ( 0 )