“Жижиг, дунд үйлдвэрийн газар АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлагийн санхүүжилтээр хэрэгжүүлж буй “BEST” хөтөлбөр, “Хөгжлийн Шийдэл” ТББ-тай хамтран “Жишиг Жижиг, Дунд Бизнесийг Хөгжүүлэх Төлөвлөгөө”-ний хүрээнд “Бүтээлч CEO” бизнесийг хөгжүүлэх хурдасгуур хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлж дууслаа.
Хөтөлбөрийн хүрээнд ЖДҮХС-аас 2022 онд зээл авсан жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгч 25 ААН-ийн төлөөлөл таван сарын хугацаанд засаглал, маркетинг, үйлдвэрлэл, хүний нөөц, санхүү, туршлага судлах гэсэн 6 модуль бүхий сургалтад амжилттай хамрагдаж, өнөөдөр батламжаа гардлаа.
Арга хэмжээний хаалтад Жижиг, дунд үйлдвэрийн газрын дарга Я.Эрдэнэсайхан, АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлагийн санхүүжилтээр хэрэгжүүлж буй “BEST” хөтөлбөр, Хөгжлийн Шийдэл” ТББ-ын төлөөлөл, “Бүтээлч CEO” хөтөлбөрийн төгсөгч 25 ААН-ийн төлөөлөл оролцсон юм.
Энэ үеэр хөтөлбөрт хамрагдсан ААН-үүдийн төлөөлөл Бизнесийг хөгжүүлэх хөтөлбөрт хамрагдахын давуу тал, үр өгөөж, сайн туршлагаасаа хуваалцаж, уг арга хэмжээг зохион байгуулсан ЖДҮГ, “Хөгжлийн Шийдэл” ТББ-ын хамт олонд талархал илэрхийллээ. Мөн бараа бүтээгдэхүүний дээж танилцуулах үзэсгэлэн, худалдаа зохион байгуулсан юм.
Тус хөтөлбөрийн хүрээнд ААН-үүдийн төлөөлөл Дэлхийн банкны “Экспортыг дэмжих төсөл”-ийн “Түншлэлийн хөтөлбөр”-тэй гэрээ байгуулан экспортын төлөвлөгөө хэрэгжүүлж байгаа Монжүүс ХХК /Ус, ундаа үйлдвэрлэгч – Мультвитамин, Чихэгүй үзэмний шүүс г.м/, Санко Тех ХХК /Роботын тоног төхөөрөмж үйлдвэрлэгч/ болон Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн хөнгөлөлттэй зээлд хамрагдаж үйлдвэрлэлээ өргөжүүлж, төслөө амжилттай хэрэгжүүлж буй аж ахуйн нэгжийн төлөөлөл Модельферм ХХК /Өөхөн тос боловсруулах үйлдвэр/-ийн үйл ажиллагаатай тус тус танилцаж, туршлага судалсан.
Дээрх аж ахуйн нэгжүүд нь үйлдвэрээ танилцуулахаас гадна үйлдвэрлэл эрхлэхэд тулгарч байсан саад бэрхшээл, экспортод чиглэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд бүтээгдэхүүний чанар, стандартад хэрхэн анхаарч, сайжруулж ажилласан талаарх туршлагаа хуваалцсан.
Мөн “Бүтээлч CEO” бизнесийг хөгжүүлэх хурдасгуур хөтөлбөрт хамрагдсан 2 аж ахуйн нэгжийг Жижиг дунд үйлдвэрийн газар, Мишээл экспо ХХК, БНСУ-н Дүндэмүн дүүрэгтэй хамтран БНСУД зохион байгуулсан “Монголд үйлдвэрлэв-2023” үзэсгэлэн худалдаанд оролцууллаа.
Сэтгэгдэл ( 0 )