ЧИНГЭЛТЭЙ | Стратегийн команд штабын сургууль эхэллээ

Б.Батчимэг | Zindaa.mn
2023 оны 06 сарын 07

Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, Монгол Улсын Шадар сайдын ажлын алба, Онцгой байдлын ерөнхий газар, нийслэлийн Засаг даргын Тамгын газар хамтран “Нийслэл Улаанбаатар хотод газар хөдлөлтийн гамшиг тохиолдож, онц байдал тогтоосон үеийн төрийн байгууллагуудын харилцан хамтын ажиллагаа” сэдэвт стратегийн команд штабын сургуулийг улс орон даяар зохион байгуулж байна.

Өнөөдөр буюу зургаадугаар сарын 7-ний өдрийн Стратеги команд штабын сургууль  Чингэлтэй дүүргийн Засаг дарга бөгөөд Онцгой комиссын дарга Н.Батсүмбэрэлийн баталсан захирамжийн дагуу өглөөний 07:00 цагт эхэллээ.

Уг дадлага сургуулиар Онцгой комиссын бүрэлдэхүүн газар хөдлөлтийн гамшиг тохиолдсон сургуулийн цагийн байдал дээр ажиллаж хариу арга хэмжээ авах, зохион байгуулах сургуулилт хийж байна.

Уг сургуулилт нь газар хөдлөлтийн гамшиг тохиолдсон үед төрийн байгууллага, цэргийн байгууллагуудын хоорондын хамтын ажиллагаа, бүх шатны төлөвлөлтийн бичиг баримтыг шинэчлэх, гамшгийн үед ард иргэдэд авран туслах арга хэмжээг шуурхай авч хэрэгжүүлэх дадлага сургуулилтыг биечлэн хэрэгжүүлэх арга техникэд суралцах зэрэг зорилготой юм. Улс орон даяар явагдаж буй уг ажиллагаанд гамшгаас хамгаалах албад, яам, агентлаг, төрийн цэргийн байгууллагын 295 албан хаагч, 21 аймагт ослын удирдлагын баг нийт 2900 гаруй албан хаагч ажиллаж байна.

Нийслэлийн 6 дүүрэгт газар хөдлөлтйн гамшгийн голомтод эрэн хайх, аврах, гал унтраах, эрүүл мэндийн тусламж үзүүлэх, тэсэрч дэлбэрэх болон химийн хорт бодисыг аюулгүй болгох мэргэжлийн ангийн дадлага сургуулийг хийх бөгөөд гурван хоног үргэлжилнэ.

Мөн маргааш буюу зургаадугаар сарын 8-ны өдөр зарлан мэдээлэх дуут дохио орон даяар 16:00 цагт дуугарна.  Нийслэл хотын хэмжээнд гамшгийн үед түр цугларах 192 талбайг дүүрэг тус бүр сайтуудаараа мэдээлсэн. Мөн иргэд www.belenbai.mn сайтад тэмдэглэсэн цэгүүдээс гэр болон байгаа газраасаа хамгийн ойрхон аюулгүй газарт очиж, газар хөдлөлтийн аюул тохиолдсон үед учрах хүндрэлүүд  түүнийг хэрхэн шийдэх, газар хөдлөлтөд нэрвэгдсэн хүмүүсийг нүүлгэн шилжүүлэх, хоол хүнсээр хангах зэрэг гамшгийн үеийн даван туулах арга техникийн талаар ойлголт, мэдээлэл авах үүрэгтэй. Иймд иргэн та үүргээ биелүүлж улс орон даяар зохион байгуулагдаж буй гамшгаас урьдчилан сэргийлж амь нас, эрүүл мэндээ сахин хамгаалах идэвхтэй оролцоно уу.  

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top