ОЛОН ӨНГӨ | Эмээ минь

2023 оны 08 сарын 26

Гэрийн хойморт байрлах эрээн авдрын урд суугаад эмээдээ “Чихэр идье” гэж эрхлэн цэнхэр дэлгэцээр гарах олон ангит киног үзэн хамтдаа уйлж, инээж байсан тэр гэрт танаас бусад нь хэвэндээ байх нь тэнгэр лүү явсан бус дэлгүүр явсан мэт санагдаж сэтгэл өмрөх юм.

Идэр есийн хүйтэнд эмээгийнхээ гараас хөтлөөд алхахаар огт даардаггүй сэн. Хэцүү бүхнээ эмээдээ хэлчихээр уужирдаг сан. Ер нь эмээдээ л дуулгачихвал ямар ч асуудал байсан шийдэгдэх юм шиг яардаг сан. “Миний үр өлсчихнө” гээд өглөө бүр хоол хийж зогсох гал тогоо, “Яасан том болоо вэ” гээд усанд оруулдаг ванн, “Эмээ нь залуудаа...”  гээд харуулдаг зургийн цомог, хаа нэг цай хураадаг даалуу, оюутан боллоо гээд авч өгсөн цамц гээд эмээ таныгаа их үгүйлэх юм. Мөнх биш гэдгийг мэддэг хэрнээ өдөр болгон утсаар яриагүйдээ, зах руу цуг явж хүнсээ цуглуулаагүйдээ, нүүрийг нь будаж инээлдэн суугаагүйдээ, уурлаж бас эрхлэн туньж таныгаа гомдоосон өдрүүдэд эргээд очиж болдог бол,өнгөрсөн алдаа бүхнээ өөрчилж засаж болдог бол энгэрт нь нэг тэврүүлээд ачлалтай охин чинь байх сан, эмээ.

Эрхиэр мааниа хэрхэн уншдагийг, зулын голыг хэрхэн ороохыг зааж өгөхдөө “Эмээгээ өнгөрсний дараа зул барьж, эрхийг минь эргүүлж байгаарай” гэхэд чинь “Муухай юм ярилаа” гэж ундууцалгүй үгийг тань сонсох минь яав даа. Та минь охиныхоо сэтгэлд хүслийг биелүүлэгч шидтэн, энэ хорвоогийн байхгүй бүхнийг эрээн авдартаа хураасан хамгийн эрхэм, хамгаас нандин бурхан нь юм шүү, эмээ.

С.НОМИНЦЭЦЭГ

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top