ОЛОН ӨНГӨ: Хадуурын дуу

Автор | Zindaa.mn
2023 оны 08 сарын 31

Өдийд уг манай хангай нутагт хадлангаа аваад аль хэзээний өвөлжөөн дээрээ аваачаад нуруулдчихсан байдаг юм. Харин энэ жил хангай дэлхий хур бороо элбэг байсан учраас нэлээд оройтож гарцгааж байна. Манай нутагт хадланд гарах гэж багадаа 10 хоногийн бэлтгэл хангана. Аавууд морьдоо уяж сойж, өвөлжөөнөөс алх, дөшөө авч ирэн хадуураа давтан ирэлж, иш, гарыг нь засаж сэлбэнэ.

Ээжүүд гурил хайрч, хэрчин бэлдэж, борц нүдэж, гамбир хайрах зэргээр хүнс базаана. Мэдээж сургуульд сурдаг мань мэтийн нөхдүүд ч зүгээр суухгүй. Тармуурын шүд солих, иш янзлах аав, ээжийнхээ гарын үзүүрт чавхдах гээд ажил мундахгүй. Ингэж, ингэж нэг л өглөө богцондоо хамаг юмаа хийж аваад л хадландаа гарна даа.

Өглөө, үдшийн сэрүүнд өвсөө хадна. Аавын хадуурын ором минийхээс даруй хоёр дахин том байх бөгөөд аавын урд ороод явахаар өсгий эсгэчих гэж байгаа юм шиг санагдан, хоёр гарынхаа шууг бадайртал шавхардаг сан.

Харин өдөр нь хадсан мөрөө тармуураар эргүүлж, наранд хатаана. Гэвч хадлан дээр бороо орох шиг уйтгартай зүйл байхгүй. Орос бризентен майхны хаяа даган ус урсаад л... чийг даасан гудас, хөнжилд хөрвөөсөөр үүрээр нам унтаж орхино. Өглөө нойрон дунд майхны ойролцоо хадуурын дуу гарч, хаа нэгтээ шувуу жиргэхээс өөр аниргүй. Ийм л дууг сонсолгүй, ийм орчиныг мэдрэлгүй 20 гаруй жил болжээ. Одоо хэрэв аавтайгаа хадланд гарвал ааваасаа том газар хүч мэдэн далайн хадаж, харин аав минь миний хадуурын дууг чагнаархан сууснаа “Алив хө, аав нь нэг давтаад өгье” хэмээн хэлнэ дээ хэмээн сэтгэнэ. Бодол дүүрч, сэтгэл уужирна. Ай даа, намар цагийн нэгэн сайхан дуу бол хадуурын дуу мөнөөсөө мөн билээ л. 

 Т.ХӨВСГӨЛ

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top