Нисэх, Багшийн дээд чиглэлийн, долоо дугаартай эхний автобусанд суувал суудал нь дүүрчихсэн, зогсож явах сонголт л үлджээ. Эхний буудлаасаа л зөрөх ч боломжгүй, дүүрэн хүнтэй хөдлөж, дараагийн буудал дээр зогсох үед автобусны жолооч “Хойшоо яваад өгөөрэй ганц, хоёрхон хүн байна” хэмээн чангаар хэлэх үед зорчигчид дуулгавартай хэлснийг нь гүйцэтгэнэ.
Автобус хоорондын хугацаа нь таван минут гэх боловч 10-15 минут хүлээх нь жирийн үзэгдэл болжээ. Хөгшид жирэмсэн хүмүүс, хөгжлийн бэрхшээлтэй иргэд гээд бүгд л зогсож явахаас өөр аргагүй. Автомашиныг дугаараар нь тэгш сондгойгоор явуулах нь автобусаар зорчих иргэдийн тоог нэмсэн ч автобусны тоо нэмэгдсэнгүй. Монгол түмэн дуулгавартай хийгээд хүлцэнгүй юм.
Хүн зөрөх зайгүй байхад хурдан буусангүй гэж зандрах жолооч, томчуудын дунд хавчуулагдсан бяцхан хүүхдүүд буух буудлаа харж биш сонсож л буух боломж тэдэнд олдоно. Эхний автобусанд суух гэж эртлэн гарсан ч автобусандаа багтсангүй. Замын голд утаа май тавиад эвдрээд зогсоход зорчигчид юу ч болоогүй мэт бууж дараагийн автобусыг хүлээнэ.
Оюутан сурагчдын яриаг сэм сонсвоос тэд “Хичээлээ хийхдээ ядрахгүй мөртлөө хичээлдээ явах болон гэртээ харихдаа л ядарна. Хоногийн 24 цагийн гурав, дөрвөн цагийг түгжирч өнгөрүүлж байна” хэмээн ярина. Арга ч үгүй дээ 17 километр газар хөдлөх ч боломжгүй шахалдаж явах нь амаргүй шүү дээ. Амьдралын олон олон өнгө тэнд л харагдана.
С..НОМИНЦЭЦЭГ
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
Сэтгэгдэл ( 2 )
Дарга нар автобусандаа өөрсдөө суугаад үзээсэй төсөөлөлчгүй байхоо
Автобусны тоог нэмээчээ.автобус хүлээх хугацаа хамгийн хурдандаа 10 минут гэдэг чмнь маш урт хугацаа шүү.тоог нь нэмэх хэрэгтэй.