Милтон хар салхи АНУ-ын Флорида мужийн Сиэста-Ки хотын ойролцоо лхагва гарагийн орой эхэлснээр мянган жилд ганц тохиох их хэмжээний хур тунадас дагуулж, Флорида мужийн ихэнх хэсгээр дайран өнгөрөв.
Энэ үеэр салхины хурд 193 км/ц -т хүрч, аажим салхины хурд суларсан ч аюул учруулсан хэвээр байна. Милтон хар салхины улмаас Флорида даяар эрчим хүч тасалдахад хүрч, одоогоор 3 сая айл өрх, аж ахуйн нэгж цахилгаангүй болоод байна гэж PowerOutage.us мэдээллээ. Шуурга эхэлсэн Сиэста-Ки тойрог орчимд цахилгаан хэрэглэгчдийн 70 гаруй хувь нь эрчим хүчгүй болсон гэв. Одоогийн байдлаар Хиллсборо тойрог хамгийн олон буюу 510,000 хүн цахилгаангүй болоод. Ойролцоох Сарасота, Манати, Харди гэх тойргуудын цахилгаан хэрэглэгчдийн 80-97 хувь нь мөн эрчим хүчгүй байна. Флоридагийн Сент Люси тойрогт хар салхи дайран өнгөрсний дараа нас барсан хүмүүс олдсон тухай тус мужийн цагдаа мэдэгдсэн ч тодорхой тоог хэлэхээс татгалзжээ.
Орон нутгийн албаныхан байгалийн аюулт үзэгдлийн улмаас автозам усанд автан, байшингуудад ихээхэн хэмжээний хохирол учирсан тухай мэдээлж байна. Сэнт Питерсбург хотод салхины улмаас MLB цэнгэлдэх хүрээлэнгийн Tropicana Field-ийн дээвэр хууларснаас гадна өргөгч кран барилга руу унажээ. Милтон Флоридагийн төв хэсгийг дайран өнгөрөхдөө салхины эрчээ хадгална. Пүрэв гарагийн өглөөний байдлаар Милтон хар салхи Флоридагийн зүүн эрэг рүү чиглэж байна. Цаашид Лейкленд, Киссимми, Орландо, Канаверал Кейп зэрэг хотуудыг дайрах төлөвтэй байна. Флорида мужийн Хиллсборо тойргийн зарим хэсэгт шуурганы дараах сэргээн босголтын ажил эхэлсэн хэдий ч тойргийн цагдаагийн алба ард иргэдэд хандан онцын шаардлагагүй бол гэрээсээ гарахгүй байхыг зөвлөжээ.
Х.Энхболд
Сэтгэгдэл ( 1 )
АНУ дэлхийг удирдаж байж салхи удирдаж чиглэллийг өөрчилж чадахгүй гэдэг худал байхоо салхиа орсод юмуу палестинд өгөх байлгүй дээ