Японы өмнөд болон баруун өмнөд нутгийн олон зуун мянган оршин суугчийг нүүлгэн шилжүүлэхээр болоод байна. Тус улсын Цаг уурын үндэсний газар Японд ойртон ирж буй Хайшен супер хар салхи богино хугацаанд асар их хэмжээний хур тунадас авчирна гэж ням /2020.08.06/ гарагт сэрэмжлүүлжээ.
Нэг хоногт 600 мм хур тунадас унаж болзошгүй гэж Японы цаг уурчид анхааруулсан байна. Киодо агентлагийн мэдээлснээр, Окинава, Кагошима, Күмамото болон Нагасаки мужийн 200 мянга гаруй оршин суугчийг нүүлгэн шилжүүлэхээр болжээ. Зарим нутгаар салхины хурд 50 м/с хүрч байгаа аж.
Хар салхины улмаас өнөөдөр 550 орчим дотодын нислэгийг цуцалсан бол Төмөр замын “JR West ” компани энэ сарын 7-ныг хүртэл баруун болон баруун өмнөд мужуудад галт тэрэгний хөдөлгөөнийг түр зогсоох шийдвэр гаргаад байна.
“Toyota”, Honda”, “Mitsubishi Heavy Industries” зэрэг томоохон компаниуд байгалийн гамшигтай холбогдуулан үйлдвэрүүдийнхээ үйл ажиллагааг түр зогсоогоод байгаа бол “7-Eleven ” нийт 1650 дэлгүүрээ түр хаажээ.
Одоогийн байдлаар Хайшен хар салхи Номхон далайгаас Японы Окинава арлыг зүг 20 км/ц хурдтай чиглэж байна. Хайшен хар салхи Японы өмнөд нутагт ням гарагаас даваа гарагт шилжих шөнө хүрэх төлөвтэй байна.
Японы Ерөнхий сайд Абэ Шинзо баасан гарагт Засгийн газрын шуурхай хуралдаан хийж, байгалийн гамшигт бэлтгэх, орон нутгийн ард иргэдийн хамгаалах чиглэлээр бүхий л шаардлагатай арга хэмжээ авах үүрэг өгчээ. Японы баруун өмнөд хэсгийг саяхан Майсак хар салхи дайран өнгөрсөн билээ.
Сэтгэгдэл ( 0 )