Ай.Төмөр-Очир: Ахмад дайчдын гутлын шороог үнэрлэсэн би эх оронч байхгүй яах юм бэ

Ч.Үл-Олдох | Zindaa.mn
4 цагийн өмнө

Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч, яруу найрагч, Зоригтнууд овогт Айлтгүйн Төмөр-Очиртой ярилцлаа.

 

-Би боддог юм, Дарьганга эрчүүд гэж хэн бэ. Тэдний сэтгэл, жудаг, ухаанаар бүтсэн дарьганга өв соёл гэдэг чухам юу юм бол. Тэр нутагт төрж, хөрс шороон дээр нь хөрвөөж хүн зоных нь дунд хөл, хэлд орсон хүний хувьд та юу гэж бодож байна?

-Би Сүхбаатар аймгийн Дарьганга суманд төрсөн. Дарьгангад сайн эр гэж байдаг бол тэрнийх нь нэг би мөн. Саарин хөлтэй юм уу, саваагүй ноход байдаг бол  тэрнийх нь нэг бас мөн. “Сэгсгэр ч гэсэн ээж минь, сиймхий ч гэсэн гэр минь” гэгчээр сайн хэлсэн ч, муу хэлсэн ч би дарьганга. Тэр дундаа Дарьгангын Алтан-Овооны энгэрт Овоон булан гэж сүүдэр хургадаггүй хонхорт ээждээ эрхэлж мөлхөж хөрвөөж өссөн, түүгээрээ би бахархдаг. Дарьгангын эр хүн болж төрсөндөө бахархахгүй өөр яах билээ. Дарьганга нутаг хурдан морь, алт мөнгөний уран дархан, шар будаатай цай, тогооны нэрмэл гээд олон брэндтэй.Тэр нь хэдэн зуугаас хэдэн мянган жил тээж ирсэн ахуй амьдралаас нь үүдсэн ийм соёлууд байдаг. Тэр дотор Дарьгангын аман билэг гэж гайхамшигтай зүйл бий.

Энэ бол авьяасын үзүүлэлт, ардын урлаг, цээж тургих буюу сэцлэх урлаг юм. Миний дээдсүүд тийм уран чадвартнууд байсан. Олонд алдартай “Орсгой” Лувсандаш гэж хүнийг Дарьганга хошууныхан андахгүй. Миний ээж Галсандаш гэдэг хүн байсан. Хөх Мээрэнгийн Галсандаш, Лувсандаш, Агваансамдан гэж ах дүү гурав байж.  Тэд миний ээжийн ах нар учир бид нагац ах, нагац аав гэж хэлдэг. Лувсандаш ахыг манайхан хүндэлж Андуу ах гэдэг байсан. Андуу ах Дарьгангын урд биеийг даган,  Асгат, Дарьгангын  нутгийн завсраар адуу оторлоод явдаг байсан. Хэлсэн, ярьсан гайхамшигтай өв соёл нь үлдсэн. Өөрийнхөө тухай

“Цавын айргаар нутагтай

Цал буурал толгойтой

Олонд алдартай

Орсгой Лувсандаш гэж би байна” гэж тэр үед хэлж ярьдаг байсан. Нэг удаа аймгийн төв яваад  ирсэн гэдэг. Тухайн үед буюу 1942 онд Сүхбаатар аймгийн төв Жавхлант шарга нэртэйгээр байгуулагдаад удаагүй байж. Тийшээ явж ирсэн хүн ч ховор. Мань хүнийг аймаг ороод ирэхэд “Хотоос ирсэн хүн торго хоргойноос үнэтэй” гэгчээр хот айлынхан цуглаж, аймаг явсан Андуу ах ямар сонин сайхантай байна вэ” гээд амьтан хүн шавангуут мань хүн “..:За, за аймаг яваад яахав дээ, нэг гуанзанд орж үзлээ” гэж. “Гуанз гэж юу вэ” гэж. Тэр үеийнхэн гуанз гэгчийг мэдэхгүй байж. Тэгэхэд нь “Гуанз гэж үү, за яах вэ бие гүйцээгүй хүүхнүүд, билүүнд хүрээгүй хутга, бэлчээрт хүрээгүй малын мах байдаг газар байна даа” гэж одоогийн  нийтийн хоолны газруудын анх бий болж, хөл тавьж байх үеийг онож хэлсэн байдаг. Дээр нь олны юм тийм байдаг гэдгийг эгээ л дүрлээд нь хэлчихсэн байгаа юм. Зуд болж хамаг мал нь үхээд дууссан тухай Андуу ахын хэлсэн ярьсныг нь бичвэл бүтэн ном зохиол болохоор олон үйл явдлуудыг дүрсэлсэн байдаг. Хамгийн сүүлд албаны хүн очоод “Танд ер нь юу ч байхгүй юу” гэсэнд “Байхгүй юу гэвэл байнаа, байна” гэж. “Юу байгаа юм бэ” гэсэнд мань хүн зуд болоход гэртээ ганц тумбаа гунж /дотор өөх сайтай, зуд болоход үхэж үрэгдддэггүй мал/ оруулаад хавар тугалуулж, цайныхаа сүүг аваад орсон тухайгаа хэлж л дээ. Тэгээд “Танд юм байна уу гэхэд нь”Байна байна” гээд, “Юу байна” гэхээр нь “Надад доошоо шээдгээс Должин байна, хойшоо шээдгээс солжир байна” гэсэн гэдэг. Тийм мэргэн, түргэн. Түргэн хэллэгийн ур ухааныг задлаад үзэх юм бол гайхамшигтай. Ийм сайхан хүний удам юм аа, би. Морь гээд ярихад угшил, удмыг дурддаг. Түүн шиг шүлэг ч гэсэн удам уг гэж байна. Адуунд төрсөн хурд гэж байна, түүнээс сурсан хурд гэж байдаггүй. Тийм болохоор “Төрсөн амьтан юм аа” гэж хурдан удмын адууг хэлдэг. Түүн шиг яруу найрагч ч гэсэн төрсөн байх ёстой. Олон сургуульд явж, Горький төгсч ирсэн боловсролтой зохиолч олон л байдаг. Гэхдээ үндсэн авьяасыг модны үр үндэс шиг ургуулдаг болохоос биш хожим хойно сураад том яруу найрагч болчихдог хүн байдаггүй юм. Тиймээс би энэ чиглэлээрээ дагнаж мэргэшээд, суралцаад явсан гэвэл худал. Гэхдээ би өөрийн гэсэн цуглуулгатай, Дарьгангын өв соёлыг авч явах үүрэг гэх  бичигдээгүй хуулийг дагаж ирсэн. Дарьгангад маш олон юм бий дээ. Хамгийн сүүлд Дарьгангадаа очтол бидний “Лусын хаан” гэж ярьдаг, Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн Дамбын Шагдарсүрэн ах хэдэн хоног манай суманд ажилтай яваад буцах үедээ таарлаа. Тэгээд надад “Хүүе Төмөр-Очир оо, танай нөгөө гоё шар будаатай цайг бид уусангүй шүү дээ” гэж байна. Тэр үг шанагаар тархин дундуур татаад авах шиг болсон. Нэг мэдэхэд бид ээж, аавын үеэс уламжилж ирсэн данханд хийгээд сугсарч уудаг будаатай цайгаа чанахаа байчихаж болохгүй. Цайны зам, цайны соёл бол хэдэн мянган жилийн түүхтэй. Цай архинаас өмнө хүнд ирдэг сэтгэлийн дээд байдаг. “Дарьгангынхан данхаар архи өдөг” гэж ярьцгаадаг. Одоогийн хүмүүс шил, лонхоор тавьж хундгаар уудаг байх. Манайхан зэс данханд хийгээд мөнгөн аяганд хийж өгдөг. Тогооны нэрмэл архи саяхныг хүртэл байлаа. Архиндаа биш угсардаг тогоо, бүрхээр, сүү шимийн идээнээс нэрж гаргаж байгаа гээд бүгд эрүүл, цэвэр байх, түүнийгээ хүндэлсэн хүндээ өгдөг байх, их уулгүй тааруулах, идээ ундааны дээж Дарьгангын нэрмэл гэдэг огт өөр. Хангай газар идээ, цагаа элбэг дэлбэг сайхан гардаг гэлцдэг. Манайхан айрганд дургүй дээ юм уу, гаргаж чадахгүй байгаа юм биш. Тухайн нутгийн ургамал, ногооны бүтэц, малын араншин өөр. Тиймээс бид айраг хийж наадаж цэнгэж чаддаггүй. Угаасаа тийм өв соёл байгаагүй. Гэхдээ хүмүүс айраг исгэх гэж туршиж үзэж байсан. Долоо хоногоос хэтрэхгүй, болохгүй байна гэдэг. Харин тэр үнээний сүүгээр хийсэн нэрмэл архи гэдэг Дарьгангын жилийн дөрвөн улирлын бахархал. Хэзээ ч очсон, хэнийхээр ч орсон  данх юм гаргаад  ирнэ. Ганц данх ч биш хэдэн данхаар нь ууна. Тийм сайхан хор, шаргүй, химийн ямар ч хольцгүй эрүүл хүнс, идээ, цагааны дээж байлаа. Хамгийн том өв соёл бол Дарьгангын мөнгөн урлал, аяга, эмээл, хэт хутга, Биднийг багад сайхан дархчуул байлаа. Чойдоржийн Зандаахүү гэж өвгөн байлаа. Дархан Дондов гэж алдаршсан буурал байлаа. Дамиран гуай гэж сайхан өвгөн байлаа. Манай Дарьгангад дархан айлын зуух дандаа хойшоо харсан амтай. Яагаад гэвэл өвгөн дархчуул үлээвэр, шилээвэр, хөөрөг гэх мэт багажаа галын ам руу гударч халааж хийдэг учраас гэрийн эзэн хоймроо завилаад суучихна, зуухных нь ам хойшоо харсан байдаг. Дарьганга дархны онцлог тийм. Гэртээ идээ, цагаагаа боловсруулахад зүүн тийшээ харсан гэрийн эзэгтэйн зуух бас байна. Олон сайхан дархчуулын тухай шүлэг найраг, хүн шоолсон дамшигласан, эргээд бахархсан нь байх. Манай Дарьгангын дархчуул гэвэл /Баяндэлгэр, Асгат гээд наашаа Дарьгангыхан ордог/ Балдан-Осор дархан, Дугарын Шарав, Баяндэлгэр хавиар Шар дархан гэж дуулддаг, бодвол түрүү үеийн дархан байх.

-Орчин цагт Дарьгангын соёлын өвийг судалж, хамгаалж яваа хэн байна?

-Дарьгангад Шаравын Содномдаш гэж мундаг багш байсан. Тэр хүн маш сайхан дуулж  хөгжим тоглодог, тухайн үедээ Дарьгангын өв соёлыг ихээхэн цуглуулдаг байсан. Бүгдийнх нь зураг хөргийг авч, одоогийнхоор бол каталогижуулаад. Мөнгөн аяга, эмээл гээд төрөлжүүлчихсэн. Одоо тэр хүний үр хүүхдүүдэд  байдаг байх. Угсаатны зүй судлалаар зураач Ё.Бадарч маань нэлээн сэтгэл тавьж ажиллаж байгаа. Би бол дархан, бурхан хийж явсангүй. Тийм цаг зав ч болсонгүй. Хот бараадаад сургууль номд яваад өгсөн. Манай удам дотор ч өв соёл цуглуулсан хүн байхгүй. Хүн өөрт хамгийн дөхүү зүйлээ хийдэг. Өөрөө өөрийгөө нээж чадвал хамгийн дөхөм юм. Тэрэгний морь шиг хүн өөрийгөө уяж хурдлуулах гээд байвал чадахгүй, цагийн ч гарз. Хурдан морь шиг хүн тэрэгний морь болж тэргэнд ороод зүтгээд байвал чадахгүй. Үүн шиг хүн өөрийн авьяасыг гэх үү, дэм дөхүү байдлаа харж сурч боловсордог. Би хүүхэд байхын Андуу ахын удам гэж явлаа. Манай Дарьгангын өвгөчүүл ч хэлдэг байсан. “Төмөр-Очир оо, чи бол орсгой Лувсандашийн удам шүү дээ” гэж. Тэр үед манайхнаас Их Моонон гэж өвгөн байлаа, аймгийн төвд шар Цэрэнжав гэж өвгөн байсан. Тэд намайг “Лувсандаш аа” гэдэг сэн. Хүүхэд байхад юу хэлж байгааг нь ч сайн мэдэхгүй. Нутгийн өвгөчүүл “Энэ чинь Лувсандаш гуай юм шүү дээ. Тэр хүний сүнс” гэлцдэг. Тэр хүний ид шид гэх үү, миний хэлэх ярих багаасаа л өөр байсан. Байнга инээд наргиан үүсгэж, хүүхэд инээлгэж явсан. Намайг наймдугаар анги төгсөөд техникумд явах болоход манай аав маань ээжид “Энийг Мижээ эмчид нэг сайн үзүүлж шалгуулаад явуулъя” гэж байсан гэнэ лээ. Хүн шоолж, хавийн амьтныг хөхөлдүүлж, өөрөө савж унаад л явна. Тэгээд “Энэ чинь эрүүл юм уу, ухаан мэдрэл нь зүгээр байгаа” гэж л дээ. Тэрийг нь манай эгч сүүлд хэлж байж билээ. Тэр нь хүүхдийн байдаг л нэг зан байсан байх, гэхдээ надад авьяасын жаахан юм байсан. Тэрийгээ зүлгэж арчилж өнөө хүрсэн гэж боддог. Бавуугийн Лхагвасүрэн тэргүүтэй яруу найргийн томчуул миний тухай сонин хэвлэлээр ярьсан хэлсэн нь бий. “Авьяас гэдэг төрдөг юм, энгэрийн тэмдэг, элдэв үнэмлэхээр үнэлэгддэггүй юм. Би бол цусандаа омогтой, төрсөн авьяастай яруу найрагч шүү” гэж би өөрөө ч хэлдэг байсан. Тэр үед залуу ч байж. Одоо ч тухайн үед хэлж байснаа “Ам алдчихлаа, амь өршөөгөөч” гэж боддоггүй шүү. Тэглээ гээд улс амьтан уурлуулж харгалдаж, дээшээ доошоо яваад байдаггүй. Хувь заяаныхаа замаар явж,  жаргахдаа жаргаж, зовохдоо зовж зовлон шаналалыг ч туулаад явж байна. Энэ бүхэн миний ярианы оршил юм. Гэхдээ “Дарьганга эр хүн гэж хэн бэ, дарьганга өв соёл гэж юу вэ гэдэг асуултад чинь дөхүүлж хэлсэн үгс дотор дарьгангачуулын жудаг,сэтгэл багтсан гэж найдна. Харин  Дарьгангын мөнгөн урлалаас надад нэг санаа төрсөн. Түүнийгээ нэлээн хожуу эхлүүлсэн.

-Та мөнгөний дархан хийдэг юм уу?

-Би мөнгөн урлал, уран дархан хийдэггүй, харин  олон хүнд мөнгөн аяга бэлэглэсэн. Өгсөн гэдгээ бас энд тэнд ярьж явсангүй. Бид үр хүүхдээ байтугай өөрсдийгөө мэдэхгүй байна. Бид Монголоо мэдэхгүй байна. Дэлхий даяаршиж байхад мэдэх юм алга болж талийх нь. Мэдэхийн оргил бол дотогшоо мэдэрч, өөрийн сэтгэлийн чинадаа мэдрэх юм. Тэр талдаа төгсч байж хүн өөрийгөө мэднэ. Тэгээд улс орноо хөгжүүлнэ. Ер нь бол оюуны бядтай, оюуны ертөнцөд одтой, зүтгэлтэй байх нь төр засгийн бодлогод ч хамаарна. Энэ нэг хүний, хувь хүний асуудал биш. Би 2003 онд Алдар толгой, Айдсын даваанаас нааш наадам хийдэг байснаа больж Хүй долоон худагт төрийн наадам хийхэд хотод орж ирсэн юм. Тэгэхэд таван мөнгөн аяга өвөртлөөд наадамд мордож байлаа, залуу ч байж. Залуу байхад юм бүхэн омогтой, одтой, аагтай шүү дээ. Гурван мөнгөн аяган дээр нь өгөх хүнийхээ нэрийг биччихээд өвөртөлчихсөн. Миний үеийн нөхөр, журмын анд Онон манлай, ҮХЦ-ийн гишүүн Жанцан гэж миний хуурай ах, Содномсүрэнгийн Цог гэж Завханы уяач, миний хуурай ах маань Герман явж 90 мянган доллараар зүрхэндээ гуурс тавиулж амь гараад ирлээ гээд уулзаж байсан юм. Тэр гурвын нэрийг аяган дээрээ бичүүлж, нөгөө хоёрыг нь болохоор надтай таарч сэтгэл хөдөлгөсөн хэн нэгэн азтай, одтойд нь өгнө гээд өвөртөлчихөөд давхиж явсан. Наадамд очсон хүмүүс найр хэсч, шүлэг уншиж, дуулж наргиад явдаг жамаар таарж уулзаад аяга өгчихлөө. Наадам ч шувтрах дөхлөө. Нөгөө хоёр аягаа өвөртлөөд харих нэг л тиймхэн. Хүнд өгч, сэтгэлийг нь баярлуулж, өөрөө тэрнээсээ кайф авах хүсэлтэй. Ингээд явж байтал Монгол Улсын алдарт уяач Цэндийн Бямбадорж гэж нутгийн ахын маань өөрийнх нь азарганы төл азарганы уралдаанд айрагдахад би их хөөрлөө. Хүмүүсийн гадаадаас авчирсан хоохор, хээхгэр нүнжиггүй адуу түрүүлгэж баярлаж шуугиж байгаа нь таалагддагүй. Могжгор монгол адуугаар, тэр дундаа дарьгангынхаа адууг улсын наадамд айрагдуулсанд нь баярлахдаа Бямбадорж ахдаа нэг мөнгөн аягаа бариад, нөгөөг нь Ховд аймгийн Дарви сумын алдарт Түвдэнгийн алаг морь гэж байдаг даа, түүний төрсөн дүү, уяач Дамдинхүүгийн Батмөнх найзын маань дүүгийн морь айрагдахаар нь бэлэглэж байлаа. Мөнгөн аягаа өгч чадахгүй явсаар наадам тарвал тиймхэн. Тиймээс давхиж явж таван мөнгөн аягаа тарааж сэтгэл амраад улсад түрүүлсэн бөх шиг, морио түрүүлгэсэн уяач шиг магнай тэнэгэр буцсан. Миний наадам нэг ийм болдог. 2005 онд Хүй долоон худагт Хэнтийн Дэлгэрхааны ард Хөдөө аралд наадам болоход би очиж шүлэг уншиж, Гаваагийн Батхүү, Онон манлай хоёр хамт дарвилаа. Тэгтэл шүлэг сонсох гээд шавж байсан хүмүүс морь харахаар давхилаа. Тэгэхэд Гаваагийн Батхүү “Морь ч яахав гарахад нь гаргаад өгсөн бол ирэхэд нь гүйж очсон очоогүй өөрөө л хүрээд ирнэ шүү дээ, бид гурав шүлгээ уншаад, сонсоод сууж байя. Та нар яваад үзчихээд ир” гэсэн. Ингээд бид гурав суугаад үлдсэн юм. Морь ирэхэд бид гурав шүлгээ уншаад сууж байсан. Тэр наадамд Дорноговийн алдарт уяач Алтангэрэлийн хүрэн үрээ түрүүлсэн. Г.Батхүү маань “Монголд ийм алдартай сайхан найрагч байдгийг би  сая л мэдлээ. Сайхан байлаа. Надад танд өгөх юм алга гээд цагаа тайлж өгснийг нь би 15 жил зүүгээд явж байна. Тэгээд цааш нь аягаа л ярья даа. Ямар хүмүүст аягаа өгөх вэ гэхээр би өвдөж зовж явсан хүн, эмнэлэгт хэвтэхдээ эмчдээ өгнө, морь харын наймаа хийвэл дээр нь заавал мөнгөн аяга барьж очно, машин унааны наймаа хийхэд ч аягаа дагуулна. Учир их бий. Би айргийн таван морь шиг найргийн таван ном гаргасан. Миний номын оршил удиртгал үгийг Цэндийн Чимиддорж, Дөнгөтийн Цоодол, Тангадын Галсан, Бавуугийн Лхагвасүрэн, Ардын уран зохиолч Пунцагийн Бадарч нар бичсэн. Тэдэндээ би дандаа мөнгөн аяга барьж байсан. Нэг удаа Тангадын Галсан багшид өгнө гээд мөнгөн аяган дээрээ нэрийг нь бичүүлчихээд өвөртлөө давхиж явтал Сүхбаатарт Жамбын Эрдэнэбаатар гэж найз маань улс төр хийж дээрэлхүүлээд ялагдаж явахтай таарлаа. Найзыгаа өрөвдөөд гараад  мөнгөн аяга  бэлэглэх гэтэл нөгөөх Тангадын Галсан гэсэн бичигтэй аяганаас өөр юм алга. “Энэ болох уу” гэсэнд “Харин ч бэлэгшээлтэй юм биш үү” гэнэ. Тэгэхээр нь тэрийгээ өгчихсөн. Одоо Сүхбаатар аймагт “Тангадын Галсан танаа” гэсэн бичигтэй мөнгөн аягатай айл бий. Би мөнгөн аяга урлаж дархалж чадахгүй. Гэхдээ Дарьгангын хүнээс, тэр дотроо Дарьгангын яруу найрагчаас мөнгөн аяга авсан хүний нүд гэрэлтэж, асч явах нь сайхан. Хүн баярлуулах тийм сайхан. Ингээд яриад байвал олон доо, би лав 50, 60 хүнд аяга өгсөн. Бас адал явдалтай. П.Мөнхжаргалыг аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга боллоо гэхэд би тоогоогүй. Гэтэл нэг өдөр ажлаасаа халагдлаа гэнэ, тэр үед цүнхэнд мөнгөн аяга байж таарахаар нь бэлэглэж явсан. Ерөнхий сайдыг нутагтаа ирэхэд улс амьтан их мөнгө нийлүүлээд бэлэг сэлт авч очиж байна гэж дуулсан. Нэг удаа таараад би тантай уулъя гэсэнд уулзаарай гэж байна. Яруу найрагч  хоосон ядуу гэж хэн хэлснийг  мэдэхгүй. Харин ч яруу найрагч ухаантай бол, бүтээлтэй бол хүн шиг л амьдарч явна шүү дээ. Тиймээс  дэлгүүрээс би алтан аяга аваад Ерөнхий сайд дээр орж байсан. Түүнээс хойш би чамд аяга өгсөн гэж нэг ч удаа ороогүй. Хүн баярлуулах нь миний сэтгэлийн таашаал. Хүмүүс би уул уурхайн төдөн лицензтэй, өчнөөн хөөрөгтэй гээд ярьж байх л юм. Тэр нь баяндаа баян, сайхандаа сайхан л байдаг байлгүй.

-Тэгвэл хүмүүс танд хэр олон мөнгөн аяга барив?

-Надад бол айргийн таван морь шиг шүлгийн номоо гаргахад, мөн “Морин хуур” наадамд хоёр удаа түрүүлэхэд найз нөхөд маань мөнгөн аяга барьж  байсаан. Тэр нь одоо ч бий. Өөрөө өгдөг хүн, найз нөхдийнхөө өгснийг бас авна шүү дээ. Би бас хүмүүст адуу бэлэглэх дуртай. Манайх Асгат, Дарьганга чигийн сайхан адуутай. Сүүлийн үед мал ахуйгаас  хөндийрч олигтой уяж чадахгүй байна. Хэдэн жилийн өмнө Содон хээр азарганы маань төл Бодон хээр азарга наадамд түрүүлж байлаа. Сэтгэл хөөрөөд найз нөхөддөө адуу бэлэглэж явлаа.

-Ингэхэд ясны тэмцэгч зан чанарыг та хэнээсээ өвлөв? 

-Хүн хөнгөхөн амьдарч болдог. Хээл хахуульгүй, авлига авалгүй хөнгөхөн амьдарч болно. Шударга ёсыг мөрөөдөөд явбал зөв л явах ёстой. Тиймээс би “Буруу яваагүй хүнийг бурхан нэг л өдөр шагнана” гэж хэлэх дуртай. 2013 онд би элгээ солиулсан. Хүмүүс үхээд бослоо гэж ярьдаг бол би үхээд үзсэн. Үхэхэд ийм юм хэрэгтэй юм байна, ар талаа ингэж үлдээх ёстой юм байна гэдгийг мэдэж авсан. Бурханы ивээлээр тэр цагаас хойш би арав гаруй жил найз нөхдийнхөө дунд инээж хөхөрч, шүлгээ бичээд давхиж явна. Үүнийгээ би сайхан сэтгэлийн хувь тавилан гэж боддог. Миний өвөө Халхголын I морь хорооны дарга байсан, Тагнуул ангийн дарга явсан Гончигийн Санжмятав гэж баатарлаг тэмцэгч хүн байлаа. Өнгөрсөн жил Халх голын 80 жилийн ойгоор би тэнд очиж Дандарын алаг морины чихмэл хийж өгсөн. Музейд нь нэр устайгаа байгаа. Миний өвөө 1912 онд төрсөн, Дандар баатар 1914 онд төрсөн. Би Халх голын 45 жилийн ойг тэмдэглэх үед 27-хон настай улс төрийн ажилтан Халх гол руу Дандар баатар, өвөө хоёрыгоо дагаад түүхт ойд очиж байлаа тэр үед. Сая 80 жилийн ойгоор Ш.Гүрбазар “Би Дандар баатартай хөзөр тавьж явлаа. Та нарын дунд Дандар баатартай хөзөр тоглож явсан хүн байна уу” гэхэд хэн ч байсангүй. Дараа нь би үг хэллээ. МҮОНРТ-ийн хөтлөгч Д.Цоодол зарлаж гаргасан юм. Би болсон явдлыг л хэлсэн. Халх голын ялалтын 45 жилийн ой 1985 онд болоход оролцож явлаа. 27-хон настай жаахан залуу тийшээ очсон. Тэнд Дандар баатрыг хүмүүс хүндэлж, үг яриаг нь сонсох гэж хошуурч, би баатар хүний ач хүү бас бараадаад явлаа. Дандар баатартай үг ярьсан гэвэл худал, би жижигдэнэ. Гэсэн ч элэг нь татагдаад дагаад бараадаад явсан. Халх голын ялалтын ойн тэр наадамд Түвшин заан түрүүлж, Зууны манлай, Монгол Улсын тод манлай уяач Д.Даваахүү аймгийн арслан цолтой үзүүрлэж байсан юм. Би Дандар баатарын хажууд сууна, баатрын нуруун дээр Халх голын шумуул суухаар нь алгадаад алж өгнө. Тэгээд би Ш.Гүрбазрын үгэнд хариу наргиа болгож  хэлсэн юм. “Халхын голд Дандар баатар дайсныг шумуул шиг алж явлаа. Би Дандар баатар дээр суусан шумуулыг дайсан шиг алж явлаа” гэхэд тэнд байсан хүмүүс инээлдэж бөөн наргиан болсон. Тэр гэхдээ үнэн, болсон явдал юм. Ийм хөгжөөн наргиантай  өнгөрсөн намар Халх голын ойд очиж оролцсон. Улс орон, тусгаар тогтнолын үнэ цэнэ, газар шорооны бүрэн бүтэн байдал ихээхэн хэцүү байдалд байхад миний тэрслэж тэмцэж, амьдралынхаа утга учир болгож зорьж ирсэн зүйл ерөөсөө эх орны төлөө. Цэрэгт гурван жилийн алба хааснаас хойш өнөөдөр 60 нас гарчихсан өвгөн би амьдралынхаа 30 жилийг эх орны төлөө зүтгэж байна. Үүнд минь өвөөгийнд хааяа ирж тогооны нэрмэл уугаад ярьж хөөрдөг байсан өвгөчүүлийн үг ч бас ташуур болсон байх. Халх голын 39 жилийн ойгоор Дорноговиос Чойн Дугаржав гэж ахмад дайчин Улсын баатар болсон. Нэг шөнө манай аймагт өвөөгийнд ирж, Ядмаа хурандаа, өндөр Аюуш, Гүндэвийн Шагдар, Өөшкө Батсүх гээд өвгөчүүл цугларлаа. Би бага байсан болохоор унтаад өгсөн. Нэг сэрсэн өвгөчүүл  нэрмэлд халаад “Талын манханд давшиж явсан, Тасаг цэрэг байсан юм сан. Дайсан биднийг бүсэлж авсан Даанч хэцүү цаг юм сан” гэж дуулаад пир пар, пир пар хийтэл хөл тавьж байна. Ингээд бодохоор би ахмад дайчдын гутлынх нь шороог үнэрлэсэн хүн юм даа. Дуулаад зуухаа тойрч хөл тавиад тэврэлдээд уйлж байгаа тэр олон баатруудыг би тэгж анх харсан. Тийм  болохоор би үхээнц байж чаддаггүй. Бүр үхээнц ч байх чадваргүй хүн сүгнүүдэд дургүй. МАН-д би 36 жил гишүүн байгаад гарсан. Тухайн үедээ би Ардын намын баатар байсан, од явсан, Их хуралд нь төлөөлөгчөөр сонгогдож, шилдэг мундаг гэж явлаа. Намын дээд сургууль төгсч улс төрийн ажилтан хийж явсан.

-Сүхбаатарчууд гэж хэн бэ, дарьганга хүн гэж ямар хүнийг хэлэх вэ гэж асуувал та юу гэж хариулах бол?

-Манайхан баатарлаг ард түмэн. Зах хязгаар нутагт Манжийн дарлалд олон жил болсон. Хамгийн сүүлд Манжийн сүрэгчин хошуу болж үлдсэн. Галдан бошигтын үлдээсэн ойрд, өөлд, гурван цусны зангилаатай, омогтой ард түмэн. Хамгийн багаар бодоход О.Дашбалбарыг хар, их жанжин Д.Сүхбаатарыг хар, Дүгэржавын Маамыг хар. Одоо Ж.Батзанданг хар. Надад хүн судлалын ухааны доктор Дэмбэрэл гэдэг хүн хэлж байсан юм. “Төмөр-Очир оо, би чамайг харахаар, Балбарыг харахаар, Батзанданг харахаар надад дарьганга хүн гэдэг огт өөр төсөөлөл буугаад байх юм. Хүн бол хүн. Гэзэгтэй, сүүлтэй, амтай, хамартай. Уйлдаг инээдэг хүн байдаг. Гэтэл дарьганга эр хүн гэдэг өөр амьтан байдаг гэдгийг би та гурвын жишээг хараад анзаарч байгаа шүү” гэж тэр том эрдэмтэн хэлж байсан. Би өөр байх гээд өөр байгаад байгаа юм биш. Сэтгэлгээ нь, үзэл бодол, эрх чөлөөний эр зоригийн дуулал гээд бидний явж ирсэн зам, замнал өөр юм. Би хүнээс айж явсангүй. Буруу яваагүй учраас тэр. Буруу замаар будаа тээсэн хүн л бусдаас айх болохоос чигээрэ явсан хүн хэнээс ч айхгүй. Өнөөгийн энэ хэцүү цагт Монголыг идсэн, тоносон дээрэмчин, тонуулч, хулгайч нар айх болохоос чиг мөрөөрөө явсан ард түмэн айх ёстой юм уу, Ай.Төмөр-Очир айх ёстой юм уу. Нэг сэтгүүлч надаас та айх тухай, ай чимээний тухай юу боддог вэ гэхэд нь би хэлж байлаа. “Айхын ч ай биш, айлгахын ч ай биш. Аялгуулж дуулахын, асч дүрэлзэхийн ай юм шүү” гэж. Тийм учраас ай гэдэг бол сэтгэлийн дуудлага. Ай сайхан нутаг минь, ай сайхан эх орон минь, ай сайхан аав ээж минь гэж хэлдэг. Ай гэдэг сайхан аялга, дуудлага байдаг. Манай нутгийн нэгэн настай өвгөн хэлж байсан юм даа “Монголын радио нээх муухай ээлэх боллоо” гэж. Тэгээд тэр настан цээрлэж “Ээлэх бол халаглах, алдчихлаа, эндчихлээ гэж ээлэх халаглал юм” үүнийгээ засаарай гэж байсан. Би эх орны баатруудын архийг зөөж цүнхийг барьж гүйж явсан, одоо тэд үхээд дуусч байна. Гэхдээ Монголын эх орончид зодог тайлахгүй гэж би боддог. Би зодог тайлаагүй, дахиад цаана байгаа хэдэн сайхан дүү нар байна. Эх орны тухай шүлэг бичдэг залуус олон байна. Би тэднийгээ шүлэг гэж дэвэргэж, архинд уруу татчихлаа гэж боддоггүй. Надад “Яндаг” фильм студийн захирал Болдбаатар гэж уран бүтээлийн сайхан дүү бий. Түүний эхнэр нэг өдөр “Манай нөхөр тантай нийлснээс хойш шүлэг бичээд болдоггүй” гэж хэлж байсан. Тэгэхээр нь би айлын авгайчууд “Манай нөхөр тантай нийлснээс хойш архи уугаад байх боллоо” гэж заргалддаг юм билээ. Шүлэг бичээд байгааг ах нь яая гэхэв дээ гэсэн. Одоо Болдбаатар хэдэн сайхан шүлэгтэй, дуу болсон нь ч бий. Уран бүтээлийн гэрэл гэгээ тийм байдаг. Би Данзангийн Нямсүрэн, Очирбатын Дашбалбар нартай дүйцэх амьтан биш. Гэхдээ тэдэнтэйгээ идэж ууж, машин тэргийг нь барьж, наана цаана нь гарч маллаж, толгойг нь түшиж мөрийг нь дарж  явсан. Тэр бол бас их заяа буян юм. Сайхан бурхадын гэрэлд, том оддын гэгээнд явж байлаа. “Даяаршил тогтож байгаа ч Дарьгангын тусгаар тогтнол өөрийнхөөрөө шүү” гэж би хэдэн жилийн өмнө хэлэхэд жаахан хатуудлаа гэцгээж байсан. Одоо  эргээд харахад  зөв гэдэг нь харагдаж байна. Өглөө үнэн байсан юм орой болоход худал болох, өвлийн юм намар  нь худал болох, намрын юм хавар худал болох ийм цаг үе иржээ. Чингис хааны хөлгөн их түүх “Монголын нууц товчоо”-нд Орондоо унтах завгүй орчилдон тэмцэлдэж явлаа  гэдэг шиг үнэн үг үнэтэй морьноос илүү үнэтэй. Үнэн хэзээд үнэ хүрдэг. Түүн шиг би “Даяаршил айсуй ирлээ ч, Дарьгангын тусгаар тогтнол өөрийнхөөрөө шүү” гэсэн. Өнөөдөр  коронавирус гээд ярихад тэр яах вэ гэж онгироод байсан улс орнууд бүгд хилээ хааж амиа бодож байна. Эргээд даяаршил, дангааршил гэдэг юм руугаа эргэж орох л байх. Дарьгангынхан сайхан амьдарч байгаа. Хурдан морио уяж уралдуулаад амьдарч байна.

-Та дарьгангачуулын жудаг, сэтгэл хоёрыг нэг хэлээч?

-Манайхан жудагтай ард түмэн. Тэр нь их гоё. Жудаг гэдэг бичсэн хуулиас илүү бичигдээгүй хууль байх. Ахас ихэсээ хүндлэх, жудагтай байх, уул лусдаа мөргөх, улга алдаж явах, идээ цагаагаа өргөж явах энэ бүхэн цаанаа маш том учиртай. Дарьгангын Алтан-Овоонд хүн цуглангуут яагаад бороо орж байна вэ. Орой нь цуглаад өглөө нь бороо орж байгааг юу гэж тайлбарлах вэ. Энэ мэт олон зүйл бий. Яагаад яруу найрагчдын хүрч очсон газарт шүлэг уншингуут бороо асгарч байна вэ. Завханд Б.Явуухулангийн 80 насны ойд бид очсон. Тэр зун огт бороо дусаагүй байснаа нэг яруу найрагч гарч шүлэг уншаад 100 морин хуурч хуураа таттал бороо асгарчихсан. Хүмүүс гайхаж, хүүхнүүдийн нүдний будаг урсч бүгд гайхсан. Ийм үйл явдал олон тохиосныг би мэднэ. Дорнодод Ц.Дамдинсүрэнгийн мэндэлсний 100 жилийн ойг тэмдэглэж  2011 онд наадам хийхэд хоёр өдөр бороо шаагиж, хамгийн сүүлд үзүүр түрүүний бөх барилдаж наадмаа хаах гэж байтал тэнгэр тасхийтэл дуугарсан. Төв асрын том майхан ханарч ойчоод унасан хүмүүс босч ирээд тэнгэр хардаг юм байна, дүн тавилаа, за боллоо гэж байна гэлцсэн. Ийм нарийн  учиртай, авшигтай, учир жанцантай байдаг. Тэгэхээр оюун ухаан хүчтэй юм. Дарьгангынхаа хойч үе, үлдэх үеийнхэнд санаа тавьдаг. Сайхан Ганга нуур минь одоогоор эзгүй байгаад харамсдаг. Гэхдээ хүрээд ирэх болов уу гэсэн зөн сэтгэл байдаг. Би сан тавьж, сэржим өргөдөг лам биш, гэхдээ тэгж бодох тооцоо надад бий. Ганга нуургүй байж болохгүй. Дарьгангын баруун дор Дуут нуур, Зэгстэй нуур гээд нуурууд байдаг. Тэр нуурууд өнөөдөр мөнгөн аягатай сүү шиг мэлтийж байна. Урд Дарьганга талдаа Ганга нуур маань байхгүй байна. Түүнээс цаашхи Ганга нуурын холбоо Холбоо нуур, Хөдөө нуур бас байхгүй байна. Хүнээр бол яг чамархай дээр нь мэргэжлийн бус хүмүүс буруу зөвшөөрөл өгч усыг нь буруу урсгаж, хариуцлагагүй үйл ажиллагаа явуулснаас Ганга нуураа ширгээсэн. Цаг хугацааны уртад Ганга нуураа залаад аваад ирэх боломж бий байх. Би юмыг өөрийнхөөрөө л араншингаар сэддэг, шийддэг. Өдгөө би өвгөн боллоо, дүү нар маанв байна, мөн  миний хүүхдүүд  ч том боллоо. Б.Явуухулангийн шүлэгт “Хоёр сайхан ундаргатай эхийн сүү дундрахгүй. 21 булагтай Ганга нуур ширгэхгүй” гэж бий. Сүүлд сайхан дуу болсон. 21 булгаар ундаалдаг Ганга нуур маань өнөөдөр ширгэчихсэн, ганц Оргихын булаг л одоо амьд цухуйж байгаа байх. Тэр 20 булаг хаачсан бэ гэвэл холоо явчихсан. 20 булаг хол явсан учраас Дарьгангад усны ундарга цөөрлөө. Ухааны ундарга булгууд олшроосой гэж би хүүхдүүд, дүү нартаа сүүлийн үед булаг гэдэг нэр өгч байгаа. Булаг бол гол ус юм, горхи юм. Горхиноос гол, голоос мөрөн, мөрөнгөөс далай болно, далай нь тэнгис болно. “Булгийн усанд бузар тогтдоггүй” гэж үг ч бий. Хамгийн бага охиндоо би Хосбулаг гэж нэр өгсөн. Дүү нарынхаа хөвгүүдэд Хорбулаг, Сорбулаг,  Хашбулаг, Төмөрбулаг, Хасбулаг, Хадбулаг, Болдбулаг гээд дандаа булаг гэсэн нэр өгсөн. Надаас хойш дарьгангад минь ус нь ундраасай, ухаантнууд ундраасай гэсэн ерөөлөөр ийм нэр өгдөг. Эмэгтэй хүүхдэд нэр өгпөггүй. Өөрийн отгон  охиндоо л Хосбулаг гэж нэр өгсөн. Манайхан эрэгтэй хүүхэд олонтой, Дарьгангаар дүүрэн харчуул өсч байна. Тэр олон булаг удахгүй Монголын хувь заяаг даасан сайхан залуус гарч ирнэ. Намайг буцсан ч ухаантнууд түрж гарч ирэг гэж нутаг орноо ерөөж үлдээж байгаа минь энэ.

-Та Дарьганга нутгаа адууны орон гэж шүлэглэж, тэр нь сайхан дуу болж ард түмний дунд дуулагдаж байна. Тэгвэл орон нутгийн өөрийн удирдах ёсны байгууллага ИТХ-аас аймгаа монгол адууны өв соёлын төв гэж зарлан батламжлуулсан. Дарьганга яагаад адууны орон, хурдны өлгий болсон юм бэ? 

-Би “Хурдан морины улаан хоолой дээр сууж байгаа” гэж хэлэх дуртай.Улаан хоолойгоор давахгүй юм гэж байдаггүй. Сүхбаатар аймгаар давахгүй, дамжихгүй хурдан морины түүх гэж хаа байх вэ. Олон сайхан хурдан хүлгийн түүх бий, олон зүйлийн жудаг бий. Дарьганга нутаг эртнээс Манжийн сүрэгчин хошуу байсан. Газар газрын шандаст хүлгүүд дарьгангад цуглаж байснаас үлдсэн юм ч их. Манжийн хааны сүргийг бүртгэдэг байсан Агтана хүрээ гэж байсан. Иймд аймгийн ИТХ-аас Сүхбаатар аймгаа монгол адууны өв соёлын төв хэмээн зарлаж, энэ ажлыг санаачлан зохион байгуулсан. Олон ч ажил зохион явуулдаг. Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг олон улсын гэрэл зургийн фестиваль хүртэл бий болсон. Тэр дундаа адууны соёл гэдэг маш том өв соёл юм. Би өөрөө Түмэн адууны төвөргөөн гэрэл зургийн үзэсгэлэн гаргаж, төвийн сонинд хэвлүүлж  байсан. Адууны ай түмэн хөдөлгөөнийг гэрэл зургийн урлагаар илэрхийлэх нь маш сонирхолтой. Иймээс адуу бол гэрэл зурагчдын том обьект наадам цэнгүүн болж хоёр жил явагдаад одоо гурав  дахь  жилтэйгээ золгож байна. ММСУХ гэдэг байгууллага  тасраад Монголын үндэсний морин уяачдын холбоо гэдэг байгууллага байгуулагдан нийслэлд их хурлаа хийж Ариунболд гэж залуу гүйцэтгэх захирлаар ажиллаж, Онон манлай, яруу найрагч Н.Лутбаяр, С.Амартайван бидний хэдэн нөхөд бүрэлдэхүүнд нь орж ажиллаж байна. Миний мөрөөдөл бол Ардын хувсгалын ойн хурдан морины уралдаанд монгол адуугаа хурдлуулаасай гэж боддог. Эрлийз адуу уралдуулж, янз бүрийн арга хэрэглэж түрүүлгэдэг явдалд би шүүмжлэлтэй ханддаг. Ямар сайндаа АТГ-т өгч шалгуулж хүртэл явах вэ. Наадмаа хийж чадахаа байна гэдэг Монгол Улс байхгүй болж байна гэсэн үг. Тиймээс улс орны хамгийн том бахархал наадам цэвэр байх юм. Миний мөрөөдөл ийм. Тэр нь Дарьгангаас эхтэй, дарьгангын өв соёлын хүрээнд, дарьгангын хурдан морины жудаг, өв соёлын наадмыг хадгалж  ирсэн мянга мянган уяачийн хөдөлмөр, олон хүний хөдөлмөр зүтгэлийг нэг хүн, 10 дарга, нэг аймаг, нэг нийгэмлэг нураачихаж болохгүй. Дарьганга уяа, дарьганга арга барил, тэр бүү хэл хүүхдийнх нь хувцас хунар, өмсгөл зүүлт, гийнгоо марзай гээд маш том өв соёлыг дархлаажуулах ёстой. Энэ бүхэн өнөөдөртөө санаа зовоож байгаа ажил. Гэхдээ дарьгангын тухай, дарьгангын өвийг ярьж байгаа мэт боловч Даяар Монголын өвийг ярьж байгаа юм. Манай улс баяр наадмын тухай хуультай, хүмүүсийн хөрөнгө хүчээ зарж авчраад адуулж маллаж ирсэн эрлийз  адууг би ийм тийм гэж үгүйсгээд яах вэ. Тэр хүмүүс уралддагаараа уралдана биз, тэд өөрсдийн орон зайд тэр уралдаанаа хийж уралддагаараа уралдана биз. Нэг зүйлийг хэлэхэд “Их хурд” гэдэг наадмыг яагаад хийсэн бэ гэвэл азарга, их нас хоёр уралддаг. Тэр нь халхын наадмын алтан хайрцагны бодлогыг тодорхойлдог. Ийм учир жанцантай. Эрлийз адуугаар хэн ч тэрийг тодорхойлоогүй. Монголын аман зохиол хийгээд түүхэн уран зохиол өв санд адууны тухай маш их өв бий. Богдын алаг морь, жанжин Сүхбаатарын хонгор морь, Дандарын алаг, Лхамсүрэнгийн хүрэн морь найраглал, Д.Нацагдоржийн “Шувуун саарал” гээд дандаа монгол морьд байсан. Тэнд эрлийз морьд байгаагүй. Монголчууд ийм бахархалтай. Ном зохиолд мөнхөрсөн, Монголын ард түмний оюун санаанд хадагдсан энэ буянтай ажлыг Сүхбаатарынхан, Сүхбаатар аймгийн ИТХ, сүхбаатар нутгийн залуучууд уяачид, тэр дундаа миний оролцоо гарцаагүй байх ёстой. Би даншиг наадамд азарга айрагдуулж явсан, хүүхэд байхдаа хурдан морь унаж өссөн. Айлтгүйн хүрэн, Айлтгүйн ногоон гэж аавын минь адуунд олон сайхан хурдан хүлгүүд байлаа. Дарьгангын шинэ үеийн түүхийг судалсан судлаачдын баримтууд 1962-1963 оноос бичигдсэн байдаг. Эхний хуудсыг нь нээхэд 1962 онд Дарьгангад Айлтгүйн сартай даага, саарал үрээ түрүүлсэн гэж дурдсан нь бий. Тэрийг би их бэлэгшээдэг. Ямар хувь заяагаар Дарьгангын шинэ үеийн түүх аавын минь нэрээр, хурдан адууных нь амжилтаар эхэлж байгаа юм бол доо гэж бодсон.

-Танд их баярлалаа. Та нутаг усны олон түмэндээ, залуус дүү нартаа манай сониноор дамжуулан үг дайгаач?

-Би таван ном гаргасан. Найз нөхөддөө хэлдэг “Би Монголын их утга зохиолд өргүй хүн шүү” гэж. Тиймээс ч би залхуу аанай ажилладаг. Гэхдээ өөртөө шүүмжлэлтэй ханддаг. Дунд нь эрүүл мэндээ алдаж цаг алдсан. Гэхдээ би цаг алдсан болохоос ёс алдаагүй, жудаг алдаагүй. Түмэн олондоо үнэнч байгаа учраас Монголын ард түмэн залбирч би өнөөдөр хүний дайтай яваа. Одоо надад өвдөж шаналах юм алга, гуниж гутах юм алга. Хүн шиг явлаа, хөлөг шиг дүүллээ. Цол гуншинг нь авлаа, төр түмэндээ үнэнч байлаа. Хэнээс ч мөр хулгайлж явсангүй, хэзээ ч юу билээ гэж шанаагаа тулж санаа алдаж суусангүй. Бичихээ биччихдэг, дуулбал гараад дуулчихдаг ийм л найрагч. Хүмүүс юу хийх билээ гэлцдэг. Надад хийх юмнаас их зүйл алга. Жаахан залхуу, түүнийгээ би үзэн яддаг. Ажилч хичээнгүй биш байж магадгүй. Дээр нь эрүүл мэндээ алдсан болохоор тэгж их хүчлэхийг бас дааддаггүй. Тааваараа өөрийгөө алхуулж, шогшуулж, ергүүлж, шогшуулаад явж байна. Сүхбаатарынхан сайхан ард түмэн. Миний нутгийн ард түмэн агуу сэтгэлтэй, агуу тусч. Хаана явсан хэлдэг дээ, Сүхбаатарынхан  сайхан сэтгэлтэй, тэндээс хурдан морь аваасай, тэндээ бэр аваасай, тэндээс хүргэн ирээсэй  гэхийг  Халхын нутгаар тойрч явсан газар бүртээ сонсч байсан. Тийм болохоор сүхбаатарын хамгийн том баялаг нь юу вэ гэвэл, сайхан сэтгэлтэй хүн зон нь, сайхан сэтгэлтэй ард түмэн нь гэсэн сэтгэгдэлтэй байдаг.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top