Хөшигийн хөндий чиглэлийн салбар төмөр замын төслийн нээлт өнгөрсөн баасан гарагт боллоо.
Энэ төмөр зам нь ачаа тээврийн зориулалт бүхий гуравдугаар зэрэглэлийнх бөгөөд 102.5 км урттай, гурван өртөө, дөрвөн зөрлөгтэй, 2.5 км урт гүүрэн байгууламжтай Монгол Улсад баригдаж буй анхны төмөр зам юм. Маршрутын хувьд “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн Багахангай өртөөнөөс салаалж, Төв аймгийн Сэргэлэн сумын нутгаар дайрч, Хөшигийн хөндий рүү чиглэж буй. Тус замыг холбогдох хууль тогтоомж, олон улсын стандарт, чанарын шаардлагад нийцүүлэн барьж байгуулах ашиглалтыг “Монголын төмөр зам” ТӨХК хариуцах аж.
Л.ОЮУН-ЭРДЭНЭ: ЭНЭ ТӨМӨР ЗАМ ХҮННҮ ХОТЫГ ШИНЭЭР БАЙГУУЛАХ ЭХЛЭЛ БОЛЖ БАЙГААГААРАА АЧ ХОЛБОГДОЛТОЙ
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Хөшигийн хөндий чиглэлийн салбар төмөр замын төслийг нээж хэлсэн үгэндээ хаврын бүтээн байгуулалтууд идэвхжиж байгааг онцлоод “Багахангай-Хөшигийн хөндий чиглэлийн 102.5 км төмөр замын төслийн бүтээн байгуулалт эхэллээ. Засгийн газар 2025 оныг “Нийслэлийн дэд бүтцийг дэмжих жил”-ээр зарлаж, авто замын түгжрэл, агаарын бохирдол, дагуул хот байгуулах, эрчим хүчний эх үүсвэрийн дутагдлыг арилгах зэрэг томоохон төслүүдийг эхлүүлж байгаагийн нэг нь энэхүү төмөр зам юм. Төмөр замыг энэ оны аравдугаар сард багтаан ашиглалтад оруулахаар төлөвлөсөн.
Энэхүү төмөр зам нь нийслэл Улаанбаатар хот, шинэ нисэх буудлыг түшиглэсэн Хүннү хотыг шинээр байгуулах эхлэл болж байгаагаараа ач холбогдолтой. Түүнчлэн логистикийн нийлүүлэлтийн сүлжээний бүх процессыг дижитал технологи, автоматжуулалт, болон AI, Big Data, IoT зэрэг дэвшилтэт системүүдээр бүрэн удирдах, бүтэн системийн интеграц, онлайн платформын шийдэл бүхий орчин үеийн логистикийн 5PL стандартад нийцсэн ачаа тээврийн логистикийн үйлчилгээг шинээр нэвтрүүлнэ. Энэхүү төмөр зам нь Улаанбаатар хотын ачаа тээврийн үндсэн зангилааг Богдхаан уулын урд хэсгээр тойруулах үндсэн шийдлийн нэг болж байна” хэмээв. Төслийг богино хугацаанд хэрэгжүүлэх зорилт тавьсан бөгөөд бүтээн байгуулалтын ажилд дотоодын 110 орчим ААН-ийн 2500 гаруй туршлагажсан, чадварлаг ажилтныг түшиглэн төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааны үндсэн дээр барина гэдгийг холбогдох албаныхан танилцуулсан. Тодруулбал, төсөлд төмөр замын дэд бүтэц нь тогтоосон стандартын дагуу 1520 мм царигтай, 25 метр бүхий уулзвартай дан зам байхаар төлөвлөгдсөн бөгөөд буталмал чулуун чигжээстэй, төсөр бетон дэртэй байна. Төрийн өмчит болон төрийн оролцоотой аж ахуй нэгжүүдийн хөрөнгө оруулалтаар хэрэгжих төслийн захиалагч нь Зам тээврийн яам, зохион байгуулагч нь Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар байх бөгөөд дотоодын 110 орчим ААН-ийн 2500 гаруй ажилтныг татан оролцуулж, таван сарын хугацаанд “Монголын төмөр зам” ТӨХК компани хариуцан гүйцэтгэнэ гэв. Төслийг хэрэгжүүлснээр, төмөр замын бүтээн байгуулалтын хугацаанд 3000 орчим түр ажлын байр шинээр бий болох бөгөөд 420 орчим хүн шинээр байнгын ажлын байраар хангагдана. Төсөл хөрөнгө оруулалтаа 15 жилийн хугацаанд нөхөх бөгөөд Монгол Улсад нийт 294.8 тэрбум төгрөгийн татвар төлнө. Салбар төмөр замын бүтээн байгуулалт нь улс орны нийгэм, эдийн засгийн хөгжлийн эрчмийг нэмэгдүүлэх, нийслэлийн төвлөрлийг сааруулах чиглэлээр төлөвлөж буй Төв аймгийн Сэргэлэн сумын Хөшигийн хөндийд баригдах Тээвэр логистикийн төв төсөл, Хүннү хот, Зуунмод хот, Майдар хот зэрэг дагуул хотуудыг барьж байгуулах суурь нөхцөл тээврийн дэд бүтэц, логистикийн асуудлыг шийдвэрлэнэ. Түүнчлэн төсөл хэрэгжсэнээр жилд өссөн дүнгээр 3.5-20 сая тн ачааг Улаанбаатар хот руу оруулахгүй шинээр баригдах Тээвэр логистикийн төв рүү тээвэрлэхээр төлөвлөсөн. Ингэснээр нийслэлд төсөр зам, автозам огтлолцдог гармууд дээр галт тэрэгний хөдөлгөөнд зориулж хоногт дунджаар 144 минут авто замын хөдөлгөөн хаадаг хугацааг 21-120 минтутаар багасгах боломж бүрдэж, автозамын түгжрэлийг бууруулахад хувь нэмрээ оруулна гэж тооцоолж байгаа юм.
Төслийн нээлтийн үеэр Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайхан, Хүннү хотын Захирагчийн чиг үүргийг хэрэгжүүлэгч, Засгийн газрын бүрэн эрхт төлөөлөгч М.Батбаяр, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар нарын байр суурийг тодрууллаа.
Б.ДЭЛГЭРСАЙХАН: Салбар төмөр замын ТЭЗҮ, зураг төслийг “Монголын төмөр зам” ТӨХК хариуцан боловсруулж дууссан
-Багахангай-Хөшигийн хөндий чиглэлд баригдах салбар төмөр замын ТЭЗҮ, зураг төслийг боловсруулж дууссан уу?
-Салбар төмөр замын ТЭЗҮ, зураг төслийг “Монголын төмөр зам” ТӨХК хариуцан боловсруулж дууссан. Төсөвт өртөг нь 840 орчим тэрбум төгрөг байгаа. Та бүхэн мэдэж байгаа байх, одоогоос гурван жилийн өмнө хийгдэж байсан анхны Богд хаан төмөр зам бол өөр өртөгтэй байсан шүү дээ. Бид аль болох “Монголын төмөр зам” барьж байгаа дотоодын 110 орчим ААН-ийн 2500 гаруй ажилтныг татан оролцуулж, таван сарын хугацаанд “Монголын төмөр зам” ТӨХК компани хариуцан гүйцэтгэнэ гэж төлөвлөсөн. Өөрөөр хэлбэл, дэд бүтцээ өөрсдөө хийчихнэ, энд тийм их зардал гарахгүй. Гаднаас зөвхөн төмөр замын рейс төмөр л худалдаж авна, бусдыг нь дотоодоосоо хангана. 20 мянган тн рейс авна байх.
-Ирэх аравдугаар сард ашиглалтад оруулах ажлыг таныг хариуцна гэж Ерөнхий сайд хэлсэн. Хугацаандаа амжихгүй байх эрсдэл байна уу. Ажиллах хүч, нөөц бололцоо, зураг төсөл зэрэгт… Замд таарах хувийн өмч, малчны өвөржөө хаваржаа хэр бол?
-Гайгүй байх аа. Сая Ерөнхий сайд бид хамтдаа Багахангайгаас наашаа явж, бэлтгэл ажилтай танилцаж, нүдээрээ үзэж харлаа. Геодези, геологи, усны хайгуулын ажлуудыг бүгдийг хийж дууссан. Ер нь бол төмөр замын далан барихад гол юм ус шүү дээ. Энэ төмөр замын нэг онцлог бол голдуу уулын хяр барьж, нааш өгсөж гарч ирж байгаа учраас замдаа ямар нэгэн объект, хувийн болон төрийн өмч хөрөнгө тааралдахгүй. Газар чөлөөлөлт байхгүй. Нэлээн дээр тусгай хэрэгцээнд аваад замынхаа трассыг гаргачихсан байсан. Нэлээн гүнзгий газартаа 32 метр гүн ухмал хийнэ. Үүн дээр зам барилгын компани гэхээс илүү уул уухайн компанийг татан оруулж байгаа. Тэд бол хөрс хуулаад сурчихсан, иймд бид хатуу болзол тавьж хоёр сарын дотор ажлыг хийж дуусгах гэрээ хийж байгаа. Гүүрний тухайд Монголд гүүр барьдаг долоохон компани байна. Гүүр, хоолой хоёр өөр. Энэ гүүр бол баганан суурьтай, одооноос ажлыг нь эхлүүлээд явж байгаа. Гүүрийн ажил цаг нэлээн авдаг.
-Чанарын хяналтыг яаж тавих вэ?
-Чанарыг манай яамны харьяа Замын хөгжлийн төв тавьж явна. Хяналт өндөр байхгүй бол болохгүй.
-Хөрөнгө оруулалт, зардлын тухайд асуумаар байна?
-Нийт 840 тэрбумын зуу гаруй тэрбум нь “Тавантолгой төмөр зам”, “Монголын төмөр зам”-д байсан мөнгө. Энэ мөнгөөр эхний тендерээ зарлаад ажлаа эхлүүлсэн. Үлдсэнийг Хөгжлийн банкнаас санжхүүжүүлнэ. Хөгжлийн банк нь эхний ээлжинд арилжааны системийн таван банкнаас зээл олгуулаад, жилийн эцэст төлнө. Тэр үед бид Хөгжлийн банктай бонд босгож хангалттай мөнгө босгож чадах хугацаа бий учраас зээлийг хаачихна гэж үзэж байгаа. Яваандаа бол нүүрсний үнэ өсөж, тавдугаар сараас хил холболтын ажил явагдахаар “Чайна Энержи” компани энэ жилийн авах бүх нүүрсээ төмөр замаар авна гэсэн. Тэгэхээр төмөр замын тээвэр сайжрах тусам, орлого нь нэмэгдэнэ. Бид орлогоороо зарлагаа хаагаад явах боломжтой.
-Аравдугаар сарын эхээр төмөр зам ашиглалтад орлоо гэхэд вагон, зүтгүүр гээд техникүүд хангалттай байгаа юу?
-Хангалттай байгаа. Сая та бүхэн анзаарсан байх. “Тавантолгой төмөр зам”, “Монголын төмөр зам” хоёрыг нийлүүллээ шүү дээ, суурь бүтэц, дэд бүтцийн хувьд. Тиймээс бидэнд 16 шинэ зүтгүүр байна, дээрээс нь орж ирээд дөнгөж 3-4 жил явсан дөрвөн зүтгүүр, нийт 20 гаруй зүтгүүр байгаа, хангалттай. Нөгөө талаас, тээврийн вагон ч хангалттай.
-Төмөр зам гаргасан зардлаа хэдий хугацаанд нөхөх вэ?
-Уртын хугацаагаар бодоход найман жил л байх болов уу.
Х.Нямбаатар: Ачаа тээврийг хотоос гаргаснаар замын түгжрэл буурах тооцоолол гарсан
-Та Багахангайн өртөөнөөс салаалж, Хүннү хот, Шувуун фабрик чиглэлд явах төмөр зам 102.5 км урт үргэлжилнэ. Төслийг хэрэгжүүлснээр жилд 3.5-20 сая тонн ачааг Улаанбаатар хотоор дайруулахгүйгээр логистикийн төв рүү тээвэрлэх боломж бүрдэнэ гэлээ. Шийдэл, хэрэгжилтийн талаар тодруулна уу?
-Тээвэр логистикийн бизнес эрхэлдэг бүх ААН, байгууллагуудыг Хангарьд ордонд урьж, Хөшигийн хөндийд үнэ төлбөргүй газар олгох шийдлийг ярина. Хөгжлийн банк, Төрийн банк болон бусад байгууллагаас тээвэр логистикийн төвүүдийг нүүхэд таатай нөхцөлөөр зээл олгох асуудлыг шийдэх шаардлагатай байгаа. Ачаа тээврийг хотоос гаргах хүрээнд Төв аймгийг Улаанбаатар хоттой холбосон авто замыг даацын, дөрвөн эгнээ болгох, шинэ нисэх буудлын баруун талаар Сонгинохайрхан уулын чиглэлд ирэх жил авто зам барина Улаанбаатар хотын дундуур хүн, транзит, нүүрс, эрчим хүчний гэсэн дөрвөн төрлийн тээвэр явна. Бусад ачаа тээврийг хотоос гаргах юм. Хүннү хотод төр, хувийн хэвшлийн түншлэлээр логистикийн терминал байгуулна. Төмөр замын бүтээн байгуулалтын ажилд дотоодын 110 орчим аж ахуйн нэгжийн 2500 гаруй мэргэжилтэн оролцох бөгөөд дөрвөн сарын хугацаанд барьж, ашиглалтад оруулна. Ингэснээр 3.5-20 сая тн ачааг Улаанбаатар хотоор дайруулахгүйгээр логистикийн төв рүү тээвэрлэх боломж бүрдэх юм.
-Мөн хотын түгжрэлийг сааруулах юм байна?
-Улаанбаатар хот доторх төмөр замын гармуудыг ачаа тээвэрлэх үед хоногт дунджаар 144 минут хаадаг. Энэ бол хотын замын түгжрэлд ихээхэн нөлөө үзүүлдэг. Тэгвэл Багахангай-Хөшигийн хөндий чиглэлийн салбар төмөр зам ашиглалтад орсноор нийслэлийн авто замын хөдөлгөөний түгжрэл 20-30 хувиар буурах тооцоолол гарсан.
М.БАТБАЯР: БӨХӨГ ХӨНДИЙГ ШИНЭ СУУРЬШЛЫН БҮС ХҮННҮ ХОТ БОЛГОНО
-Ерөнхий сайд хэдсэн үгэндээ Хүннү хотыг амь оруулах Багахангай-Хөшигийн хөндий чиглэлийн салбар төмөр зам хэмээн онцолсон. Хүннү хотод оруулах төмөр зам дагасан хөгжил, ач холбогдлыг та юу гэж үзэж байна вэ?
-Яг одоо бидний нээлтээ хийж буй газар бол Бөхөг хөндий. Энэ газарт төмөр зам тавигдсанаар Хүннү хот буюу шинэ суурьшлын бүс бий болж 150 мянган хүн амьдарна. Салбар төмөр замын бүтээн байгуулалт нь улс орны нийгэм, эдийн засгийн хөгжлийн эрчмийг нэмэгдүүлэх, нийслэлийн төвлөрлийг сааруулах чиглэлээр төлөвлөж буй Төв аймгийн Сэргэлэн сумын Хөшигийн хөндийд баригдах тээвэр логистикийн төв Хүннү хотыг барьж байгуулах суурь нөхцөл тээврийн дэд бүтэц, логистикийн асуудлыг шийдвэрлэх ач холбогдолтой юм.
Сэтгэгдэл ( 0 )