ОЛОН ӨНГӨ I Ижийгээ үгүйлсэн хавар

Ч.Үл-Олдох | Zindaa.mn
2025 оны 05 сарын 26

Хавар атал намар шиг хачин улирал вэ дээ. Намраар л илүүтэй үгүйлдэг ижийгээ санаад сэтгэл тогтож өгөхгүй юм. 

Одонгоо зүүсэн алдарт ээжүүдийг хараад тэгсэн юм болов уу... Одонтой ч, одонгүй ч гэлээ энэ орчлонд гэхдээ ээжээс илүү хүн байхгүй ээ.

Ээжийгээ байхад дүүрэн явлаа гэж бүгд л хэлдэг. Ижийтэйгээ байхад баян байлаа гэж яруу найрагч шүлэглэсэн нь ч бий. Ижийгээ байхад эрх ч байж, эрдүү ч явж гэж хүн болгон ярьдаг ч ижийгээ байхад амжиж ухаарсан нь хэд сэн бол.

Хүн гэгч ижийгээ байхад л бүтэн бүлээн, уян зөөлөн, халуун дулаан явдаг юм уу даа. Ижийгээс хойш хэлж сануулах хүн цөөрч, ер нь хэчнээн сургаал хайрлалаа гэхэд ижийг орлох нь хэн сэн билээ, ёстой л хоосны хорвоог өөрөө л дандаа тэмтэрч, өөрийнхөөрөө таньж амьдардаг бус уу. Тийм болохоор хүн гэгч бүгд л ижийгээ санана. Цал буурал болсон ч ижийгээ санаж нялхарна. Хэзээ мөдгүй ижийнхээ араас очихоор хорвоогоос халих гэж байсан ч санана.

Ижий минь 50 насны босгоор алхаж ахуйдаа “ижийгээ санаад” гээд уйлж суусныг би мэднэ.

Ангарай бага насны ажиггүй зангаар “Ийм хөгшин болсон хойноо ч ижийгээ санадаг юм байх даа” гээд өнгөрч билээ. Жаргалтай 60 насан дээрээ ч ижий минь “ээж ээ санаад байна” хэмээн санаа алдаж суусныг мэднэ. Далан насны босгоор алхахдаа ч, ижийгээ санаж байгаагаа ярьж суусан. Наян насны сүүдэр зооглож, цал буурал болохдоо ч “Ижийгээ л их санах юм” гэж нулимс дуслуулж байж билээ. Ижий минь тэр их хайр, тийм гүн сэтгэлээ үрс бидэндээ юүлчихээд орчлонгийн хаалгаар орой нь үл үзэгдэх огторгуйн зүг одоод 18 хаврыг үджээ. Ижийгээсээ би ээжээ санадаг сэтгэлийг нь өвлөөд үлдчихсэн юм.Ижийгээ их санаж байна, хавар атал намар шиг хаашаа янзын улирал вэ...

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Close menu