Дарханы САА-н анхны дарга А.Бадарчин: 200 хүрэхгүй хүн үлдсэн шүү дээ

Автор | Zindaa.mn
2012 оны 08 сарын 24

Эх орондоо газар тариалангийн анхны шанг 1959 онд татсан атарчид өнөөдөр Сүхбаатарын талбайд уулзлаа. Залуу насныхаа нэгэн үеийг эх орныхоо газар тариалангийн эхлэлд зориулж, хойч үеэ гурилтай, ногоотой болоход хөдөлмөрлөж явсан 60 орчим ахмад өдгөө дурсамжаа сэргээн уулзаж буй. Зургаан сангийн аж ахуйд 3000-д залуу хуваарилагдан ажиллаж байсан тэднээс дөрвөн гавьяат атарчин төржээ.

Дарханы сангийн аж ахуйн анхны дарга А.Бадарчинтай цөөн хором ярилцсан юм.

-Анхны атарчид уулзаж байна. Сэтгэгдлээ хуваалцахгүй юу?

-Их сонирхолтой уулзалт болж байна. Одоогоос 53 жилийн өмнө Зэлтэр, Дархан, Хэрлэн, Баянцогт, Угтаалын Сангийн аж ахуй байгуулахаар залуучууд илгээлтээр явж байлаа. Өдгөө бид таяг тулсан, өндөр настнууд болжээ. Тухайн үед бид хорь гаран настай залуучууд байлаа. Ингээд эх орноо өөрийн гэсэн ургац, тариалалттай болгохоор намын шийдвэр биелүүлэх эвлэлийн илгээлтээр явсан юм.

-Энд хичнээн атарчин цугласан байна вэ?

-Одоогоор 60 орчим ахмад байна. Уг нь илгээлтээр 3000 гаруй залуучууд явсан гэсэн тоо байдаг. Жинхэнэ анхны атарчдаас 200 хүрэхгүй хүн үлдсэн шүү дээ. Ингээд л бид цуглачихаад байна даа.

-Таны хувьд аль сангийн аж ахуйгаас ажлынхаа гарааг эхлэж байв?

-Би Дарханы сангийн аж ахуйн анхны дарга байлаа.

-Атрын гуравдугаар аян өрнөөд 5 жил болжээ. Та энэ аяныг ахмад атарчны хувьд хэрхэн хэрэгжиж, ямар явцтай байна гэж боддог вэ?

-Манай улсад атрын аян 50 орчим жилийн настай юм. Энэ хугацаанд хөгжлийн 3 том үеийг туулчихаад байна. Эхний 30 жилд мундаг сайн хөгжиж эх орныхоо хэрэгцээг бүрэн хангадаг болсон шүү дээ. Жилд 800 мянган тонн хүртэл ургац авдаг байсан. Сүүлд зах зээлд шилжиж, өмч хувьчлах үеэр уналтад орсон. Гадагш нь гаргах байтугай өөрийнхөө хэрэгцээг 30 хүрэхгүй хувь хангадаг болсон юм.

Ингээд атрын гуравдугаар аян эхэлсэнээр сэргэж байна аа. Үр тариа, төмсөөр өөрийнхөө хэрэгцээг хангаж байна. Ингээд ногоогоо бүрэн шийдчихвэл гадаадынхны гарыг харахгүй л болох гээд байна. Ингэж газар тариалангаа өөд нь өргөхгүй бол үндэсний эрх ашгийн нэг том асуудал унаж байна гэсэн үг. Газар тариалан өндийж байна. Гэхдээ болоогүй. Бидний газар тариалан эрхэлж байсан одоогийнхоос ялгаатай байна. Бидний үед төрөөс удирдаад, нэг зохион байгуулалттай байсан бол ходоо хувийн өмч болсон байгаа. Биднээс сурах зүйл их юм шүү. Анхны атарчид, эрдэм шинжилгээний ажилчидтайгаа ойртож, хамтарч ажиллах хэрэгтэй. Тэгэхгүй бол өөр өөрийн сонирхлоор заримыг нь зөв, буруу хийж байгаа тал ажиглагддаг. Иймд төрөөс анхаарахгүй хувийнх гээд хаявал унана. Унавал дахиад босоход хэцүү.

Х.Заяа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top