Чих сортойлгосон нэгэн мэдээлэл дуулах нь тэр. Хөгжил, ёс суртахуунаараа биднээс хамаагүй өндөрт цойлсон арлын Япончууд Улаанбаатарын гэр хорооллын иргэдээс туршлага судлахаар иржээ. Монгол хүний сэтгэлгээний өөрчлөлтөөр эрдмийн зэрэг хамгаалсан Япон эрдэмтэн ч байх юм. Тэрхүү эрдэмтэн иргэдийн хөгжлийг судалдаг аж. Одоогоос хоёр жилийн өмнө Сонгинохайрхан дүүрэгт иргэдийн бүлгийн тавьж байсан замын ажилд монголоор сайхан ярьдаг нэгэн япон залуу өдөр бүр ирж оролцон, тэдний идэж байгаа хоолноос хамт идэлцэж, ажлыг нь хамт хийлцэхдээ тэдгээр хүмүүсээс их л олон зүйлийг асууж шалгаадаг байж. Үнэндээ ингэхдээ иргэдийн хөгжлийн талаарх судалгаагаа хийж байжээ. Нутагтаа очоод энэ сэдвээрээ эрдмийн зэрэг хамгаалсан байх юм. Түүний хийсэн судалгаа Японд нэлээд шуугиан тарьж, Япон эрдэмтэд нийслэлд ирээд байгаа нь энэ. Содон зүйл биш гэж үү. Тэд бүгд Японы “Hokkaido”-гийн их сургуулийн эрдэмтэд, Монголд ирэхдээ Шинжлэх ухааны академиар зуучлуулжээ. Болохгүй, бүтэхгүй гэгдэх гэр хорооллынхноос ямар гэрэл гэгээг тэд олоод харчихсан юм бол. Сонирхож үзлээ, Улаанбаатар хотын нийтийн аж ахуйг сайжруулах төслийнхний тарьсан үр Япончуудыг урин дуудсан байх юм. Тэд анхлан гэр хорооллынхны амьдрах нөхцөлийг хэрхэн сайжруулах вэ гэдэг асуудлыг хөндөж, оршин суугчдад мэдээлэл хийж эхэлжээ. Энэ нь 2005 он байлаа. Уулын мод урттай, богинотой гэдэг дээ. Идэвхи, санаачлагатай хэсэг иргэд тунах нь мэдээж. Тунаж үлдсэн иргэдэд сургалт явуулав. Сургалтад хамрагдсан иргэд хороондоо идэвхжүүлэгч болж, иргэдийн бүлэг байгуулчихаж. Тохилог орчинд гэрийн хорооныхон сайхан амьдарч болдгийг харуулах гэсэн хүсэлдээ тэд хөтлөгдөн хэн нэгний шахалтаар бус сайн дураараа нэгдэцгээжээ. Өнөөдөр нийслэлийн таван дүүрэгт иргэдийн 60 бүлэг ажиллаж байна. Сайн дурын бүлэгт хийх ажил их. Сонгинохайрханчууд 460 өрхөд хүнсний ногооны үр тарааж, сургалтыг үнэгүй явуулжээ. Үүний ачаар тэд намартаа хүнсний ногоогоо худалдаж, орлого олдог болсон байх юм. Бүлгүүд хамтын хүчээр “Иргэдийн хөгжлийн төв”-ийг Чингэлтэй дүүрэгт байгуулж, үйл ажиллагааг нь өөрсдөө авч яваа гэх. Баянголын иргэдийн бүлгийнхэн төсөл бичиж, зөвхөн иргэдийн хөгжлийг дэмжих төслөөс төдийгүй тогтвортой амьжиргаа төслийнхнөөс санхүүжилт авч, гэр хорооллын тохижилтыг хийж байгаа. Хан-Уул дүүргийн иргэдийн холбоо хамгийн эв нэгдэлтэй нь. Бас өөрийн гэсэн дүрэмтэй, ажлын төлөвлөгөөтэй. Сүхбаатар дүүргийн хувьд иргэн нь иргэндээ сар бүр сонирхолтой сургалт явуулна. Өнгөрсөн хугацаанд Монгол гутал урлах, хог хаягдлыг ашиглан гэр ахуйн эдлэл хийх зэрэг сургалт явуулсан нь иргэдэд маш сонирхолтой байж. Мөн блокны цех ажиллуулж, бүлгийн хуримтлал бий болгожээ. Ер нь иргэдийн бүлэг бүхэн хуримтлалтай. Тэрхүү жаахан хуримтлалаараа хорооны хаана юу нь болохгүй байна, тэр бүхэнд нь зарцуулахыг хичээнэ. Та анзаарч хардаг бол гэр хороолол дунд гэгээ татуулсан гудамж ганц нэгээр тогтохгүй бий болсныг мэдэж байгаа байх. Айл өрхүүдийн хашаа, хаалгыг нэгэн жигд өнгөөр ижилсүүлчихсэн. Явган хүний замтай, замын хажууд шөнийн гэрэлтүүлэгтэй. Айл бүхэн хашаандаа мод, зүлэг тарьжээ. Хог, угаадасаа гаднаа асгадаг байсан гэр хорооллын гудамж ногоон цэцэрлэг болсон байх юм. Энэ нь Сонгинохайрхан дүүргийн бүлгүүдийн хамтын ажиллагааны үр дүн гэнэ. Эдгээр нь иргэдийн холбоодын хийсэн ажлын нэгээхэн хэсэг. Нүүдэлчин Монголчууд бид дэлхийтэй хөл нийлүүлэн хөгжиж байнаа. Сайхан, сайн ч хэрэг. Гэхдээ хаалгаар орсон л бол минийх, гарсан бол хүнийх гэсэн сэтгэлгээтэй болчихсон нь нууц биш. Хүний гэх газарт хог, угаадсаа ч асгаж болно. Бас хана, хашлагыг эвдэж, эрээчиж зурж болно. Ийм л хүнийх рүү ухамсраар орчин тойронтойгоо харьцаж ирлээ. Олон жилийн бугшсан эл сэтгэлгээг үгүй хийж болдгийг дээрх иргэдийн бүлэг харуулж байна. Магадгүй амьдралаа залгуулах гэж яваа зарим нэгэнд энэ нь түвэгтэй санагдаж магадгүй л дээ. Гэхдээ тэд хүнд ачаа гэж цааргалсангүй. Миний, манай гудамж, хорооны хөгжил гэж ярьж зарим хорооны Засаг даргын олон жил хийж чадаагүй ажлыг амжуулчихжээ. Хаа сайгүй аминчхан үзэл ноёрхох болсон үед тэд нэгдэж, хүнийх гэсэн сэтгэлээг халж чадсаныг арлын Японы арваад эрдэмтэн судлахаар ирсэн нь энэ аж. Гэтэл бид хажуудаа байгаа сайн, сайхан бүхнээ олж харж чаддаггүй, харалган хүмүүс аж. Хэдхэн жилийн өмнө тэд манай хашаа л болж байвал бусад нь хамаагүй гэдэг байсан өнөөдөр бүлэг байгуулснаар гудамж, хорооны хөгжлийн хэтийн төвлийг харж, гар бие оролцох болжээ. Харин одоо бол дүүрэг, нийслэлийн хөгжил гэж ярьж байна. Таван дүүрэгт байгуулагдсан иргэдийн бүлэг нэгдэж, дүүргийн хэмжээнд холбоо болон зохион байгуулагдсан нь иргэдгүйгээр хороо, дүүрэг, нийслэлийн хөгжлийг яриад нэмэргүй гэдгийг олж харсных биз. Тиймээс үйл ажиллагаагаа өргөжүүлж, холбоо болон зохион байгуулагдаж, өдгөө хөл дээрээ тогтжээ. Саяхан таван холбоо хуралдаж, хагас жилийн ажлаа дүгнэсэн юм. Хийхээр төлөвлөсөн ажил нь 60 хувьтай. Арлын Японы эрдэмтэд ч энэ хуралд сууцгаажээ. Холбоо байгуулагдаад удаагүй, хөл дээрээ тогтож байгаа хэмээн тэд даруухан ярина лээ. Хурлыг ажиглаж суусан Япон эрдэмтэд, холбоо дөнгөж байгуулагдсан гэлээ. Тийм биш байна. Та бүхэн хөл дээрээ тогтож, хөгжлийн ид үедээ явна гэж уулга алдсан. Гэтэл манайд жирийн иргэдийн хийсэн бүхэн нь үнэлэгддэггүй нь даанч харамсалтай. Үнэндээ иргэдийн хөгжил гэдэг зүйл манай улсад хол хоцрогджээ. Хөгжил гэж бид том дуугардаг. Гэтэл хөгжил, иргэн хоёр салшгүй зүйл болохыг төр засгийнхан маань умартаад удаж байна. Иргэнгүй хөгжил байдаггүйг иргэдийн холбоод хэлээд байдаг. Анзаарч харж байгаа нь даанч алга. Наад зах нь бүтээсэн зүйлийг нь хүлээж авахдаа цааргална, дээр нь урам хайрлахын оронд хатуу үг чулуудах нэгэн ч мэр сэр байна. Баянзүрх дүүргийн иргэдийн бүлгийнхэн гэрэлтүүлэг тавьжээ. Гэтэл баярлалаа гэж ганцхан үг хэлэх ухамсар хорооныхонд дутаж, харин ч та нар өөрсдийнхөө амьдарч байгаа гудамжид гэрэл тавьсан. Хэн хүлээж авахыг нь мэдэхгүй гэжээ. Иргэдийн бүлгийнхэн 4 км зам тавьсан, сагсны талбай байгуулсан гээд ойрмогхон хийсэн ажлыг нь дурдвал олон. Гэтэл энэ мэт бүтээн байгуулалтыг төсвийн мөнгөөр хийхдээ шав тавина, дараа нь нээлт хийнэ гээд бараг л бүтээн байгуулалтаасаа давсан хөрөнгө, хүч зарцуулах нь бий. Нийслэлийн хөгжлийн гарц иргэдэд л байна. Хороо, дүүрэг, нийслэлээ цэвэр цэмцгэр, сайхан болгох гэсэн чин хүсэл тэднийг нэгтгэж, санаж сэдэх, хийх гэснээ хэн нэгнээр чиглүүлэхгүй, өөрсдийн хүсэл тэмүүллээр бүтээнэ гэдэг сайхан.
Сэтгэгдэл ( 0 )