Б.Энхбаяр: Оюутнууд хэзээ сургуулийнхаа материаллаг баазыг хүссэн үедээ ашиглах вэ

Автор | Zindaa.mn
2012 оны 09 сарын 05

Оюутан залуусын боловсрол эзэмших асуудал гэдэг нь зөвхөн тухайн оюутны асуудал биш юм. Тухайн боловсон хүчний мэдлэг чадвар, төр засгийн байгууллагуудад ажиллах, улс орны ирээдүйн асуудалтай шууд хамааралтай гэж үзэж  “Нийгмийн ардчилал” МОХ-ноос  төр засгийн эрх барьж байгаа байгууллагууд, харьяа БШУ-ны яам асуултуудад хариулт өгч шийдвэр гаргуулахаар МУИС-ын урд талбайд оюутнууд цугласан юм. Энэ үеэр “Нийгмийн ардчилал” МОХ-ны нарийн бичгийн дарга Б.Энхбаяртай ярилцлаа. 

-Шинэ хичээлийн жил эхэллээ. Энэ жил оюутнуудын дуу хоолой болсон та бүхэн ямар ажлуудыг хийх зорилт тавьсан бэ?

-2012 он шинэ хичээлийн жил эхлээд хэдхэн хонож байна. Оюутнууддаа шинэ хичээлийн жилийн баярын мэнд хүргэе. Монголын оюутны холбоо шинэ хичээлийн жилтэй холбогдуулаад ажлын төлөвлөгөөгөө гаргаад эхэллээ. Үүн дотроо их, дээд сургуулиудын төлөөллүүдтэй уулзаж “Монголын оюутнуудын хөгжил, дээд боловсролын чанар” гэсэн сэдэвт хэлэлцүүлэг өрнүүлсэн байгаа. Энэ хэлэлцүүлгийн үр дүнд хэд хэдэн асуудлууд гарч ирсэн. Оюутнуудад тулгамдаж байгаа бэрхшээл бол тухайн оюутны асуудал биш л дээ. Цаашилбал тухайн оюутан ажлын байран дээр гараад улс орны ирээдүйтэй холбоотой, үндэсний хэмжээний асуудал байдаг. Ингэхлээр үүнийг суралцаж байх хугацаанд нь дээд түвшинд нэлээд чанаржуулах шаардлагууд байгаа гэж үзэж байгаа юм. Дэлхийн боловсролын түвшинд хүрэхэд учир дутагдалтай. Хэлэлцүүлгээр бид холбогдох яам, байгууллагад найман асуулгад хариулт өгч шийдвэр гаргах шаардлагатай гэж үзсэн. Тухайлбал, Мэдээлэл технологийн эрин зуунд монгол эх орондоо суралцаж буй оюутан залуус хот, хөдөөд байрлах төрийн, хувийн өмчийн сургууль үл хамааран сургуулийн орчин, дотуур байрандаа хөдөлгөөнт интернетэд бүрэн холбогдох боломж хэзээ бий болох вэ? Мөн их, дээд сургуулиудын оюутан залуучууддаа зориулсан цайны газар, үйлчилгээний төвийг сонгон шалгаруулахдаа удирдлагын эрх ашиг, үзэмжээс үл хамааран үйлчилгээний соёл, чанартай эрүүл хүнс, боломжийн үнэ, тохилог орчинг бүрдүүлж, ажил үйлчилгээгээ явуулж чадах газрыг сонгохдоо оюутнуудынхаа дуу хоолойг хэзээ сонсох вэ гэсэн асуулгууддаа хариулт авахаар хандахаар болсон юм.

-Цайны газар гэлээ. Сургуулийн цайны газрын хоолны үнэ хэд байдаг вэ?

-Сургуулийн цайны газрын хоолны хөнгөлөлт гэж байдаггүй. Зах зээл дээр хоолны үнэ ханш хэд байна тэр жишгээрээ зарагддаг. Оюутнууд сургуулийнхаа цайны газарт ойрхон гэж л орж хооллодог. Тухайн сургуулийн удирдлагууд цайны газарт ордоггүй зөвхөн оюутнууд үйлчлүүлдэг. Тэгэхлээр хоолны чанар, шаардлага хангасан зүйлс стандартын хэмжээнд байна уу гэдэг дээр учир дутагдалтай байгаа энэ талаар бас шаардлага тавьж байгаа.

-Их, дээд сургуулиудын үнэлгээний системийн талаар шаардлагадаа тавьсан байна. Энэ талаар?

-Тийм. Их, дээд сургуулиудад суралцаж байгаа оюутнуудыг үнэлэх үнэлгээний систем харилцан адилгүй гэж үзэж байна. Оюутнуудын авсан үнэлгээ, кредитээр нь үнэлж тэтгэлэг олгож эхлэлээ. Үүнтэй холбогдуулаад нэлээд учир дутагдалтай зүйлүүд байна гэж харсан. Жишээлбэл, чанга үнэлгээтэй сургуулийн оюутнуудын үнэлгээ доогуур, сул үнэлгээтэй сургуулийн оюутнууд өндөр үнэлгээ авдаг. Үүнийг тухайн оюутнуудыг чанар мөн эзэмшсэн мэдлэгтэй нь харьцуулахад яг зөв үнэлгээ болж өгөхгүй байна. Энэ нь тэтгэлэг авахад харьцангуй ойлголт болж байгаа юм. Бүр цаашлаад ярих юм бол авлига, хээл хахууль авах асуудал ч гарч ирэх магадлалтай. Үүн дээр нэгдсэн нэг системээр үнэлгээ өгөхийг яамнаас бид шаардаж байгаа. Хөндлөнгийн мэргэжлийн байгууллагуудаар шалгуулдаг болох нь зүйтэй.

-Одоогоор ямар их, дээд сургууль үнэлгээний хувьд чанга, сул байгаа талаар та нарт гаргасан судалгаа байгаа юу?

-Одоогийн байдлаар яг нарийн судалгаа байхгүй.

-Цаашдаа энэ талын судалгааг хийх үү?

-Үүн дээр харьяа яамнаас үндэсний хэмжээний судалгааг хийж, нэгдсэн үнэлгээг гаргаж ирэх мөн сургуулиудад магадлан итгэмжлэл өгдөг. Энэ тал дээрээ давхар асуудлаа шийдэх тал дээр асуулга тавьж байна. Үүнийг шийдтэл бид явах болно.

-Жил болгон л их, дээд сургуулиудын төлбөрийг нэмдэг. Төлбөрөө нэмж буй сургуулиуд тэр хэрээрээ оюутны сурах орчинг цогц бүрдүүлж өгч байна уу?

-Төлбөрөө нэмэх болсон шалтгаанаа инфляци өссөнтэй холбон тайлбарлаж байгаа. Үүнээс болж багш, ажилчдын цалинг нэмэхээр болсон гэдэг. Төрийн өмчийн сургуулиуд төлбөрөө 10 хувиас илүү нэмэхгүй байх тушаал гаргасан. Харин хувийн их сургуулиуд өөр өөрсдийнхөө өнцгөөс харан төлбөрөө нэмж байна. Манай холбооноос тавьж байгаа шаардлага бол тухайн сургуулийн санхүүгийн албыг оюутнуудын төлбөрийг юунд зарцуулж байгаагаа нээлттэй мэдээлэх хэрэгтэй байна гэж тавьсан. Харин манай улсын их сургуулиуд төлбөрөө нэмэхдээ оюутнуудынхаа сурах орчинд анхаардаггүй. Тухайлбал, жил болгон төлбөр нэмдэг тэрнийхээ хэмжээгээр сурах орчин нөхцөл хангалт муутай байдаг. Ер нь бол тухайн оюутан сургалтын төлбөрөө өгч байгаа бол тэрнийхээ хэмжээгээр өндөр шаардлагатай байх хэрэгтэй. Дөрөв таван жилийн өмнө ямар байсан тэр сургууль хэвээрээ. Мөн ЕБС-д байхдаа 5 жил үздэг их, дээд сургуульд  2-3 жил сонгон суралцдаг англи хэлний хичээл бий. Энэ хичээлийг нийт 7 жил үзэж байгаа. Гэтэл дийлэнх оюутнууд англиар ярихдаа тааруу байгаа нь ажиглагддаг. Түүнчлэн наад захын мэдлэггүй байдаг асуудал хэзээ арилах вэ? Үүнийг ЕБС-ийн Англи хэлний хичээлийн сургалтанд асуудал байна гэж дүгнэж байгаа.

-Оюутнууд өөрсдөө шаардахаасаа илүү өөрсдийн оролцоотойгоор хийж, бүтээе гэсэн зүйлүүд бий юу?

-Ер нь бол оюутнуудын санаачлагаар хийж байгаа зүйлүүд байгаа. Тэгээд бас төр засгаас хамааралтай ажлууд байдаг. Үүнийг бол аль аль талдаа анхаарах хэрэгтэй. Нийгэм хөгжих хэрээр оюутнуудын сэтгэлгээ ч бас гайгүй болж байгаа гэж харж байгаа. Мөн өөрсдөд ч бас ухамсартай, хариуцлагатай байх зүйлсүүд нь нэмэгдэж байна. “Нийгмийн ардчилал” МОХ-ноос оюутнууд хөгжил нөхөрлөлийн ажил, соёл боловсролтой холбоотой ажлууд болон сургалт, семинаруудыг нийслэл, хөдөө орон нутгийн оюутнуудын хэмжээнд хийдэг. Нэг зүйлийг нэмж хэлэхэд оюутнууд ажлын цагаар сургуулийнхаа болон нийтийн номын санг ашиглаж хичээлээ хийдэг. Харин үүнээс хойш ажлын бус цагаар чөлөөтэй WI-FI ашиглаж интернэтэд орж, номын сандаа хичээлээ давтах боломж байдаггүй. Зөвхөн ажлын цагаар л өөрийгөө хөгжүүлэх хэрэгтэй болдог. Оюутнууд хэзээ сургуулийнхаа материаллаг баазыг хүссэн үедээ ашиглах вэ гэж холбогдох хүмүүсээс асууж хариулт авах болно.

Х.Даваанаа



Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top