Манай орны тухай нийтлэл шилдгээр шалгарчээ

Автор | Zindaa.mn
2013 оны 01 сарын 30

НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрөөс дэлхий дахинд хэрэгжүүлж байгаа төсөл, хөтөлбөрүүдийнхээ талаар шилдэг нийтлэл шалгаруулах уралдаан явуулж энэ сарын 30-нд дүнгээ гаргажээ. Уралдаанд нийт 66 орноос 120 нийтлэл ирүүлсэнээс манай улсад хэрэгжүүлж байгаа "Алтай Саяны төсөл буюу газрын баялгийг илүү үр ашигтай зохицуулах нь" сэдэвт хөтөлбөрийн тухай нийтлэл шилдэг 11 нийтлэлийн нэгээр шалгарсан байна.

НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн захирагч хатагтай Х.Кларк  шилдэгээр шалгарсан 11 орны Байнгын төлөөлөгч нарт баяр хүргэж, шилдэг нийтлэлийг гардуулжээ.

Манай улсад хэрэгжүүлж байгаа "Алтай Саяны төсөл"-ийн хүрээнд нутгийн ард иргэдэд газрын баялгийг илүү үр ашигтай зарцуулахтай холбогдсон мэдээллийг олгох, сүү, цагаан идээгээ борлуулах, шинэ зах зээлийг нээх, бэлчээр нутгаа хамгаалах,  зудаас урьдчилан сэргийлэх зэрэг олон арга хэмжээг авч хэрэгжүүлжээ.

Нийт 11.2 сая ам.долларын санхүүжилт бүхий энэхүү төслийн хүрээнд нийтдээ 7000 малчин сургалтад хамрагдаж, 7.97 сая гектар газар нутаг хамгаалалтад орсон хэмээн энэхүү нийтлэлд дурджээ. Мөн нутгийн иргэдийн оролцоотойгоор газар нутгийг ашиглах тухай заалтыг Байгаль хамгаалах тухай хуульд шинээр оруулсан нь чухал ач холбогдолтой болсон гэж тэмдэглэсэн байна.

 

 

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top