Бүгдээрээ новшнууд

Автор | Zindaa.mn
2013 оны 01 сарын 31

Монгол хүний геополитикийн төсөөлөл, дүгнэлт шиг “агуу юм” гэж энэ ертөнцөд байхгүйг би дэндүү сайн мэднэ л дээ. Миний мэдэх хэмжээнд л лав ийм аймшигтай мундаг сэтгэдэг хүн энэ дэлхийд байхгүй нь лавтай. Худлаа юу. Тэгвэл шалгая л даа…

Америк

Мөхөж сөнөж яваа иргэншил. Эдийн засгийн алуурчид. Ер нь бол бүх юмны алуурчид. Энд тэнд болж байгаа бүх дайныг тэд л хийдэг. Мөнгөний бөөн улаан шуналууд. Бүр түүхнээсээ тийм. Индианчуудаас эхлээд хөөрхий муу Садам Хуссейн, Каддафыг яалаа. Одоо Сирийн Асадыг яаж алж байна. Энэ дэлхийд тэднээс өөр дээрэмчин гэж байхгүй. Одоохондоо мөнгөтэй хүчтэй, зэвсэгтэй тулдаа л тэсэж байгаа. Хэдэн цаасан ногоон үйлдвэрлэж “амьд явах” насаа уртасгаж байгаа адгийн шаарууд. Нэг их удахгүй ээ…Сургууль нь хүртэл хүн буудаад зүгээр байхаа больсон заваан новшнууд…

Нөгөө талаасаа ямар ч гэсэн ардчилал, эрх чөлөөний цайз, либерализмын онолыг үхэн хатан хамгаалагч. Худлаа гэвэл Монголд зарим профессор нь ирж лекц уншсан, тэд Монголыг магтсан, гэхдээ л тэднийг нь дэлхийд огт тоодоггүй. Эдийн засаг нь сүйрч байгаа юм чинь. Гадаад өр гэж авахын танаг байхгүй…

Орос

Уг нь манай Монгол тэднийг их гүрэн болгосон юм. Манай сайхан нийгмийг устгаад 70 жил колоничилсон. Манайхныг коммунизмын талхинд олон жил тамласан. Биднийг адгийн үзэл суртлаараа хордуулсан. Манай бүх сэхээтнүүдийг яргалж хядсан. Хуарангийн социализм байгуулсан. Одоо өөрснөө задралд орж байна. Тэр Путин, Медведев хоёрыг нь харахгүй юу. Дагестан, Чечень, Дундад Ази энэ тэрийг нь хар. Бүтэж байгаа юм ганц ч алга. Ядахдаа Сердюков нь балраад л…

Манай Буриад, Тува, Халимаг, Алтайн хязгаар гээд Оростой ярих олон юм бий. Цаашаа бол Казань, Чечень гэвэл дуусахгүй юм болно. Их яривал Алтан Орд гэж ярина ш дээ. Би тулдаа энийг ярихгүй байгаа юм.

Одоо ч манайхыг дандаа боож хаадаг. Бензинээ ч зүгээр өгдөггүй, Цахилгаанаа ч зүгээр өгдөггүй. Төмөр замаа ч сэргээдэггүй. Эрдэнэтийг ч сэргээдэггүй. Шинжлэх ухаан нь аймаар хоцрогдсон. Одоо Оросын бүх үлдэгдлүүдийг зайлуулъя. Бүх соёл, байшин, барилга, хөшөө дурсгал бүгдийг нь устгах хэрэгтэй. Ганцхан “барууны юм” л бидэнд хэрэгтэй. Лениний хөшөөнөөс эхлээд эхлээд оросуудын барьж өгсөн бүх юмыг устгацгаая. Оросууд биднийг дахин эзлэх гэж байна. Оросууд бол бүгдээрээ коммунистууд…

Хятад

Эд нар бол ёстой заяагүй. Хятадууд хүн болсон цагаасаа манайхыг эзлэх гэж 3000 жил бодсон. Манай Модун Шанью хаан ч захиж байсан, Чингис хаан ч гэсэн “Өглөө болгон надад сануулж бай” гэж захисан. Тэгсэн чинь Чингис хааныг минь хүртэл тэд булаах гэж байна, новшнууд. Хөөрхий муу Түвдүүдийг яаж байна. Шинжаан-Уйгарыг яаж алж байна. Өвөр Монголыг минь яаж сүйд хийж байна. Далай Ламыг маань яаж доромжилж байна. Хятадын Коммунист нам яг маргаашийн 9 цагт сөнөнө. Хятадын хүний эрхийг монголчууд бид хамгаалахгүй бол өөр хэн хамгаалах юм ?! Тэднийг их хуцвал хуучнаараа Дайду Бээжингээр нийслэлээ хийнэ ш дээ.

Одоо эрлийзүүд Монголын төрийг эзэлж гүйцлээ. Одоо бид хятадын “Чиналко”-г ёстой алаад хаяна. Дорнод болон Өмнөговио хятадуудаас чөлөөлье. Нүүрснийхээ үнийг өөрсдөө мэдэцгээе. Таван Толгойгоо хайрлацгаая. Урвагчдыг цээрлүүлье, тэднийг нэг ч ширхэгийг монголын төрд сонгохоо больё. Төмөр замынхаа царигийг хятадын цэрэг орж ирэхээс сэргийлж өргөн болгоё. Үндэсний үйлдвэрлэлээ хятадуудаас хамгаалъя. Маргаашаас эхлээд Эрээний төмс идэхээ зогсооё. Хөх толбоо хамгаалцгаая.

Афганы хазар, киргиз, шинжааны уйгар, солонгос зэрэг энд тэнд тарсан “хоёр дахь эх орны” монгол цусны хүмүүсээ агуу их либерал Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн уриалгийн дагуу Монголдоо урин цуглуулцгаая. Замын-Үүдээс хойш хятад шаахайн мөр гаргахгүйгээ тангараглая. Муусайн хятадын улаан коммунистууд…

Солонгос

Муу санаагаараа хоёр хятадтай тэнцэнэ. Заяагүй муусайн новшнууд. Хийсэн юм нь хаа байна ?! Муны шашин, гуанз, гольфын талбай, ямбий машин, дэлгүүр, кино, гоо сайхны бараанаас өөр юм алга. Баахан хүүхнүүдийг маань аваад алга боллоо, хэдэн зөнөг солонгос. Гэр бүл үймүүлэхээс өөр тэд юу хийсийм ?! Хэдийдээ энэ муусайнууд нэг их дайн майн хийгээд “ялж мялж” байсан юм. Үхсэн хойноо кинондоо л ялдаг юм байгаа биз…Одоо бүр ах дүүс, сүүлдээ монгол солонгосоос үүссэн болж таарах нь…Түүхийг маань эзлэхдээ тулж байна. Дорнодын газрыг зарсан нь “стратегийн” асуудал, Мун үхсэн нь тохиолдлын асуудал…

Хоёр Солонгосыг нэгтгэх 6 талт гэрээнд зуучлах гэсэн нь хувь хүний нөлөө. Солонгосууд манай “шинэ ах дүүс” учраас бид оршуулгын газраа хүртэл “ах дүүсдээ” харамгүй өгч байгаа. Энэ бол Баабарын үхэн хатан хамгаалдаг зарчмаар “хувийн өмчийн” болон “хөрөнгө оруулалтын” хэн ч халдашгүй дархан эрх. Иймээс Монголчууд бид ноён Баабарын “ах дүүсийн” хувийн халдашгүй өмч дээр үхэх эрх байхгүй…

Япон

Эд нар ёстой бүтэхгүй. Хамгийн их тусалсан энэ тэр гэдэг л юм. Худлаа даа худлаа. Газар хөдлөөд арал нь живэхээр манайд ирж суурьших гэж байгаа юм. Хүн ам нь хөгшин улс чинь өөр яахийм. Манайд нэг их сайндаа ч туслаад байгаа юм биш. Манай хэдэн сумочдыг эд нар яаж ад үзэж байна. Манай Дагвадорж аваргыг хар. Нарны зам, Шинэ гүүр энэ тэр нь сайхан ч хэт ёсорхуу хогнууд. “Өвсний үндэс”, “Буман нарын гэрэл” нэр тэрийг нь манай хулхи дарга нар л мэддэг юм байгаа биз. Хамаг юм нь цацраг идэвхит хордлогоос өөр юу ч биш. Тэнэг муусайн самурайнууд…

Европын Холбоо

Хүн харахад сайхан ч хөгширч задарч ирээдүйгүй болсон газар ш дээ. Европын Холбоо, НАТО энэ тэрийг харахгүй юу. Бүгдээрээ хөгшин, цагаачдаа дийлэхгүй байгаа юм чинь. Сөнөж байгаа иргэншил. Яахаа ч мэдэхээ байсан. Лалын иргэншилд алуулна даа, алуулна.

Саяын их бондын зээлийг зүгээр өгсөн гэж санаж байна уу, гайгүй байлгүй. Анжела Меркель энэ тэр бол бол яахав, зүгээр л нэг хөгшин авгай л байхгүй юу. Сөнөж байгаагаа мэдэхгүй нэг их том том төсөл мөсөл гэж давхина аа…

Энэ мэтчилэн монгол хүн “цээжнийхээ бангаар шаагаад байхад” нэг их болохгүй юм байхгүй гэж бодож болохгүй л дээ. Манайханд “сайн улс” гэж ганц ч үгүй. Гэвч ингэж тэнэгтэж байгаад “үхтлээ наалгуулдаг” л байхгүй юу …

Ер нь бол монгол хүн энэ дэлхийн дурын улсыг ингэж шүүмжилж чадна. Жишээлбэл Баабар гэхэд л хаа хамаагүй дэлхийн нөгөө талд байгаа Венесуэлийн Уго Чавесийг “алаад хаях” жишээний. Өөр дурын жишээ авч болно л доо…

Австрали: Энэ нэг балай улс үер, түймэр хоёроо ч дийлэхгүй хэвтэж наашаа Монголын хойт талд төмөр зам тавих гэсэн их санаатай. Канад: Энэ нэг балай улс гээд л…

Ер нь ингэхэд бүгдээрээ НАТО-д элсэе (таг чиг), Шанхайн Хамтын Гэрээнд элсэе (таг чuг), Зүүн Хойд Азийн Гэрээнд элсэе (таг чиг), БРИКС-д элсэе (таг чиг), Төв Азийн Аюулгүй байдалд элсэе (таг чиг), Ази Номхон Далайн Гэрээнд элсэе (таг чиг)…
Хаа байгаагаа мэдэхгүй юм чинь аргагүй ш дээ. Баабар хаашаа бол бид тийшээ, Ураааа…

Гэхдээ энэ ер нь юу болж байгааг бодож эрэгцүүлдэг Монгол гэж байхгүй нь даанч нэг сайхан…
Ийм болохоор чинь би Та нарыг шоолдог юм. Би олон улсын мэдээллээс чадлынхаа хэрээр шүүж үзсэн боловч манайхыг “шүүмжилсэн” юм бараг алга, харин голдуу “магтсан” байна. Монголыг бүгдээрээ зэрэг зэрэг урихад их эвгүй л дээ. Хүүхнийг ч гэсэн дээ…
Энэ тохиолдолд өөрийгөө “хөөрхөн” гэж бодож болохгүй л дээ. Би л лав Ц.Элбэгдоржийн оронд байсан бол өөрийгөө “хөөрхөн” гэж яав ч бодохгүй. Мэдээж хүн болгон л “хөөрхөн” гэж таараа ш дээ…

Би бодохдоо тэнэг гэхэд тэнгэрээс ах байж болохгүй л гэж санана…

Судлаач Х.Д.Ганхуяг. Эх сурвалж: www.ganaa.mn

2013 оны 1 дүгээр сарын 31.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top