Я.Амаржаргал: Эмчийг дайсан нь ч хөнөөдөггүй

Автор | Zindaa.mn
2013 оны 01 сарын 31

Эрүүл мэндийн яамны Эмнэлгийн тусламж, бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Я.Амаржаргалаас цаг үеийн асуудлаар цөөн асуултад хариулт авлаа. 

-Эмч нар хариуцлага алдсан хэрнээ маш хариуцлагагүй мэдэгдэл хийж байдаг. Тухайлбал, кесерово хагалгаанд орсон эмэгтэйн гэдсэнд самбайгаа мартаад оёсон эмч “Байдаг л зүйл” гэж хэлсэн. Энэ тухай та юу ярих вэ? 

-Бид хариуцлага алдсан эмч эмнэлгийн ажилчдад хариуцлага тооцох үүргийг эмнэлгийн даргад  өгсөн. Ажлаас нь халах эсвэл Эрүүл мэндийн тухай хуульд зааснаар 3-6 сар хүртэл эмчлэх эрхийг түдгэлзүүлдэг.

-Хорих ялтай 260 гаруй өвчтөнүүдийн хэн нь эхний ээлжинд эмчлүүлэх юм бэ?

-ШШГЕГ-аас бидэнд нэрсийн жагсаалтыг гаргаж өгөх ёстой.  Хүнд хөнгөн байдлаар эрэмбэлүүлж бидэнд нэрсийн жагсаалтыг өгнө. Харин энэ шийдвэрийг гаргасан нь МАХН-ын дарга  Н.Энхбаярын асуудалтай холбоогүй гэж бодож байна.

-Ажлын хариуцлага алдсан эмч нарт хариуцлага тооцдог. Гэвч хохирсон хүмүүст ямар тусламж үзүүлдэг юм бэ? 

-Хохирсон хүмүүс хуулийн байгууллагад хандсан тохиолдолд тухайн байгууллагын журмаар шийддэг.

-Гэдсэнд нь самбай мартаж оёсон эмчийн буруугаас бол сэтгэцэд өөрчлөлт орсон эмэгтэйг СЭМҮТ хүлээж авахаас татгалзсан?

-Нарийн мэргэжлийн үзлэг хийх шаардлагатай байгаа. Сэтгэцийн өвчтэй хүн биш учраас авахгүй байх магадлалтай. Тухайн эмэгтэй гэнэт цочрол авсан учраас  сэтгэцэд өөрчлөлт орсон байдаг. Түүнийг эмчлэхэд эрүүл болно. Өнөөдөр эрүүл мэндийн хариуцлагатай ажилтнууд гэрт нь очиж анхаарал тавьсан байгаа. 

-Увс аймагт эмчийн хайнга байдлаас болж хоёр хүүхэд амь насаа алдсан. Энэ асуудалд ЭМЯ-наас ямар дүгнэлт гаргасан бэ?

-Яамны шугамаар үүрэг өгсөн байгаа. Харин иргэн шүүхэд хандсан учраас хуулийн байгууллагын дүрмээр явна.

-Хорих ангиуд руу нарийн мэргэжлийн хэчнээн эмчийг томилох вэ. Эмч нар хоригдлуудтай ажиллах сэтгэл санааны бэлтгэлтэй байгаа юу?

-Ер нь эмчийг дайсан ч нь хөнөөдөггүй. Тодорхой хэмжээгээр ялтнуудад эмнэлгийн туслалцаа үзүүлдэг. Нийт дотор, мэдрэл, арьс, сэтгэц, хоолой зэрэг 10 гаруй мэргэжлээр эмч нарын багийг томилно.

Г.Од

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top