“Монгол туургатны цагаан сар 2013” болно

Автор | Zindaa.mn
2013 оны 02 сарын 02

Монгол туургатан ард түмний уламжлал, соёлын өв, ёс заншлыг сэргээх, түгээн дэлгэрүүлэх, Монгол улсад өвлийн аялал жуулчлалыг нэмэгдүүлэх зорилгоор “Монгол туургатны цагаан сар 2013” арга хэмжээг зохион байгуулах санаачлагыг “Нэр төр эрхэмсэг амьдрал” ТББ, “Очир фильм” студиэс гаргажээ. Түүнчлэн 2013 оны 2 дугаар сарын 13 буюу Шинийн 3-нд “Чингисийн хүрээ” жуулчны баазад 11:30 цагаас зохион байгуулахаар болсон байна.

Арга  хэмжээний үеэр Хазара Монгол, Өвөр Монгол, Шинжаан Уйгарын Монгол, Хөх нуурын Монгол, Халимаг, Тува, Буриад зоны төлөөлөл хүрэлцэн ирж өөр өөрийн онцлогийг илэрхийлсэн урлагийн тоглолт, өв соёл, хувцас, эд хэрэглэлийн үзмэрүүдээ дэлгэн танилцуулах аж. Мөн монгол наадгайн тэмцээн, жуулчдад зориулсан тэмцээн уралдаан, 32 ханатай дэлхийн хамгийн том монгол гэрт хамгийн том идээ засах, тухайн жилдээ гаргасан амжилтаараа Монгол туургатнууддаа хүлээн зөвшөөрөгдсөн нэг хүн Чингис хааны дүрд мөн амжилт гаргасан 9 хүнийг өрлөг баатруудын дүрд хувирган урин залах зэрэг сонин содон үйл явлууд болох юм байна.

Тус арга хэмжээг Соёл, спорт, аялал жуулчлалын яам, New Media Group, Хан-Уул дүүргийн Соёлын Төв, Монголын Хүүхдийн Ордон хамтран зохион байгуулах бөгөөд Аялал Жуулчлалын Үндэсний Төв, “Аялал жуулчлалын холбоо, 21 аймгийн Засаг даргын тамгын газар, Нутгийн зөвлөл, Монгол туургатан ард түмэн,  Монгол улсад суугаа гадаадын элчин сайдууд зохион байгуулалттайгаар оролцохоо илэрхийлээд байгаа аж.

 Уг арга хэмжээ нь жил бүр уламжлал болгон зохиогдох бөгөөд

- Монгол туургатан ард түмэн болон үндэстэн ястанууд өөрсдийн өв соёл, уламжлал, соёл урлаг, ёс заншлыг хойч үедээ танилцуулна.

 - Устаж үгүй болж байгаа Монгол үндэстний хувцас хэрэглэл, ёс заншил, дуу, хөгжим, бүжиг зэрэг соёлын өвийг таниулна.

 - Монгол түмний соёл, ёс заншлыг дэлхий нийтэд сурталчилна.

 - Монгол туургатнууд найзалж нөхөрлөдөг Монгол түмний их баяр болгоно гэсэн зорилтуудыг дэвшүүлж байгаа аж.

 Тус арга хэмжээнд BBC, Bloomberg, AIST, NHK, National Geographic, МҮОНРТВ, Боловсрол суваг ТВ, UBS, MN25, TV5, www.zindaa.mn, www.caak.mn, www.goy.mn зэрэг хэвлэл мэдээллийн байгууллагууд оролцох бөгөөд  баримтат кино бүтээгдэх юм байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top