БОНХ, ШУА байгалийн нөөцийг тогтвортой ашиглах, хамгаалах, нөхөн сэргээх, хүрээлэн буй орчны бохирдол, доройтлыг бууруулах хамгаалах замаар ногоон хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэхэд хамтран ажиллахаар Санамж бичиг байгуулсан. Энэ ажлын хүрээнд болон байгаль орчин, ногоон хөгжлийн бодлого тодорхойлоход шинжлэх ухааны байгууллага, эрдэмтдийг оролцуулах тэдний санал бодлыг сонсох зорилгоор БОНХ-ийн Дэд Сайд Б.Тулга, ШУА-ийн харъяа байгууллага, хүрээлэнгүүдийн үйл ажиллагаатай талууд танилцлаа.
Шинжлэх ухаан, академийн хүрээлэн биологийн, химийн, ботаникийн, гео экологийн, газар зүйн гэсэн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Дэд Сайд Б.Тулга эхлээд Химийн хүрээлэнгийн үйл ажиллагаатай танилцжээ. Химийн хүрээлэн 1961 онд байгуулагдсан 83 эрдэм шинжилгээний ажилтантай. Тэд гадаргын болон бохир ус цэвэршүүлэх, утаагүй түлш турших, цахилгаан станцын нүүрснээс гаргасан үнс ашиглан цемент үйлдвэрлэх зэрэг ажлуудыг хийж байгаагаа танилцуулав. Биологийн хүрээлэнгийнхэн ховордсон ургамлыг эсийн аргаар хэрхэн үржүүлж байгаа, хөхтөн амьтны экологийн лаборатори, генетикийн лабораториа сонирхуулсан юм. Газарзүйн хүрээлэн хөрсний 40-50 үзүүлэлтийг судалсан, хөрсний бохирдол, эвдрэл, чанарын судалгаа хийсэн тухайгаа танилцууллаа. Харин Гео экологийн хүрээлэн БОНХЯ-ны захиалгаар шилмүүст ойн генийн санг хамгаалах, модны үрийн байнгын талбай сонгох судалгаа, Хулдын овгийн загас үржүүлэх боломж туршилт, Тусгай хамгаалалттай газар нутгийн эко системийн үнэ цэнийг тодорхойлох, төлбөрийг тооцох аргачлал боловсруулах судалгаа, “Цөлжилтийг сааруулах технологиуд боловсруулж турших” цөм технологийн төслийг 2011 – 2014 онд хэрэгжүүлэхээ дуулгасан юм. Дэд Сайд хүрээлэнгийн ажилтай танилцах явцдаа дор бүр нь үүрэг чиглэл өгчээ. Хүрээлэнгүүд хоорондын уялдаа холбоогоо сайжруулах, хөрөнгө мөнгө шаардахгүй ажлуудыг эн тэргүүнд хийж гүйцэтгэх, хийж байгаа судалгаагаа нарийвчлан гаргах, судалгааны ач холбогдол, үр дүнг нийтэд мэдээлж байх, хийсэн ажлаа сурталчлан танилцуулах тал дээр анхаарч ажиллаарай гэв. Эдгээр хүрээлэнгүүдийн үйл ажиллагаатай танилцсаны дараа шинжлэх ухааны салбарын эрдэмтэн, ажилтануудтай уулзаж санал бодлыг нь сонссон юм. Тэд ботаникийн хүрээлэнг өргөжүүлэх, үрийн аж ахуйг дэмжин ойжуулалт хийх, загасны аж ахуй байгуулах, Монгол орны ургамалжилтанд үнэлгээ хийх, ургамлыг тарималжуулсан нөхцөлд экспортолдог байх, хүрээлэнгийн ажилтнуудад мэргэжлийн байгууллагын гэрчилгээ, үнэмлэх олгох, нөхөн сэргээлтийн асуудалд эрдэмтдийг оролцуулах, бичил биетний генетик нөөц судлах лаборатори, олон улсын баталгаат лаборатори байгуулах саналтай байгаагаа Дэд Сайд Б.Тулгад хэлж яамны зүгээс дэмжиж ажиллахыг хүсчээ.

Сэтгэгдэл ( 0 )