Шадар сайд асан М.Энхболдын нэрийг барьж 100 сая төгрөг авчээ

Автор | Zindaa.mn
2013 оны 02 сарын 04

УИХ-ын гишүүн асан Д.Дондог нарт холбогдох хэргийг Улсын ерөнхий прокурорын дэргэдэх Мөрдөн байцаах албанаас шалгаж, яллах дүгнэлт үйлдүүлэхээр  Нийслэлийн прокурорын газарт шилжүүлсэн байна. НПГ-аас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн дөрөв дэх хэсэгт зааснаар бүлэглэн, зохион байгуулалттайгаар бусдаас онц их хэмжээний мөнгө залилж авсан гэсэн үндэслэлээр яллах дүгнэлт үйлдэж, Сүхбаатар дүүргийн шүүхэд шилжүүлжээ.

УИХ-ын гишүүн асан Д.Дондог нь 2008 оны УИХ-ын сонгуульд оролцохын өмнөхөн “Меритон” компаниас их хэмжээний мөнгө авчээ. Тус компани нь  хотын “А” зэрэглэлийн бүсэд барилга барих газар хайж байсан бөгөөд газрынхаа асуудлыг шийдүүлэхээр мөнгөө өгсөн нь мөрдөн байцаалтын явцад тогтоожээ.

Үүнээс гадна туслах Д.Сайнбаяр нь Шадар сайд асан М.Энхболдын нэрийг барьж 100 сая төгрөг залилан авсан нь илэрчээ. Тэрбээр цанын бааз байгуулах 100 га газар олж өгнө хэмээн аман тохироо хийж 500 сая төгрөг авахаар болсон ба үүнийхээ урьдчилгаа 100 сая төгрөгийг нь авчээ. Д.Сайнбаяр нь хохирогчид хэлэхдээ Шадар сайд асан М.Энхболд газрыг чинь бүтээж өгнө хэмээн мэхэлдэг байсан аж.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top