Дэлхий даяар жил бүрийн хоёрдугаар сарын 4-ны өдрийг “Олон улсын хавдартай тэмцэх өдөр” болгон тэмдэглэдэг уламжлалтай.
Энэ өдөр хавдар өвчний тухай мэдлэг мэдээллийг олон нийтэд хүргэж, уг өвчнөөс урьдчлан сэргийлэх, эрт илрүүлэх, эмчилгээний талаарх ойлголтуудыг өгөх зорилготой олон арга хэмжээ зохион байгуулагддаг. Манай улсын хувьд жилд нас баралтын шалтгааны 20 хувийг хавдар эзэлж, үхэлд хүргэх аюулаар хоёрдугаарт бичигддэг. Энэ үзүүлэлтээрээ хорт хавдрын өвчлөл манайд дэлхийн дунджаас даруй 10 дахин их байна. Тодруулбал эрэгтэйчүүдийн дунд тохиолдож байгаа нийт хавдрын 40,2%нь элэг, 19,2% нь ходоод, 13% нь уушигны хавдар байгаа бол эмэгтэйчүүдийн дотор тохиолдож байгаа хавдрын 32,1% нь элэг, 19,6% нь умайн хүзүү, 10,7% нь ходоодны хавдар эзэлж байна.
2009 оны байдлаар шинээр оношлогдсон хорт хавдрын 75% нь III,IY үедээ буюу төгс эмчилгээ хийх боломжгүй үе шатандаа эмнэлэгт хандсан нь нэн харамсалтай. Энэ нь хүмүүс эрүүл мэнддээ анхаарал тавихгүй байгаа төдийгүй эрүүл мэндийн талаарх мэдлэг хомс байгаатай холбоотой юм.
Тэгвэл хавдар нь та бидний амьдралын буруу дадал зуршилтай шууд холбоотой бөгөөд та өөрийгөө хавдраас сэргийлэх бүрэн боломжтой. Тодруулбал та дараах зүйлсийг амьдаралдаа хэвшил болгоорой.
Тамхинаас татгалзах: Бүх төрлийн тамхи нь таныг хорт хавдраар өвдөх аюултай. Та өөрөө тамхи татдаггүй ч гэсэн, тамхи татдаг хүний дэргэд байхаас зайлсхийгээрэй. Тамхи татдаг хүмүүсийн ойр орчинд байх нь таныг уушгиний хорт хавдар тусах эрсдлийг нэмэгдүүлэх болно.
Эрүүл хоол, хүнс хэрэглэх: Ургамлын гаралтай хоол хүнс идэж хэрэглэ. Өдөр бүр тав эсвэл түүнээс олон төрлийн жимс, хүнсний ногоо идэж бай.. Жимс, хүнсний ногоо зэргийг хоолондоо нэмүү хэрэглэснээр та жингээ хасаж хянах боломжтой болно. Өдөрт 400 граммаас доошгүй жимс, ногоо хэрэглэ. Жимс, хүнсний ногоо ихтэй хоол хүнс хэрэглэх нь таны бүдүүн гэдэс, улаан хоолой, уушги болон гэдэсний хорт хавдраар өвдөх эрсдэлийг бууруулдаг. Үүний зэрэгцээ таргалалттайгаа тэмц. Ер нь таргалалт бүх өвчний суурь болж өгдөг. Тиймээс өөхгүй, тослог багатай махан бүтээгдэхүүн хэрэглэнэ үү. Өөх тос ихтэй хоол нь илчлэг ихтэй байдаг бөгөөд энэ нь таргалж илүүдэл жинтэй болох, хорт хавдар үүсэх эрсдэлийг нэмэгдүүлдэг юм. Спиртээс бүрэн мөсөн татгалз. Чадахгүй бол ядаж тохируулж хэрэглэ. Та согтууруулах ундааг удаан хугацаанд байнга хэрэглэснээс шалтгаалан ам, залгиур, улаан хоолой, бөөр, элэг болон хөхний хорт хавдраар өвдөх эрсдэл нэмэгдэнэ.
Нарнаас хамгаалах тос хэрэглэж занших: Нарны туяаны нөлөөгөөр үүсдэг арьсны хорт хавдар нь түгээмэл бөгөөд сэргийлэх боломжтой хорт хавдрын нэг юм. Нарны туяа хамгийн их тусах үеэс болгоомжил. Нарны хэт улаан туяаны тусах оргил цаг нь өглөөнөөс 10 оройны 4 цагийн хооронд байдаг. Энэ хооронд наранд байх хугацаагаа багасгаж, нарны тос хэрэглэх нь зүйтэй.
Дархлаажуулалтад хамрагдах: Дархлаажуулалт хийлгэснээр тодорхой хорт хавдраас сэргийлж болно. Тухайлбал сайн дурын болон бүх нийтийн бх дархлаанд хармагдах ёстой. Тухайлбал нярай хүүхэд бүрийг амаржих газарт байхад нь элэгний В вирусын халдварын эсрэг вакцинжуулалтад хамруулаарай.
Үзлэг, шинжилгээнд хамрагдах: Эрүүл мэндээ магадлуулж жил бүр үзлэг, шинжилгээ хийлгэж байх нь хорт хавдрыг эрт илрүүлж амжилттай эмчлэх боломжийг нэмэгдүүлэх болно.
Хэн бүхэн дагаж мөрдөхөд хялбар энэхүү аргачлалыг уншигч та ч гэсэн хэрэгжүүлж, өөрийгөө энэхүү аюулт өвчнөөс сэргийлээрэй.
А.Баярмаа

Сэтгэгдэл ( 0 )