2013 он дуучин Д.Болдын хувьд нөр их хөдөлмөрийн жил болох өнгөтэй байгаа аж. Тэрээр шинэ цомог, хуанлинаас гадна Itunes-т “Монгол поп-2” цомгоо борлуулж эхэллээ. Мөн 2 сарын 2-ны бямба гаригаас “Монгол поп-1” цомог мөн itunes-ээр борлуулж эхэлсэн байна. Ялангуяа ухаалаг гар утсанд зориулсан аппликэйшн бүтээсэн нь Монголын рок попын түүхэнд анхны гэж хэлж болохоор чухал үйл явдал боллоо. Энэхүү аппликэйшнаа “Монгол поп-2” цомгийн хэвлэлийн бага хурлынхаа үеэр танилцуулсан нь өвөрмөц харагдаж байлаа. Энэхүү апп-ыг үнэгүй татаж авах ба iphone гар утсандаа суулгаснаар зураг, дуу, клипийг үнэгүй сонсож боломжтой болох юм. Мөн удахгүй “Монгол поп-2” цомог amazon.com-оор “Монгол поп-2” дэлхий даяар борлуулагдаж эхлэх гэж байгаа аж.
“Монгол поп-2” цомог хэвлэгдэн гарахад Төрийн соёрхолт дуучин Д.Болд “уламжлалгүй шинэчлэл гэж байхгүй” хэмээн хэлсэн. Энэ ч ёсоор “Камертон-2” шоуг санаачлан, продюссерээр нь ажиллаж, авьяаслаг шинэ залуу үеэ гарган ирсэн. “Камертон-2” шоунаас төрөн гарсан дөрвөл энэхүү хэвлэлийн бага хуралд вокал хийж оролцсон нь содон харагдаж байлаа.
Дуучин Д.Болд цомгийн талаарх мэдээлэл өгснийхөө дараа эхний дуу болох “Үүлэн домог” дуугаа амьдаар дуулан сонирхууллаа. Энэхүү хэвлэлийн бага хуралд зориулан дөрвөн дуу дуулах гэж урьд өдрөөс эхлэн амьд хөгжмийн хамтлагтай бэлдсэн гэсэн.
Түүний талаар янз бүрийн яриа байдаг. “Дуулж чаддаггүй”, “хоолой муутай” хэмээн амны зоргоор ярих нь байдаг. Харин энэхүү хэвлэлийн хуралд ирсэн сэтгүүлчид болон фенүүд нь түүний хүчирхэг, цуцашгүй хоолойг сонсон монгол попоор амьсгалсан гэхэд болно. Дуучин Д.Болдын менежер түүний талаар “Тэр өдөр бүр хоолойн дасгал хийдэг. Өдөр бүр тамирчин шиг бэлтгэлийн зааланд бэлтгэл хийж өөрийгөө хөгжүүлдэг. Үнэхээр цуцалтгүй хөдөлмөрлөдөг” гэсэн юм. Itunes болон amazon.com-д цомгуудаа байршуулсан, ухаалаг гар утсанд зориулан аппликэйшн хийж дэлхийтэй хөл нийлүүлж байгаа зэргээс харахад Д.Болд монгол хөгжмийг дэлхийд сурталчлахад өөрийн хувь нэмрээ оруулан явж байна. Ингэж чадаж байгаа нь Монголын рок попод хэд байгаа билээ. Ингэж чадаж байгаа нэгнээ дуулж чадахгүй, буруу хойшоо хэмээн хэлж байгаа нь монголчуудын тамын тогооны үлгэр мөнөөс мөн дөө хэмээн хэлмээр санагдаж байсан.
Зогсолтгүй хөдөлмөрлөдөг энэ залуу тун удахгүй өөрийн R’n B цомгоо сонсогч, фенүүддээ зориулан гаргах гэж байгаа бөгөөд “Монгол поп-2” тоглолтоо мөн тавина гэдгээ энэхүү хэвлэлийн бага хурлын үеэр хэлсэн.
Д.Болдын энэ удаагийн хэвлэлийн хурал нь мэдээлэл өгөхөөс гадна уран бүтээлийн дээжээсээ дуулж сонсгосон, багахан хэмжээний үзэсгэлэн үзэж, цомог болон хуанли хөнгөлөлттэй худалдан авч, гарын үсэг зуруулан, цуг зургаа авахуулах боломжийг олгосон зэрэг олон олон онцлог үйл явдал давхцсан хэвлэлийн бага хурал болж өнгөрлөө.

Сэтгэгдэл ( 0 )