Хөгжлийн бэрхшээлтэй сурагчид үдийн хоол хөтөлбөрт хамрагдана

Автор | Zindaa.mn
2013 оны 02 сарын 05

 

Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны өнөөдрийн  хуралдаанаар Хөгжлийн бэрхшээлтэй иргэний нийгмийн хамгааллын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон дагалдах бусад хуулийн төслүүдийн  эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. Хуулийн төсөлтэй холбогдуулан саналтай гишүүд байгаагүй тул уг хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хураалт явуулсныг гишүүдийн олонхи дэмжлээ.

Энэхүү хууль батлагдсанаар 16 хүртэлх насны хүүхдийн хөгжлийн бэрхшээлийг нарийн мэргэжлийн эмч, боловсролын болон нийгмийн хамгааллын байгууллагын төлөөлөгчдөөс бүрдсэн эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгааллын комиссын шийдвэрээр тодорхойлон тогтоох юм. Түүнчлэн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд үзүүлэх нийгмийн халамжийн үйлчилгээг тодруулах зорилгоор ерөнхий боловсролын тусгай сургуулийн суралцагч нарт үдийн хоол өгөх, дотоодын рашаан, сувилалд сувилуулахаар явж буй хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд нэг талын унааны болон эрхийн бичгийн үнийн зардлыг 100 хувь нөхөн олгох юм. Мөн протез хийлгэх гэж бол хөнгөлөлт эдлэх зэрэг хэд хэдэн хөнгөлөлтийг тусгасан байна.

Нэгэнт эцсийн хэлэлцүүлгийг хийсэн тул энэхүү хуулийн төслийг УИХ-ын нэгдсэн чуулганаар хэлэлцэн батлах нь тодорхой боллоо.  Бид энэ талаар эргэн мэдээлэх болно.

А.Баярмаа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top