МИАТ-ын статусыг өөрчлөх бололтой

Автор | Zindaa.mn
2013 оны 02 сарын 05

 

Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн  хуралдаанаар “Иргэний нисэхийн салбарыг хөгжүүлэх талаар төрөөс баримтлах бодлого батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. Эцсийн хэлэлцүүлгийн үеэр “МИАТ” компанид үндэсний агаарын тээвэрлэгчийн статус олгох гэсэн заалтыг тогтоолын төсөлд оруулах эсэх асуудлаар санал хураалт явуулсан. Зам тээврийн сайд А.Гансүхийн тайлбарласнаар, Олон улсын иргэний нисэхийн байгууллагын зөвлөмжид улс бүр үндэсний агаарын тээвэрлэгчтэй байх талаар тусгасан байдаг юм байна. Үндэсний аюулгүй байдал, агаарын тээврийн аюулгүй байдлыг хангах үүднээс улс орнуудад төрөөс үндэсний агаарын тээвэрлэгчээ урт хугацаагаар дэмжин ажиллуулж, өөрийн орны төрийн далбааг нааж ашиглах зөвшөөрөл олгох тухай ч зөвлөмжид дурдсан байдаг аж. Хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дээрх саналыг дэмжсэн. Одоо энэ асуудлыг УИХ-ын нэгдсэн чуулганаар хэлэлцэх юм. Гэвч олонх, цөөнхийн байр суурь энэ асуудалд зөрүүтэй байгаа тул ямар шийдвэр гарах нь тодорхойгүй байна.

Дээрх асуудлын дараагаар “Улаанбаатар хотыг 2020  он  хүртэл  хөгжүүлэх ерөнхий  төлөвлөгөөний  тодотгол”-ыг батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, ажлын хэсгээс танилцуулсан дөрвөн саналыг томьёоллоор санал хураалт явууллаа. Нутаг дэвсгэрийн тэнцвэрт хөгжлийг хангах, Улаанбаатар хотын хэт төвлөрлийг сааруулах зорилтын хүрээнд аймаг, сум, хот, тосгодыг хөгжүүлэхэд баримтлах бодлогын чиглэлийг тодорхойлж, УИХ-ын 2013 оны намрын ээлжит чуулганд багтаан танилцуулах гэсэн дөрвөн томьёоллоор санал хураалт явуулсан нь дэмжигдсэн юм. Мөн хуралдаанаар Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Газрын тосны бүтээгдэхүүний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийн, Уул уурхайн сайд Д.Ганхуягийн гаргасан уг тогтоолын төслийг анхны хэлэлцүүлгээр батлах горимын саналыг дэмжин чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар боллоо.

А.Баярмаа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top