Монголын Залуучуудын Холбоо сар шинийн баярыг тохиолдуулан өнөөдөр МХЗЭ-ийн Төв Хороонд ажиллаж байсан үе үеийн ахмадуудаа хүлээн авч хүндэтгэл үзүүллээ. Жил бүр зохион байгуулагддаг уг үйл ажиллагаанд 70 орчим ахмад буурал ирсэн бөгөөд тэдний хамгийн ахмад нь буюу 90 настай Ж.Жамсран гуай ирж алтан сургаалиа хайрлаж МЗХ-нд өөрийн гаргасан “Миний амьдрал тэмцлийн 90 нас” номоо бэлэглэлээ.
Мөн 1947 онд 20 настайдаа МХЗЭ-ийн Төв Хороо, түүний хэвлэл “Залуучуудын үнэн”, “Пионерийн үнэн” сонин сэтгүүлийн газар бичээч, тусгай тасгийн эрхлэгч, нийтлэлч, архивч зэрэг ажлыг 40-өөд жил хийсэн Эвлэлийн тэргүүний ажилтан Д. Дулмаа гуай ирсэн бөгөөд тэрбээр: “Бидний залгамж халаа болсон эрч хүчтэй, цог жавхаатай залуучууддаа ажлын улам их амжилтыг хүсэн ерөөе. Ахмадууд биднийг хүлээн авч хүндэтгэл үзүүлдэгт үргэлж баярлаж бас энэ өдрийг тэсэн ядан хүлээдэг шүү. Та нар минь бидний үргэлжлэл” гэж хэллээ.
А.Баярмаа

Сэтгэгдэл ( 0 )