Хүүхдийн сургалт хүмүүжлийн тусгай төв шинэ байртай болно

Автор | Zindaa.mn
2013 оны 02 сарын 07

Хүүхдийн асрамж халамжийн төвөөс  насанд хүрээд  гарч байгаа төрөөс зайлшгүй   анхаарал шаардлагатай залуучуудын асуудал  1995 оноос хойш  нийгмийн салбарын хүрээнд  яригдаж  байгаа боловч тодорхой шийдэлд хүрч чадахгүй өнөөг хүрчээ. Энэ асуудлыг шийдвэрлэхээр  Хүүхдийн сургалт хүмүүжлийн тусгай төвийн харъяанд   "Залуучуудын мэргэжлийн сургалтын төв"-ийг нээхээр болжээ. Тус төвийн барилгын  ажлын явцтай Нийслэлийн Засаг даргын  Хөдөлмөр эрхлэлт, нийгмийн хамгааллын асуудал  хариуцсан орлогч дарга Ц.Буяндалай  танилцаж, гүйцэтгэгч компанид тендерийн хугацаанд барилгыг ашиглалтанд хүлээлгэн өгөхийг үүрэг болголоо.

 Энэ төв нь нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг  40 орчим  хүүхдийн  асрамж халамжийн төвд амьдарч, сурч, хүмүүжиж байгаа, өнчин, насанд хүрээд очих  орон гэр байхгүйн улмаас  төрөөс зайлшгүй халамж анхаарал шаардсан 18-21 насны   залуучуудыг тодорхой хугацаанд орон байраар хангах,  сурч амьдрах, мэргэжлийн чиг баримжаатай болгон нийгэмшүүлэх,   хөдөлмөрийн зах зээлд зуучлах зорилготой, нийгмийн цогц үйлчилгээний загвар төв болох юм  гэж Нийслэлийн Засаг даргын дэргэдэх Хүүхдийн сургалт хүмүүжлийн тусгай төвөөс мэдээллээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top