Үндэсний Статистикийн хорооноос Монгол Улсын хүн амыг тоолдог албан ёсны “хүн амын цаг”-ийг түр хугацаагаар зогсоожээ. Хэдхэн сарын дараа манай улс 3 сая дахь иргэнээ хүлээж авахаар тооцооллын ажил хийж байгаа тул хүн амын цагийг зогсоосон байна.
Монгол Улсын нэг сая дахь иргэн 1962 оны хоёрдугаар сард төрсөн бол хоёр сая дахь иргэн 1988 онд мэндэлсэн юм. Тухайн үед хоёр сая дахь иргэн, түүний чацуутнаар хот, хөдөөд 25 хүүхдийг тодруулж байжээ. Үндэсний статистикийн хорооноос Монгол Улсын гурван сая дахь иргэн 2015 оны хоёрдугаар улирлын эхээр төрнө гэж тооцоолоод байгаа. Хэрэв 2014 онд хүн амын цэвэр өсөлт 71 мянгад хүрвэл оны төгсгөлд гурван сая дахь иргэн төрөх магадлалтай гэж үзжээ. Гурван сая дахь иргэн төрсөн өдөр мэндэлсэн бүх хүүхдүүдэд Засгийн газраас гурван сая төгрөгийн тэтгэмж үзүүлэх, нийслэлийн есөн дүүрэг, 21 аймаг тус бүр гурван сая дахь иргэнээ тодруулан, орон сууц буюу түүнтэй тэнцэх мөнгөн шагналаар шагнах юм.
Б.Баярмаа

Сэтгэгдэл ( 0 )