Хятадын шоронд 15 жил ял эдэлсэн ч тодорхой шалтгаангүйгээр дахин хоригдох болсон Өвөрмонголын сэтгүүлч Хадаагийн эхнэр Шинна БНХАУ-ын ерөнхийлөгч Ши Жин Пинд захидал бичжээ. Тэрбээр нөхөртэйгөө уулзалгүй удаж байгаа тул түүнийг амьд байгаа эсэхэд эргэлзэж байгаагийн дээр Хятадын хууль, хяналтынхнаас тэдний гэр бүлд үзүүлж буй дарамтыг тэсч гарахад хэцүү байгаагаа илэрхийлжээ. Шиннаг нөхрийнхөө ажиллуулж байсан номын дэлгүүрийг нээсний дараа шалтгаангүйгээр баривчилсан бол хүү Үйлсийг нь хар тамхи наймаалсан гэж гэрийн хорионд оруулжээ. Хүү Үйлс нь аавыгаа анх шоронд ороход дөрвөн настай байсан ч өнөөг хүртэл хамт амьдрах боломж олдоогүй байна. Тиймээс тэрбээр сүүлийн аргаа барж, цөхөрч байгаагаа бичээд дараах гурван зүйлийг Ерөнхийлөгч Си Зинь Пинээс шаардсан байна. Түүний захиаг бүрэн эхээр нь хүргэж байна.
“Өвөрмонголын эрх баригчид одоо хүртэл биднийг Хадаатай уулзахыг зөвшөөрөхгүй байна. Үнэхээр зэвүүцэл төрмөөр. Түүнийг шоронд байхад бид хоёр удаа эргэж очсон. Харин энэ хар гянданд /“Хар гяндан” гэдэг нь Хятадын аюулгүй байдлын албаны хуулиас гадуур эрх бүхий хорих төвийн сүлжээ (www.wikipedia.com)/ шоронд байснаас илүү нөхцөл байдал муудлаа. Миний хүү Үйлс түүнтэй уулзахаар очиход юу ч асуулгүй хөөгөөд гаргасан.
Бид одоо Хадаагийн талаар маш их санаа зовж байна. Үйлсийг тэнд очиход Хадааг гадаа гарч дасгал хийхийг зөвшөөрдөггүй байсан гэсэн. Бид түүнийг өөр газар руу шилжсэн эсэх мөн амьд байгаа талаар юу ч мэдэхгүй. Өнгөрсөн долдугаар сараас хойш түүнтэй уулзахыг зөвшөөрөөгүй нь хачин. Хар гянданд орсноос хойш Хадаагийн сэтгэц доройтсон нь бидний санааг зовоож байна. Одоо болохоор гэнэт л түүнтэй уулзуулахаа больчихлоо. Үйлс аавыгаа харахаар хоёр хоног тэнд байсан ч дасгалын үеэр Хадааг огт олж хараагүй. Түүнийг өвчин туссан байх гэж бодож байна. Бидэнтэй уулзуулахгүй байгаа нь ямар нэг шалтгаантай л байж таарна.
Энэ бол хүлээж авч боломгүй, ёс зүйгүй, хүний эрх зөрчсөн үйлдэл. Гэр бүлийнхэнтэйгээ уулзах бол хүний үндсэн эрх. Ганцхан Хадаа ч биш, манай гэр бүлийнхэн бүгд Хятадад тийм ч элбэг тохиолддоггүй шударга бус явдлаас болж зовж байгаа.
Би Ерөнхийлөгч Си Зинь Пинээс гурван зүйлийг шаардаж байна.
Нэгд, Бидний гэр бүлийн эрхийн дагуу Хадаатай уулзахыг зөвшөөр.
Хоёрт, Түүнийг даруй сулла, хууль ёсны дагуу шүү.
Гуравт, Миний хүү Үйлсэд тулгасан хар тамхи наймаалсан гэх хэргийг цуцал” гэжээ.
Хадаа нь сэтгүүлч мэргэжилтэй бөгөөд 1992 онд бусад өвөрмонгол оюутнуудын хамт “Өвөрмонголын ардчилсан нийгэмлэг”-ийг байгуулж, тэргүүнээр нь ажиллаж байжээ. Ингэхдээ Өвөрмонголын шашны болон соёлын өвийг хамгаалах, өвөрмонголчуудын нийгмийн болон улс төрийн эрхийн төлөө тэмцэх зорилго тавьжээ. 1995 онд Хөх хотод Хятадын Засгийн газраас Хятадын үндсэн хуульд бичигдсэн монголчуудын эрхийг биелүүлэхийг шаардсан жагсаал зохион байгуулжээ. Тэр даруй түүнийг “тагнуулчтай нийлж улс орныг хагаралдуулсан” гэж баривчилж 15 жил хорьсон юм. Хадаагийн ялын хугацаа 2010 оны 12 дугаар сард дууссан ч дахин “онц аюултай” гэснээс өөр тодорхой шалтгаангүйгээр баривчилжээ.
Эх сурвалж: www.smhric.org

Сэтгэгдэл ( 0 )