...Амьдармааргүй байна, надад амьдрах итгэл алга, хайртай охин минь намайг хаячихлаа, аав ээж минь, надаас болж зовж байна.... энэ мэтчилэн бага насны хүүхдүүдийн амиа хорлох шалтгаан олон. Тоо баримтаас харахад жилд амиа хорлож байгаа хүмүүсийн 10-15 хувь нь өсвөр насны буюу 12-16 насны хүүхдүүд байна. Энэ нь ихэвчлэн нийгмийн байдал, гэр бүлийн орчноос шалтгаалсан сэтгэл гутралд орсоноос болж гарсан хэргүүд байдаг. Түүнчлэн аав ээжийгээ үнэтэй гоё гутал хувцас, гар утас авч өгсөнгүй гэж тунирхахдаа алтан амиа егүүтгэх тохиолдлууд жил ирэх тусам нэмэгдсээр байна. Нэгэн жишээ дурдья. 2005 оны үед арван жилийн хүүхдүүдийн амьдралыг харуулсан “Нэг ангийнхан” нэртэй кино хүүхдүүдийн сонирхлыг ихээхэн татсан. Тэр үеэр нэг хүү найз охинтойгоо кино үзэхээр тохиролцжээ. Харин тэгтэл хүүгийн аав ээж нь түүнийг нь зөвшөөрөөгүйн улмаас угаалгын өрөөндөө хоолойгоо боомилж нас барсан тохиолдол байдаг. Тэр хүү кино үзэж чадаагүйдээ амиа хорлов уу? аль эсвэл тэр найз охиндоо кино үзүүлж чадаагүйдээ амиа хорлов уу? Ямар ч байсан түүнд амьдрах итгэл найдвар үлдсэнгүй бололтой. Харин сүүлийн жилүүдэд энэ тоо өссөн ч шалтгаан нь арай өөр тийшээ хэвийсэн мэт.
Амиа хорлох гээд бүтэлгүйтсэн хүмүүс ГССҮТ-д өдөрт 4-5 ирж эмчлүүлдэг. Тэдний дунд заавал ч үгүй нэг хүүхэд байдаг гэнэ. Тэдгээрийн нэг болох амиа хорлох гээд бүтэлгүйтсэн охины цагдаад өгч байгаа хариулт нь маш энгийн. Аав ээж нь түүнд шинэ хувцас авч өгөөгүйгээс болж амьдрах хүсэлгүй болсон гэнэ. Энэ нь хүмүүст “тэнэг” юм шиг харагдаж байгаа бол тухайн хүүхдэд амьдралаас бүр мөсөн явах шалтгаан нь болж өгчээ. Том хүмүүс том зовлонтой. Жижиг хүн жижиг зовлонтой гэж манайхан тоглоом мэтээр ярьцгаадаг. Гэтэл үнэхээр тэр жижиг хүмүүст маш их зовлон ил далд нуугдаж байдаг юм шиг. Бид зовж байгаа хүүхдийг нөгөө л ажил хийж эцэг эхийгээ тэжээдэг, гудамжинд гуйлга гуйж суугаа хүүхдээр төсөөлдөг. Гэтэл өнөөдөр таны хүүхэд ч ямар нэгэн байдлаар сэтгэл гутралд шаналж яваа ч юм билүү. Сүүлийн үед бүх юм мөнгөөр хэмжигдэж, нэгэн үе гар утас хэрэглээ гэгдэж байсан бол өнөөдөр буцаад гангараа маяг руу орсон мэт. Өнөөгийн нийгэмд гар утастай гэхээсээ илүү I phone 5.6 гэх мэт утас бариагүй хүүхэд хүүхэд биш болж үеийнхнийхээ нүдэнд харагддаг болжээ. Энэ бол зүгээр л нэгэн жишээ. Гар утаснаас өөр үнэтэй үнэгүй гутал хувцасны ялгаа ч их. Үүнийгээ эцэг эхээсээ нэхэж авч чадахгүй хүүхүүд сэтгэл гутралд орох тохиолдол бий. Тэдгээр хүүхдүүдийн толгойд “Бүх хүүхдэд ийм зүйл байхад надад л байхгүй” гэсэн бодол бүр мөсөн буусан байдаг. Нөгөө талаас хэтэрхий баян айлын хүүхдүүд амиа хорлох тохиолдол нэлээд байдаг аж. Тэдэнд харин гар утас, үнэтэй хувцас, гутал цүнх аль нь ч дутаагүй. Зүгээр л тэд хийх юм олдохгүйгээс ийм зүйл хийх нь элбэг. Яагаад гэвэл тэдэнд бүх зүйл нь хангалттай байдаг учраас тэдэнд хийх, хүсэх, тэмүүлэх зүйл байдаггүй. Ийм байдал бас л сэтгэл гутралыг бий болгодог гэнэ.
Үүнд хэн буруутай вэ? Насан туршдаа хүүхдийнхээ төлөө юугаар ч дутаахгүй гэж бүхнийг цуглуулсан эцэг эх үү? Аль эсвэл хүүхдээ хоосон хонуулчихгүй юмсан гэж тааралдсан бүх ажлаа хийж үрдээ бүхнийг зориулсан эцэг, эх үү? Эсвэл баян ядуугийн ялгаа хэтэрхий их гарах болсон өнөөгийн нийгэм буруутай юу? Аль нь ч байсан энэ бүгд манай улсын эмгэнэл болж байна.
Ж.Тэргэл

Сэтгэгдэл ( 1 )
15-35 насныханд зориулсан Өндөр болгох нууц номыг Интерном, Голдэн бүүк, Аз хур, Алтантөгрөг, Мажестик, Мир номын дэлгүүрийн бүх салбараас худалдан аваарай. Үнэ: 22 000₮