Монголд зэвсэг импортлодог ганцхан компани байдаг

Автор | Zindaa.mn
2014 оны 11 сарын 07

 Орон даяар галт зэвсэг тоолох ажлыг жил бүр явуулдаг. Өнгөрсөн жилийн тухайд манай улсад 44000 галт зэвсаг тоологдож байсан бол энэ жил 47000 болон өссөн байна. Манайд гадаадаас галт зэвсэг импортолдог ганцхан компани байдаг. Мөн гадаадад хоёроос дээш жил амьдарч байсан иргэн нэг удаа галт зэвсэг оруулж ирэх эрх нээгддэг байна.

Хууль бус, өөрийн эзэмшлийн биш галт зэвсгийг биедээ авч явсан тохиолдолд цагдаагийн газраас эрүүгийн хэрэг үүсгэн шалгадаг юм байна. Харин зөвшөөрөлтэй ч гэсэн хэн нэгэн өөр хүний нэр дээр бүртгэлтэй галт зэвсэг авч яваад ямар нэгэн гэмт хэрэгт холбогдсон тохиолдолд тухайн галт зэвсгийн эзэн болоод ашигласан хүмүүс хоёулаа хэрэгт холбогддог гэдгийг ЦЕГ-аас сэрэмжлүүллээ.

Өнгөрсөн жилийн тухайд галт зэвсэгтэй холбоотой гэмт хэрэг 37 гарсан байна. Харин энэ он гарсаар галт зэвсэгтэй холбоотой гэмт хэрэг 22 гарчээ. Эндээс хүний амь нас хохирсон хэрэг 1, хүнд гэмтсэн хэрэг 5, хууль бусаар авч явсан хэрэг 2, дээрмийн хэрэг 1, танхайрах төрлийн гэмт хэрэг 2 хууль бусаар ан хийсэн хэрэг 10 гарсныг цагдаагийн газар илрүүлсэн байна. Хүний амь хохирсон хэргийг тодруулбал энэ сарын 4-ний өдөр Архангай аймгийн нутаг дэвсгэрт галт зэвсгийн ашиглах горим алдагдуулсанаас болж өөрийгөө буудсан хэрэг гарчээ. Энэхүү өөрийгөө буудсан хэргийг Архангай аймгийн цагдаагийн хэлтэс шалгаж байгаа аж.

Ж.Тэргэл

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top