Манай улсад цаасан дээр буусан хэрнээ амьдрал дээр хэрэгждэггүй цөөнгүй хууль байдаг. Тэдгээрийн нэг нь агаар бохирдуулагчдад эрүүгийн хариуцлага тооцох тухай заалт. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23 дугаар бүлгийн 202 дахь хэсэгт үйлдвэр, үйл ажиллагааны улмаас ялгарсан хүний эрүүл мэнд, байгаль орчинд хортой бодисыг цэвэршүүлэхгүйгээр хаясан бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 51-100 дахин нэмэгдүүлсэн мөнгөн дүнгээр торгох, эсвэл 3-6 сар хүртэл хугацаагаар баривчлах шийтгэл байдаг байна.
Харин агаарыг хүний эрүүл мэнд, байгаль орчинд хортой бодисоор бохирдуулсны улмаас үлэмж хэмжээний хохирол учирсан бол албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрхийг нь гурван жил хүртэл хугацаагаар хасах, эсвэл хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 101-250 дахин нэмэгдүүлсэн мөнгөөр, эсвэл хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял онооно хэмээн заасан байдаг байна. Гэхдээ агаар бохирдуулсан хэргийг хуулийнханд гомдол, санал ирүүлсэн тохиолдолд шалгах үүрэгтэй байдаг аж. Агаарын бохирдол нь нэг хүн, албан байгууллагын асуудал биш нийтийг хамарч байгаа асуудал болохоор энэ хууль хэрэгжихдээ асуудал дагуулаад байгаа юм. Жишээ нь гэр хороолол болон машины утаа зэрэг нийтийг хамарсан агаарын бохирдлын асуудлыг өнөөдрийг хүртэл шийдээгүй энэ хуулийн хэрэгжилтэнд нөлөөлдөг гэсэн дүгнэлтийг албаны эх сурвалж гаргажээ.
Д.Солонго

Сэтгэгдэл ( 0 )