Хөвсгөлд бохир усны 19 хувийг л цэвэршүүлдэг

Автор | Zindaa.mn
2014 оны 11 сарын 26

Бохир ус цэвэрлэх байгууламжуудын шүүсэн усанд хийсэн хяналт шалгалтын дүнг МХЕГ-ын даргын зөвлөлийн хурлаар танилцууллаа. Шалгалтанд нийслэлд үйл ажиллагаа явуулж байгаа цэвэрлэх байгууламжийн цэвэршүүлсэн бохир уснаас нийт 56 сорьц авч шинжлүүлсэн бөгөөд 21 аймгийн ахуйн бохир ус цэвэрлэх байгууламжийн цэвэршүүлсэн бохир усанд үнэлгээ дүгнэлт өгсөн байна. Шалгалтанд хамрагдсан аймгуудын цэвэрлэх байгууламжууд бохир усыг 19-77 хувиар цэвэрлэж байгаа аж. Орхон аймгийн цэвэрлэх байгууламж бохир усыг 77 хувь цэвэрлэдэг бол Хөвсгөл аймгийн хувьд 19 хувийг нь цэвэрлэж байна гэсэн дүгнэлт гарчээ.

Энэхүү шалгалтаар хяналт шинжилгээнд хамрагдсан цэвэрлэх байгууламжуудын 64,3 хувь нь механик цэвэрлэгээ хийдэг бөгөөд дотоод хяналт шалгалт хангалтгүй, цэвэрлэгээний үр дүн стандартын дагуу шаардлага хангахгүй байгаа юм байна. Мөн аймгуудын бохир ус цэвэрлэх байгууламжид цэвэршүүлсэн бохир усыг хөрсөнд шингээх байдлаар хаядаг бөгөөд аймгуудын цэвэрлэх байгууламжийн ойролцоох хөрсөнд хийсэн нян судлалын шинжилгээгээр 72,7 хувьд их бохирдолтой, үлдсэн 27,2 хувьд дунд зэргийн бохирдолтой гэсэн ангилалд хамаарч байгаа юм байна. Иймээс нийслэл болон аймгуудын ахуйн бохир ус цэвэрлэх байгууламжуудийн цэвэрлэгээний үр дүн хангалтгүй байгаагаас нийслэлд Туул голын усны бохирдлын түвшин нэмэгдэж, хүн амын эрүүл мэндэд сөрөг нөлөөлөх түвшинд хүрсэн гэж мэргэжилтнүүд дүгнэж байна.

Ж.Уранмандал

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top