Н.Эрхэмжаргал: Байгууллагын дүрэмт хувцсаар дагнасан нь манай давуу тал

Автор | Zindaa.mn
2019 оны 02 сарын 26

Монгол хүн бүрийн биеийн онцлогт тохирсон, хөдөлгөөн хорихгүй, биед наалдацтай албан байгууллага хамт олны өнгө имиджийг бүрдүүлэгч “Мандухайн гоёл” ХХК 2006 оноос хойш үйл ажиллагаа явуулж иржээ. Энэ хугацаанд захиалагчийнхаа хүссэн загварыг, түүнд тохирох материалаар тухайн хүний бие галбирт төгс зохицох цор ганц загварыг нийлүүлж ирсэн юм. “Мандухайн гоёл” ХХК-ийн үүсгэн байгуулагч Н.Эрхэмжаргалтай байгууллагын үйл ажиллагаа болон цаашдын зорилгын талаар товч ярилцлаа. 


-“Мандухайн гоёл” ХХК үүсгэн байгуулагдаж байсан түүхээс ярилцлагаа эхлэе?

-“Мандухайн гоёл” салоны суурь нь 2006 оноос тавигдсан. Түүнээс хойш “Мандухайн гоёл” таван жилийн хугацааг үдэж байна. Анх зөвхөн хувь хүнээс захиалга авч ажилладаг байсан бол одоо байгууллагын ажилчдын дүрэмт хувцас оёх үйлчилгээг түлхүү үзүүлж байгаа. Одоогоор манай салон нь албан байгууллага, сургууль, цэцэрлэг гэх мэт байгууллагуудад дүрэмт хувцас хийж үйлчилж байгаа. Хамгийн анх дүүтэйгээ хоёулаа хамтарч, оёдлын нэг машин, хэрээсний нэг машинтай ажиллаж эхэлж байлаа. Харин өнөөдөр бидний үйл ажиллагаа улам өргөжин тэлсэн байгааг харахад сэтгэл хангалуун байдаг. Цаашдаа бид үйлдвэрлэлээ улам өргөжүүлж, материалаа өөрсдөө шууд үйлдвэрээс нь оруулж ирэх зорилготой ажиллаж байна. 

-Ажлын хувцас өөрийн гэсэн стандарттай байдаг байх. Танай байгууллага дүрэмт хувцасны стандарт дээр ямар туршлага нэвтрүүлж ажилладаг вэ?

-Байлгүй яахав. Размераар ажлын хувцас хийж худалдах нэг өөр, харин тухайн хүний биед тааруулж хувцас хийх нэг өөр. Манай салон размераар ажлын хувцас хийхээс илүүтэйгээр тухайн хүний биед суусан, яг таарсан хэмжээгээр ажлын хувцас хийхийг илүүд үздэг. Ажлын хувцасны материал нь биед наалдацтай, сууж босоход чөлөөтэй, суналттай байх хэрэгтэй. Загварын хувьд хэт их задгай байх нь стандартад нийцдэггүй. Урт, богино нь өвдөгнөөс бага зэрэг дээгүүр, буюу түүнээс урт байж болно. Энгэр захны ухлаас хэт задгай биш гэх мэтчилэн шаардлагууд байдаг л даа. Хэтэрхий богино бол сууж, тонгойж босоход биед эвгүй байх асуудал байдаг. Ерөнхийдөө биед суулт сайтай материалаар хийх шаардлагатай. Өнгөний хувьд оффис хувцас нь тогтмол өмсдөг хувцас учир хэт цайвар байх нь тухайн хүндээ хэрэглэхэд хэцүү байдаг. Тогтмол өмсдөг дүрэмт хувцас амархан бохирдоно, байнга угаавал өнгө алдана гэх мэт төвөгтэй. Тиймээс өнгөний хувьд төв хар, хар хөх, өнгө голлодог.

-Ажлын хувцас хийх шийдвэрийг яагаад гаргасан юм бол... Магадгүй зах зээл нь илүү өргөн байх?

-2013 оноос эхлэн оффис болон байгууллага хамт олны дүрэмт хувцас дагнан хийж эхэлсэн. Анхны захиалгаа Улсын их дэлгүүрээс авч байсан. Тэндээс л ажлын хувцас хийх гараа эхэлсэн. Тухайн үед Улсын их дэлгүүр хар өмд, хар хантааз, цагаан цамц өмсөхыг шаарддаг байсан юм. Тэнд ажиллаж байсан охид ганц, нэгээрээ захиалга өгч байсан нь удалгүй албан ёсны захиалга болж ирсэн. Үүнээс хойш "Улаанбаатар" их дэлгүүр, "Номин" их дэлгүүр, "Бишрэлт" Трэйд, "Говь хангай мебель" болон сургууль, цэцэрлэгүүдэд дүрэмт хувцсыг нь хийж эхэлсэн. 

Манай нэг оёдолчин өдөртөө 4-5 дүрэмт хувцас оёно. Ерөнхийдөө 100-200 хүний хувцас хамгийн багадаа 14 хоногт гардаг. 

-Ажлын хувцасны загварыг байгууллагууд өөрсдөө гаргадаг уу?

-Ихэвчлэн би өөрөө гаргадаг. Тухайн захиалга өгсөн байгууллагатай загвараа ярилцаж тохиролцсоны үүднээс загвараа гардаг. Захиалга өгсөн байгууллагын онцлогийг харуулж, уялдаа холбоотой хувцасны загвар гаргахыг хичээдэг.  Манай салон оффис загварын хувцас, үндэсний хувцас, чөлөөт загварын хувцас, байгууллага хамт олны дүрэмт хувцас хийж, нийлүүлдэг. 

-Жишээлбэл, 100-200 хүнтэй байгууллагын хувцсыг хэдий хугацаанд бэлэн болгох вэ?

-100-200 ажилчинтай газарт махлаг ч хүн бий, туранхай ч хүн бий. Гаднаас импортоор орж ирж байгаа хувцаснууд размер, тоо ширхэг нь таарахгүй байх тохиолдол олон. Тиймээс биеийн хэмжээ авч хийдгээрээ манайх давуу талтай гэж хэлж болно. Тухайн хүндээ яг тааруулж оёно гэсэн үг. Жишээ нь, даашинз захиалсан байлаа гэж бодъё. Тэгвэл манай нэг оёдолчноос өдөртөө 4-5 ширхэг даашинз гарна. Ерөнхийдөө 100-200 хүний даашинз хамгийн багадаа 14 хоног юм уу, түүнээс дээш хугацаагаар гардаг.

-Материалаа хаанаас сонгож авдаг вэ?

-Монгол Улс даавуу үйлдвэрлэгч орон биш учраас энэ тал дээр бэрхшээлтэй байдаг. Ихэвчлэн Хятад, Өмнөд Солонгосоос оруулж ирсэн биед суулттай, оффис хувцас хийхэд тохиромжтой материалаар ажлын хувцсаа оёдог. Яг үүн шиг хийлгэмээр байна гээд үйлчлүүлэгч захиалсан тохиолдолд материалыг нь олж, санал болгодог. 

Энэ дашрамд, Үндэсний үйлдвэрлэлээ хөгжүүлэхэд төрийн оновчтой бодлого үгүйлэгдэж байна гэдгийг хэлмээр байна. Уг нь үндэсний үйлдвэрлэгчид маань нэгдэж, хөгжих юм бол бүтээгдэхүүний чанар ч сайжирна, хүмүүс ч үндэсний үйлдвэрийн бүтээгдэхүүнээ хэрэглэж сурна. Улмаар гадагш урсах мөнгөний урсгал багасч, хөрөнгө оруулалт дотооддоо үлдэх нэг нөхцөл болж, улс орны эдийн засаг ч сайжирна гэж хардаг.

-Тухайлбал, та бүхэнд ямар дэмжлэг хамгийн чухал байна?

-Ер нь байгууллагуудын захиалгаар бөөний үйлдвэрлэл явуулахад тендер гэж будилаантай зүйл нэлээд саад болдог гэж болно. Ажлын хувцас ч, сургуулийн хүүхдүүдийн биеийн тамирын хувцасны хувьд ч төрөөс үндэсний үйлдвэрлэлээ дэмжсэн бодит бодлого гаргаж, хүчин чадалд нь тааруулан хуваарилж, захиалдаг тогтолцоонд шилжих юм бол их сайн хэрэгжих хөрс суурь нь энэ зах зээлд бүрдсэн гэж үздэг.   

-Цаашдын зорилгоо хэрхэн тодорхойлж байна вэ?

-Манай крмпани нь зарим тохиолдолд оффис хувцас хийх үедээ бараа материалын дутагдалд орох үе гардаг. Эрэгтэй, эмэгтэй хос хувцас олноор нь захиаллаа гэхэд монголоос материал олдохгүй байх тал бий. Аливаа материалаа болж өгвөл өөрийн нүдээр харж авахыг зорьдог. Одоогоор материалаа эндээсээ татаж байна, шаардлагатай материалыг үйлдвэрээс нь захиалдаг. Олон хүнтэй байгууллагууд байнга хүн нь нэмэгдэж, хасагдаж байдаг учраас нэмэлт захиалга өгөхөд заавал тэр материалын нөөцтэй байх ёстой. Бага зэрэг код зөрөхөд материал хоорондын ялгаа харагддаг. Ийм учраас үйлдвэрийн кодтой даавууг үйлдвэр дээрээс захиалах  нь бидэнд маш чухал байдаг. Бид өнөө үеийн загварын шийдлийг гаргасан шинэлэг, загварлаг, чанартай бүтээгдэхүүнийг сэтгэл ханамжийн өндөр түвшинд оёж урлан, бүх төрлийн хувцасны чиг хандлагад өөрсдийн зүгээс бодит хувь нэмэр оруулахыг үргэлж зорьж ирсэн. Энэ зорилгынхоо хүрээнд оффис хувцасны нэрийн барааны дэлгүүртэй болох зорилго тавин ажиллаж байна.  

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Hishgee(182.213.170.181) 2019 оны 02 сарын 27

Amjilt husyee

0  |  0
Top