Замбийн шүүх “Кангалуви” төслийг хэрэгжүүлэх нь зүйтэй гэж үзлээ

Автор | Zindaa.mn
2019 оны 10 сарын 28

Замби улсын Лусака хотын шүүх Замбезийн үндэсний дархан газарт хамаарах газрын яг дунд орших “Кангалуви” зэсийн төслийг хэрэгжүүлэх нь зүйтэй гэж үзлээ. Тодруулбал сүүлийн 10 жилийн хугацаанд тус улсын олон нийт, байгаль хамгаалах байгууллагууд Замбезийн үндэсний дархан газрын экосистемийг алдагдуулна гэх шалтгаанаар “Кангалуви” төслийг шүүхэд өгөөд байсан юм. Замби болон Зимбабве улсын хилийн шугам дагуу орших дээрх төслийг Австралийн “Замбези Ресурс” компани эзэмшдэг бөгөөд Дубайд төвтэй “ Гранд Ресурс” компан хоёр гаруй сая австрали долларын хөрөнгө оруулж үйл ажиллагаагаа эхлүүлэх гэж байсан билээ.

Замбийн өмнөх Засгийн газар 2014 онд уг төслийг байгаль орчны холбогдох хууль тогтоомж зөрчиж байна гэж үзэн олборлолт хийх хугацааг нь түр хойшлуулаад байсан билээ. Улмаар Замбийн Байгаль орчны яам “Канаглуви” төслийг шүүхэд өгсөн юм. “Замбези Ресурс” компанийн мэдээлж буйгаар хүрээлэн буй орчинд нөлөөлөх ямар нэгэн сөрөг үр дагавар байхгүй, Замбезийн үндэсний дархан газарт үйл ажиллагаа явуулахын тулд орчин үеийн нөхөн сэргээлтийн технологи нэвтрүүлнэ гэж удаа дараалан мэдэгдсээр байсан аж. “Кангалуви” төсөл олон нийтийн шүүмжлэлд өртөн шүүхээр яваагүй бол 2018 онд үйл ажиллагаагаа эхлэх төлөвлөгөөтэй байсан юм.

“Хэрэв үнэхээр үйл ажиллагаа явуулах ёстой гэж үзэж байгаа бол Байгаль орчны яам, Уул уурхайн яам, Уул уурхайн зохицуулах хороотой хамтраад Замбезийн үндэсний дархан газрын хойд хэсэгт үзүүлэх байгаль орчны нөлөөлөх судалгааг дахин хийлгэх ёстой. Түүнчлэн ил уурхайн бүтээн байгуулалтын төлөвлөгөөг ч дахин шинэчлэх нь зүй” гэж Замбезийн үндэсний дархан газрын захиргаанаас гаргасан мэдэгдэлд дурджээ.

Кангалуви төслийн ойр орчимд орших Замбезийн дархан газар нь 4.09 мянган км газар нутгийг хамран орших үндэсний дархан газар юм. Энэ газарт заан, усны үхэр, ирвэс, арслан, одос үхэр зэрэг ховор амьтдаас гадна 400 гаруй зүйлийн шувуу нутагладаг ажээ. Дэлхийн байгаль хамгаалах сан байгууллагаас гаргасан тайланд дурдсанаар заавал аварч, хадгалж үлдэх ёстой дархан газруудын тоонд оруулсан байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top