ШИНЭ ЭГЭЛ: Ковид бидний амьдралыг өөрчилсөн ЗУРГААН жишээ

2021 оны 02 сарын 08

Энэ жилийн Цагаан сар урьдынх шиг өргөн дэлгэр болохгүй. Айсуй энх цаг ирсэн хойно ч олуулаа хэрэн хэсэж, үнсэж золгох ёс үлдэх эсэх нь эргэлзээтэй. Өөр бас юу өөрчлөгдөх вэ? Хамтдаа тунгаацгаая.

ХААН Банк #ШинэЭгэлд хамтдаа цувралын хүрээнд бэлтгэгдэж буй хоёр дахь нийтлэлийг хүргэе.


  1. Сэтгэлийн амар амгалан

    “McKinsey & Company”-ын өнгөрсөн арваннэгдүгээр сард дэлхий даяар явуулсан судалгаагаар асуулгад оролцсон нийт ажилчдын 62 хувь нь Ковидын улмаас сэтгэл зүйн эрүүл мэндийн асуудалтай учирч буйгаа хуваалцжээ. Монгол Улс энэ чиглэлийн тайлан гаргадаггүй ч ДЭМБ, олон улсын байгууллагуудын томоохон судалгаануудаас түүвэрлэхэд, Ази, Номхон далайн орнуудаас сэтгэл гутралын түвшингээр долдугаарт бичигддэг бол архинд донтох, сэтгэл түгших, архаг ядаргаанд орох зэрэг сэтгэл зүйн эмгэгээр гуравдугаарт жагсдаг аж. Харин цар тахлаас улбаалж алба, амины асуудал аль алинд санаа зовоох, сэтгэл түгшээх зүйлс мундахгүй болсон тул зовнил улам нэмэгдэж буйг хүн бүр хувьдаа анзаарч байгаа нь дамжиггүй. Тиймээс сэтгэл хөдлөлөө удирдах, өөрийгөө тайвшруулах, цаашилбал энэ чиглэлийн мэргэжилтнүүдэд хандаж сурах нь Ковидоос үлдэх нэг хичээл болох магадтай. Эрүүл мэндээ анхаарах, амар тайван байх хандлага нь зан чанар гэхээс илүүтэй зайлшгүй суралцах ёстой чухал чадвар гэж Дэлхийн эдийн засгийн форумаас онцлон нэрлэсэн нь ч бий.
     
  2. Хаанаас ч ажиллаж болно

    Ингэж хэлэх нь шинэ юм биш. Гэхдээ “дижитал нүүдэлчин” болох тухай ойлголт зөөврийн компьютероо үүрээд  дулаан газар луу тэмүүлдэг програмистууд, арилжаачдад голдуу хамаардаг байсан бол цар тахлын хөл хорионы үеэр хэн ч, хаанаас ч ажлаа явуулах боломжтой нь батлагдсан гэж хэлж болно. “Boston Consulting Group”-ын “Ирээдүйн ажлын байр” судалгаа ч үүнийг харуулсан бөгөөд нийт ажлын байрууд биеэр ирж ажиллах болон зайнаас ажиллах горимуудыг хослуулсан, гибрид шинжтэй болох талаар таамаглажээ.
     
  3. Давхар хамгаалалт

    Амны хаалт зөвхөн эмнэлгийн ажилтнууд, амьсгалын замын өвчтэй хүнд зориулагдсан гэх ойлголт нэгэнт эвдэгдэж, бүх дэлхийн шинэ хэвшил болсон нь өнгөрсөн жилийн сонирхолтой үзэгдлүүдийн нэг байлаа. Тэр ч бүү хэл амны хаалтаа давхарлан зүүхийн сацуу спиртийн уусмалтай таарах бүртээ гараа ариутгах нь дадал болж тогтжээ. Үүнийг дагаад хувийн ариун цэврээ сахин хамгаалах хэвшил нэн чухал болсон нь бас нэг өөрчлөлт юм.
     
  4. Дижитал оршихуй

    Зөвхөн ажил хэргийн орчин цахим руу шилжсэн үү гэвэл үгүй. Цахимаар найзуудтайгаа уулзах, тоглолт үзэх, үзэсгэлэн хэсэх, болзоонд явах, хичээл хийх, илтгэл сонсох, иогаар хичээллэх гээд ер юм бүхнийг хийх боломжтой байсан нь өдгөө харин эгэл жирийн зүйл болж тогтжээ. Гэхдээ халдвар хамгааллын дэглэм баримтлах, бусдаас зай барих дүрмээс үүдсэн эл хандлага амьд харилцааг үгүй хийх аюултай тухай ихэнх маань анхаарч эхэлсэн ч нөгөө талаас биднийг ойртуулж буй ганц бодит зүйл болчихоод буй нь маргаангүй.
     
  5. Цахим золголт

    Цар тахлын улмаас настан буурлууд магад хамгийн ихээр ганцаардаж буй болов уу. Жил дараалан учран золгох боломжгүй болсон ураг төрөл, настан буурлуудтайгаа цахимаар цаг товлон уулзах нь хялбар төдийгүй хамгийн боломжит хувилбар. Ингэхдээ:
  • Хамаатан садан, ойрын хүмүүстээ Цагаан сараа цахимаар золгох тухай урьдчилж мэдээ дуулгах
  • Аль өдөр, хэрхэн холбогдох тухай тохиролцох
  • Ахмад буурлууддаа цахимаар холбогдоход нь тусалж, утасны нэгж, дата бэлэглэх, дансанд нь бэлгээ шилжүүлэх гэх мэтээр цахим золголтыг таатай өрнүүлж болно.
  • Цар тахлын улмаас иргэдийн дунд банк, санхүүгийн үйлчилгээ авах хэрэгцээ эрс нэмэгдэж, үүнтэй зэрэгцэн олон үйлчилгээ цахим руу шилжин, илүү найдвартай бөгөөд хялбар байдлаар өөрчлөгдөж байна. Бэлэн мөнгөний хэрэглээг бууруулж, гараас гарт дамжих харилцааг багасгахад тань цахим шилжилтээр тэргүүлэгч ХААН Банк тусалж чадна.

      6. No хуурамч мэдээ, Yes эх сурвалж

11.00 цагийн Эрүүл мэндийн яамны мэдээлэл бидний өдөр тутмын амьдралын нэг хэсэг болсон гэхэд хилсдэхгүй. Эмч нарын үгийг анхаарал тавин чагнаж, тэдэнд итгэдэг болсон. Хуурамч мэдээлэлд автахгүй байж, баттай эх сурвалжууд хийгээд мэргэжилтнүүдийг үнэн сэтгэлээсээ сонсдог болсон нь нэг ололт ч байж болох юм. Цар тахал гарах хүртэл мэргэшсэн хүмүүсийг үл ойшоох хандлагатай байсан бол одоо бүгд л мэргэжилтнүүдийн үгийг л анхаардаг болов. Үүнээс улбаалан цаашид нийтээрээ ул суурьтай, ямар ч мэдээллийг шүүлтүүртэй хүлээж авдаг дадалтай болно гэдэгт итгэцгээе.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top