Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Сангийн сайд Б.Жавхлан тэргүүтэй албаны хүмүүс ХААН Банкны Нарантуул тооцооны төвд зочилж, Ажлын байрыг дэмжих 3 хувийн хүүтэй зээл олголтын явцтай танилцлаа. Энэ үеэр ХААН Банкны Гүйцэтгэх захирал Р.Мөнхтуяа, Иргэдийн банк хариуцсан дэд захирал Д.Ариунбат нар зээлийн олголт, явцын тухай товч мэдээлэл өгсөн юм.
ХААН Банкны Гүйцэтгэх захирал Р.Мөнхтуяа “Манай банк 557 салбар нэгжтэйгээс зөвхөн Нарантуул салбарт гэхэд 312 харилцагч 35 тэрбум төгрөгийн зээлийн хүсэлт ирүүлсэн. Банкны зүгээс сүүлийн хоёр жилийн турш худалдаа, хөдөө аж ахуй, үйлчилгээ, үйлдвэрлэлийн салбарт үйл ажиллагаа явуулдаг иргэн, ААН-ийн зээлд түргэн шуурхай шийдвэр гаргах зорилгоор брэнч марк гаргасан. Ингэснээр харилцагчийн дансны гүйлгээний түүх болон санхүүгийн сахилга батад тулгуурлан цахимаар зээл олгох боломжийг бүрдүүлээд байна. Өөрөөр хэлбэл, Нарантуул зах дээр гутлын лангуутай хүн байлаа гэж бодоход тухайн харилцагчийн харилцах данс болон борлуулалтын орлогыг зээлийн системд оруулаад үзэхэд авч болох зээлийн хэмжээ, бодит эрэлтийнх нь хэмжээг 5-10 минутын дотор тооцоолоод гаргаад ирдэг болсон гэсэн үг.
ХААН Банкны хувьд зээл олгох явцад бүрдүүлэх материалд ордог бүртгэлийн гэрчилгээ болон харилцагчийн гарын үсгийг цахимаар баталгаажуулах боломжийг бий болговол харилцагчдад тулгамдаад буй банк руу олон дахин ирж очих асуудлыг шийдэх бүрэн боломжтой. Засгийн газрын ХУР, ДАН, E-Mongolia хөтөлбөрт манай банк холбогдчихсон байгаа. Цахимыг илүү сайн сайжруулаад ялангуяа ДАН систем идэвхтэй болох үед бид энэ системээс харилцагчийн бүрдүүлж ирээд байгаа материалуудыг шууд татаж авдаг болчихвол зээлийн шийдвэр гаргалт илүү хурдан болох боломж байна гэж харж байна” гэв.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн зүгээс Засгийн газраас хэрэгжүүлж буй хөнгөлттэй нөхцөл бүхий “Ажлын байрыг дэмжих зээл”-ийг олгоход харилцагчдад тулгарч буй бэрхшээлүүдийг эргэн харж, иргэдэд аль болох хүндрэл учруулахгүй, шуурхай шийдэх боломжийг эрэлхийлнэ гэдгээ онцоллоо.
Хэрэв бизнес эрхлэгч та энэхүү зээлд хамрагдах хүсэлтэй бол ЭНД дарж шаардлагатай бичиг баримтыг бүрдүүлэн өөрт ойр салбар нэгжид шууд хандан материалаа өгч судлуулах боломжтой. Ингэснээр зээлийн явцыг илүү шуурхай болгож, олон дахин банк руу очих шаардлагагүй болно.
Энэхүү хөнгөлөлттэй зээлийг жижиг дунд үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгжүүд болон бичил бизнес эрхлэгч иргэдэд зориулан ажлын байраа хадгалах, бизнесийн үйл ажиллагаагаа тогтвортой явуулахад шаардлагатай эргэлтийн хөрөнгийг санхүүжүүлэх зорилгоор гурван жилийн хугацаатай олгохоос гадна банкнаас ижил зориулалтаар авсан зээлийн үлдэгдлийг дахин санхүүжүүлж буй.