Хаан Банк нээлттэй хувьцаат компани болох төлөвлөгөөгөө Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороонд хүргүүлэв

Автор | Zindaa.mn
2021 оны 06 сарын 30

Энэ оны нэгдүгээр сард Монгол Улсын Их Хурлаар Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг баталж, системийн нөлөө бүхий арилжааны банкуудыг Хөрөнгийн биржид бүртгэлтэй, нээлттэй хувьцаат компанийн хэлбэртэйгээр үйл ажиллагаа явуулах тухай тусгасан билээ.

Энэхүү нэмэлт өөрчлөлт болон Монголбанкны Ерөнхийлөгч, Санхүүгийн зохицуулах хорооны даргын хамтарсан тушаалаар батлагдсан “Банкийг хувьцаат компани хэлбэртэйгээр өөрчлөн байгуулах, хувьцаа эзэмшигчдийн бүтэц, хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээг өөрчлөх, төлөвлөгөө хүргүүлэх, тайлагнах, хянах журам”-д зааснаар банкууд 2021 оны долдугаар сарын 1-ний өдрийн дотор Монголбанк болон Санхүүгийн Зохицуулах Хороонд төлөвлөгөөгөө хүргүүлж, хянуулах үүрэгтэй.

Энэ үүргийнхээ дагуу ХААН Банкийг нээлттэй хувьцаат компани болгон өөрчлөх  төлөвлөгөөг Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн, Санхүүгийн Зохицуулах Хорооны дарга Д.Баярсайхан нарт 2021 оны зургадугаар сарын 30-ны өдөр ХААН Банкны Гүйцэтгэх захирал Р.Мөнхтуяа болон удирдлагууд хүлээлгэн өглөө.

 

Top