Нидерландын Хөгжлийн банкнаас ХААН Банканд 120 сая ам.долларын, урт хугацаат зээлийн санхүүжилт олголоо

2021 оны 09 сарын 21

Нидерландын Хөгжлийн банк (FMO) нь дэлхийд нэр хүнд бүхий томоохон хөгжлийн банкууд болон санхүүгийн байгууллагуудтай хамтран ХААН Банканд 120 сая ам.долларын урт хугацааны зээлийн санхүүжилт олгох гэрээнд талууд өчигдөр гарын үсэг зурлаа.

Хамтарсан зээлийн санхүүжилтийн хувьд зохион байгуулагч Нидерландын Хөгжлийн банк (FMO) 61.4 сая ам.доллар, Германы Хөрөнгө оруулалт, хөгжлийн банк (DEG) 17 сая ам.доллар, Францын Хөгжлийн банк “Proparco” 26 сая ам доллар, Олон улсын хөрөнгө оруулалтын банк (IIB) 13 сая ам.доллар, Щвейцарийн “Atlantic Forfaiting AG” компани 2.6 сая ам.долларын эх үүсвэрийг 5-7 жилийн хугацаатай ХААН Банканд олгож байгаа юм.

Нидерландын Хөгжлийн банк (FMO) ХААН Банктай 2009 оноос хойш хамтран ажиллаж ирсэн бөгөөд дөрөв дэх удаагаа ийнхүү хамтарсан санхүүжилттэй, урт хугацаат зээлийн эх үүсвэр босгож банкны өсөлт, хөгжлийг хангахад чухал үүрэгтэй оролцож ирсэн билээ.

Цар тахлын үеийн эдийн засгийн хүндрэлтэй энэ цагт ийнхүү 120 сая ам.долларын санхүүжилт амжилттай босгосон нь хоёр банкны урт хугацаат түншлэлийн харилцааг бататгах, ХААН Банкны ирээдүйн өсөлт хөгжилд хөрөнгө оруулагчид итгэл үзүүлж буйн илрэл билээ.

Энэхүү санхүүжилтийн 80 сая ам.долларыг жижиг дунд бизнес эрхлэгчдийг дэмжих, 20 сая ам.долларыг ногоон зээл, төслүүдийг санхүүжүүлэх, үлдсэн 20 сая ам.долларыг банкны бусад төрлийн зээлийн үйл ажиллагааг санхүүжүүлэхэд зориулах юм.

ХААН Банк улс орны эдийн засагт голлох нөлөө үзүүлдэг жижиг дунд бизнесийг бодлогоор дэмжин ажиллаж ирсэн төдийгүй зөвхөн зээлийн бүтээгдэхүүн санал болгохоос гадна Бизнес дэмжих төвөөрөө дамжуулан харилцагчдыг чадавхижуулах, сургах, зөвлөгөө өгөх зэрэг санхүүгийн цогц үйлчилгээ үзүүлэн ажиллаж байна. Тухайлбал, 2020 оны байдлаар жижиг дунд бизнес эрхлэгч 2,500 харилцагчид 1.7 их наяд төгрөгийн зээл олгосон нь нийт зээлийн багцын 33 хувийг эзэлж байна. Энэ удаагийн хамтарсан санхүүжилтийг авснаар бид орон даяар үйл ажиллагаа явуулж буй жижиг дунд бизнес эрхлэгчдээ илүү өргөн хүрээнд, хүртээмжтэй, таатай нөхцөлөөр  дэмжих боломжтой болж байгааг дуулгахад таатай байна.

Мөн түүнээс гадна ХААН Банк нийгмийн хариуцлага, тогтвортой хөгжлийн бодлогын хүрээнд байгаль орчинд ээлтэй бизнесийг дэмжих, уур амьсгалын өөрчлөлтөд нөлөөлж буй хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах, эрчим хүчний хэмнэлт, үр ашгийг дээшлүүлэх ногоон төсөл, үйл ажиллагааг дэмжин “Ногоон зээл”-ийн бүтээгдэхүүнүүдийг харилцагчдадаа санал болгож ирсэн. Хамтарсан санхүүжилтийн хүрээнд байгальд ээлтэй үйл ажиллагаа, эко бүтээгдэхүүнийг дэмжих ногоон зээлийг харилцагчдадаа  илүү уян хатан, таатай нөхцөлөөр санал болгож эх дэлхийдээ хамтдаа хувь нэмрээ оруулах боломжтой болсонд талархалтай байна.

Top