Хөнгөн атлетикийн танхимын ДАШТ-ий сонин хачнаас

Админ | Zindaa.mn
2022 оны 03 сарын 22

Ц.Энхтүвшин, Таван Цагариг

Гуравдугаар сарын 18-20-нд Сербийн Белград хотноо хөнгөн атлетикийн танхимын дэлхийн аварга шалгаруулах  18 дахь удаагийн тэмцээн явагдаж, өндөрлөлөө. 1995 оноос эхлэн хоёр жил тутам зохиогдох болсон энэхүү тэмцээнд энэ удаа 137 орны 680 тамирчин , 26 зай, төрөлд хурд, хүчээ сорив.

Тэдний дунд "Токио-2020" олимпын аваргууд, дэлхийн рекордыг эзэмшигч цөөнгүй тамирчид байсан нь тэмцээний  нэг ёсны " чимэг" боллоо.

Мэдээж ойрын зайн уралдаан бол хөнгөн атлетикийн аль ч тэмцээний хамгийн сонирхолтой, хамгийн оргил нь болдог. Энэ удаа ч Белградын Stark Arena ордонд эрэгтэйчүүдийн спринтэд жинхэнэ дуэль боллоо. "Заалны" ДАШТ-д 100 метр байдаггүй, 60м хөтөлбөрт байдаг. Алтын төлөө гол өрсөлдөөн "Доха-2019" дэлхийн аварга АНУ-ын Кристиан Коулмэн, "Токио-2020" олимпын 100м-ийн аварга Италийн Ламонт Жэйкобс нарын хооронд болох нь тодорхой. Өнөө цагийн "дэлхийн хамгийн хурдан" хоёр гэсэн үг.

Америк гүйгч допингийн эсрэг дүрмийн зөрчлөөс болоод "Токио-2020" олимпод оролцоогүй бол итали эр Токиод тодорсон. Энэ удаа 60 м-т хамтдаа хурд сорив. Гайхалтай, Кристиан гараанаас гараад тэргүүлж явсан бариан дээр Ламонт дайрч зэрэг барианд оров. Хоёулаа 6,41 секундын амжилт үзүүлж. Ялагчийг фотофинишээр тодруулахад Ламонт Жэйкобс түрүүлжээ. Ингээд Олимпын аварга маань "азтай аварга", "тохиолдлын аварга" гэх мэт олон шүүмжид амаараа биш " ажил хэргээрээ" хариу өгч, танхимын дэлхийн аварга боллоо.

Гэхдээ ирэх зун Америкт, Кристиан Коулмэний нутагт болох хөнгөний ДАШТ-ий 100м-т түрүүлж байж "дэлхийн хамгийн хурдан хүн" гэдгээ батална даа.

Эмэгтэй 60 м Швейцарийн гүйгч, конго эцэгтэй , ДАШТ-ий 200м-ийн зайн хүрэл медальт Мужинга Камбунжи 6,96 секунд хурдалж, анхны томоохон цолоо авлаа.

Эрэгтэйчүүдийн тулгууртай харайлтад Шведийн Мондо Дюплантис хэрхэн харайхыг бас догдлон догдлон харлаа.

2 жилийн өмнө тэрбээр 6 м 15 см харайж, дэлхийн рекордыг эвдсэн. Токиод  6 м 02 см гэсэн даруухан амжилт үзүүлсэн ч олимпын аварга болж чадсан бөгөөд  хэдхээн хоногийн өмнө буюу гуравдугаар сарын 7-нд (танхимд) өөрийн тогтоосон рекордоо 6 м 19 см болгосон. Тэгвэл энэ удаа 6м 20 см харайж, дэлхийн рекордыг дахин шинэчиллээ. Ийнхүү Дюплантис гадаа талбайн (6м 15 см) болон танхимын (6 м 20 см) тулгууртай харайлтын дэлхийн рекордыг эзэмшиж байна. Харин түүнд дэлхийн аваргын алтан медаль үгүй...

Бас нэг гайхалтай дэлхийн рекордыг Венесуэлийн алдарт гурвын харайгч, олимпын аварга,  дэлхийн хошой аварга, дэлхийн рекорд амжилтын эзэн (15 м 67 см) Юлимар Рохас тогтоолоо.

Белградад венесуэл бүсгүй 15 м 74 см харайж, танхимын дэлхийн рекордыг шинэчиллээ. Аргагүй л агуу харайгч юм даа.

За тэгээд эмэгтэй 400м "гаршсан" Бахамын гүйгч, олимпын хошой аварга Шона Миллер  өөрийн зайдаа торолгүй түрүүлж байхад эрэгтэй 1500 м-ийн олимпын аварга, Норвегийн Якоб Ингебритсен мөнгө дээр бууж байна.

Бас нэг энэ тэмцээний од нь Украины өндрийн харайлтын тамирчин Ярослава Магучик. Түүний гол өрсөлдөгч, эмэгтэй өндрийн харайлтад сүүлийн 10-аад жил ноёрхож буй, "Токио-2020" олимпын аварга, дэлхийн гурван удаагийн аварга (2015, 2017, 2019), танхимын ДАШТ-ий хошой алтан медальт ОХУ-ын Мария Ласицкене та бидний мэдэх "шалтгаанаар" тэмцээнд оролцох боломжгүй болсноор Магучикт ихээхэн боломж гарсан билээ. 2019 оны ДАШТ дээр орос, украин бүсгүйчүүд ёстой "гал гарсан" өрсөлдөөн үзүүлж, (хоёулаа 2м 04 см харайсан ч оролдлогын тоогоор цөөн Ласицкене алт авсан) тэр үед 18 нас дөнгөж хүрч байсан Ярослава мөнгө зүүж, хашир туршлагатай Мария гуравдахь удаагаа дэлхийн аварга болж байсан билээ. Өнгөрсөн жил Токиод тэд дахин өрсөлдөж Мария алт, харин Ярослава хүрэл медаль хүртсэн. Шагнал гардсаныхаа дараа хоёр бүсгүй хамтдаа зургаа татуулж, Украинд Ярославаг орос тамирчинтай зургаа авахуулсан хэмээн буруутгаж, бүүр заналхийлж, ОХУ-ын ДУМ-ын гишүүн Магучикт улс төрийн орогнол олгох боломжтой хэмээн мэдэгдэж, багагүй л шуугиан болж байсан санагдана.

Тэгвэл энэ удаа тэр гол өрсөлдөгч нь байхгүй ч сэтгэл зүйтэйгээ өрсөлдсөн гэхэд болохоор. Улс оронд нь дайн болж буй болохоор арга ч үгүй биз. 1 м 92 см  дээгүүр хоёр оролдлого хийж байж гарах жишээтэй. Дараа нь 2 м захиалга дээр ёстой л явж дууссан. Сүүлчийн гуравдахь оролдлогоороо л Ярослава энэ өндрийг давав. Дараа нь харин 2 м 02 см дээгүүр эхний оролдлогоор давж, дэлхийн аварга боллоо. Энэ удаа танхимын. Хэдхэн сарын дараа "жинхэнэ" дэлхийн аварга болох боломж дүүрэн нээлттэй байна. Учир нь тэнд Ласицкене бас л "байхгүй". Уг нь улс төр гэж "гай" үгүй бол, дайн хэмээх аймшиг гараагүйсэн бол өнөө цагийн дэлхийн шилдэг өндөрт харайгч бүсгүйчүүд болох Ласицкене, Магучик нарын ганган өрсөлдөөнийг шимтэн үзэх байлаа даа...

Танхимын ДАШТ-д ОХУ, Беларусын тамирчид оролцох эрхгүй байсан. Мөн Косовогийн нэг тамирчин оролцсон ч  тус улсын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрдөггүй 70 гаруй орны нэг Сербид тэмцээн болж буй тул аюулгүй байдлын үүднээс зохион байгуулагчид Косовогийн далбааг мандуулсангүй нь бас л хэл ам болж байна. Болдогсон бол энэ улс төрийг спорттой ойртуулахгүй байх юм сан.

Багийн дүнгээр "Белград -2022" хөнгөн атлетикийн танхимын ДАШТ-д 4 алт, 3 мөнгө, 2 хүрэл медаль хүртсэн Этиофийн баг тэргүүлж, 3 алт, 7 мөнгө, 9 хүрэл авсан АНУ, 2 алттай Бельги эхний гуравт бичигдлээ. Нийтдээ 31 орны тамирчин медаль хүртсэн бөгөөд  хөнгөн атлетикаар дэлхийд дээгүүр ордог Германы баг ганц ч медальгүй хоцорч байх юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top